solongonews
Цар тахлыг цахимаар давж, хоёр орны сэтгүүлчид нэгдлээ
2020-07-16 15:53
Солонго аялал Авга нутгаар...

Холыг ойртуулж, хорвоог товчилдог технологийн шинэ эрин үед хоёр газар битгий хэл, хил дамнасан хоёр орны иргэд ч дэргэдээ байгаа мэт ойр дотно харилцах болсныг хэлэхэд урамтай. Цахим харилцаа холбоо нийгмийн бүхий л салбарт ашиглагдах болсны дунд хэвлэл мэдээллийн салбар ч хамрагдах нь гарцаагүй. Иймд Өвөр Монголын Солонго мэдээллийн төв идэвхтэйгээр шинийг санаачилж, хил дамнасан хамтарсан сурвалжилгыг цахим хэлбэрээр амжилттай туршин явуулсныг энд онцлон дурдахад таатай байна.

Дэлхийг нөмөрсөн цар тахал манай төвийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонго аялал” арга хэмжээнд хүндрэл учруулсан боловч энэ нь бидний хувьд “бэрхшээлийн боломж болгон ашиглах” сайхан завшааныг олгосон. Тодруулбал аяллын хүрээнд манай сэтгүүлчид Өвөр Монголд ажиллаж, суралцаж, аж төрж байгаа Монгол Улсын иргэдтэй хамтран Өвөр Монголын хөдөө орон нутгаар сурвалжлан аялдаг байсан бол энэ удаад цар тахлын улмаас тийм боломж хараахан олдохгүй хэсэгтээ гачигдаж байсан билээ. Улмаар бид Монгол Улсын сэтгүүлчидтэй цахимаар холбогдох шинэлэг аргыг туршихаар болсон нь мэдээж бидний хувьд цоо шинэ туршилт, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хувьд ч хамтын ажиллагааны цоо шинэ арга хэлбэр байсан юм.

Ингээд Солонго мэдээллийн төвийн 4 сэтгүүлчээс бүрдсэн аяллын баг маань Монгол Улсад бидэнтэй холбогдохоор бэлэн болсон сэтгүүлчдийнхээ хүсэлт хүлээлтийг тээн 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга нутгийг зорьж билээ.

Монголын талын сэтгүүлчдийн бэлтгэл хангалттай байсныг хэлэх үү, хоёр талын дарга удирдлагын ажлын зохицуулалт сайн байсныг ярих уу, Авга нутгийн малчдын амьдралын орчин нөхцөл, хөдөө орон нутгийн сүлжээ холбоо сайтай байсныг ч хэлэх үү бүх боломж нөхцөл бүрдэж цахимаар хамтран сурвалжлах ажил маань урагштай, урамтай өрнөж эхэлсэн юм. Авга нутгийн малчдын уламжлалаа хадгалахын зэрэгцээ орчин үеийн техник технологид суурилсан шинэлэг мал аж ахуйн арга хэлбэрүүд Монгол Улсын сэтгүүлчдийн сонирхлыг татан, асуулт хариулт, яриа хөөрөө санаж сэхэхийн завдалгүй цаг хугацааг урсгасаар 07 дугаар сарын 08-ны өглөө бид аяллынхаа сүүлчийн өртөө буюу Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн малчин Насантогтохынд буусан юм.

Бадамгордын Насантогтохынх гэдэг энэ айл ам бүл олуулаа гэх боловч үр хүүхдүүд нь өрх тусгаарлан, ажил албанд гарч, гэрийн эзэн Насантогтох, гэргий Улаанцэцэг, ач охины хамт найман ханатай гэртээ налайн жаргана.

“Сурахад хязгааргүй” гэдэг. Жарын давааг өгсөж, зажийн үс нь бууралтсан ч сурч мэдэхэд хойш суулгүй хичээхийн зэрэгцээ эцэг эхээс өвлөсөн уламжлалт монгол ур ухаан, эвлүүлж хуримтлуулсан энгүй өргөн мэдлэг мэргэжлээ үр хүүхэд, залуу багачууддаа уйгагүй зааж уламжилж яваа Даржаагийн Улаанцэцэг гэгч энэ сайхан эгчийг Монгол Улсын үзэг нэгт сэтгүүлч ахан дүүстэй уулзуулах тэр өдрийг бид үнэхээр ихээр тэсэн ядан хүлээсэн юм.

Үдээс хойш 15:00 цагт цахимаар холбогдохоор товлоод байсан учраас эртлэн очсон бид хэд гэрийн эзэдтэй дотно танилцаж, аж амьдралтай нь танилцаад амжсан. 

Зочинсог монгол зангаараа Улаанцэцэг эгч бидэнд цай, цагаан идээ бариад нэрмэл нэрж, шинэ сархад амсуулахаар ажиллаж эхэллээ. Тэрээр нэрмэл нэрэхийн хажуугаар сониуч хүүхдүүд шиг өөрийг нь “сүүлдэн” эргэлдэх бид хэдэд нэрмэл нэрэхийн ур ухааныг ярьж тайлбарлаж байлаа.

- Би хар багаасаа ээжийгээ дагаж архи нэрж сурсан. Аав маань архинд жаахан дуртай хүн байсан. Гийчин зочин ирэхээр архи голдуу барина. Айраг, тараг, архийг бараг л цайнаасаа өмнө барьдаг байлаа гэж ярихын дээр Улаанцэцэг эгч нэрмэл нэрэх бүх явцыг бидэнд газар дээр нь харуулж, ярьж тайлбарлаж билээ. Адилхан хөдөөний хүүхэд хэрнээ бид энэ бүгдийг сураагүй, харж ч байгаагүй. Бага байхаас л жил цагаан сард хэрэглэх архи, сархдаа дэлгүүрээс авдаг байсан юм. Энэ тухай Улаанцэцэг эгч ярихдаа:

- Биднийг залуу үед манай нутагт монгол архи нэрж, уух хүн цөөрсөн /Өвөр Монголчууд ерөнхийдөө л бүгд адилхан/. Нийгмийн хөгжлийг дагаад биеийн амрыг боддог ч болсон уу, амьдрал сайжирч аливаа зүйл элбэг болсноос ч юм уу бэлэн юм худалдаж авах нь их болсон. Биднийг бага байхад амьдралд шаардлагатай зүйлсээ боломжийнхоо хэрээр өөрсдөө хийдэг байлаа. Жил цагаан сард хэрэглэх архиа ч өөрсдөө нэрнэ. 80-аад оноос хойш ерөнхийдөө л бэлэн юм ашиглах болсноор бид ч дагаад архи нэрэхээ больсон. Одоо ингээд нас яваад ирэхээрээ хуучин уламжлалаа сэргээе гэж бодох боллоо. Харин үнээний сүүний цагаан идээгээ бол таслахгүй хийсээр л ирсэн. Өвөл ч гэсэн үнээгээ сааж цайны сүүгээ авдаг. Би өөрөө одоог болтол худалдааны сүүгээр цай сүүлж үзээгүй хүн гэлээ.

Эднийх хотын орон сууцнаас дутуугүй тохилог, тансаг байшинтай хэдий ч байшингийнхаа хажууд монгол гэрээ барьж, уламжлалт заншлаараа тохижуулан, эмээл хазаар, чөдөр, ногт, ширдэг гудас, авдар эргэнэг бүх тавилгыг хуучин уламжлалаараа байрлуулсан нь бидний анхаарлыг татлаа. Энэ тухай тэрээр ярихдаа:

- Би өөрөө монгол гэрт өссөн учраас маш их хайртай. Нөхөр бид хоёр таван ханатай гэрт гэрлэсэн. Амьдрал сайжирч зургаан ханатай гэртэй болсон. Бүр сүүлдээ найман ханатай гэрт амьдрах болсон. Өнөөдөр ийм сайхан угалз сийлбэртэй найман ханатай тансаг гэртэй боллоо. Ширдэг дэвсгэр бүгд хуучин янзаараа. Миний өөрийн залуу үедээ ширж байсан ширдэг, миний ээжийн ширж өгсөн ширдэг хүртэл байдаг. Байшинтай болсон ч хаяандаа заавал гэрээ барьдаг үзэл баримтлалыг нөхөр маань ч дэмждэг гэлээ.

Бид энэ сайхан монгол гэрт нь Монгол Улсын сэтгүүлчидтэй цахимаар холбогдлоо. Тэд Улаанцэцэг эгчийн урласан үйл оёдол, боловсруулсан цагаан идээ зэргийг сонирхон гэрийн эздийн ажилсаг хөдөлмөрч занг шагшин магтаж байлаа.

Адилхан мал аж ахуйн орны хувиар Монгол Улсын сэтгүүлчид Өвөр Монголын малчдын малын тоо толгой, бэлчээр нутгийн хэмжээ, малын бүтээгдэхүүний орлого, зах зээлийн үнэ, малчин айлын хөдөлмөр хүч, дэд бүтэц, төрийн бодлогын дэмжлэг зэрэг асуудлыг илүү сонирхож байлаа. Тэдний хувьд хөдөө орон нутагт амьдарч байгаа малчдын амьдралын орчин нөхцөл, гэр байшингийн тохижуулалт, дэвшилтэт технологийг мал аж ахуйдаа хэрхэн ашиглаж байгаа байдал зэрэг нь үнэхээр гайхалтай санагдаж байсан нь илт байв.

Улаанцэцэг эгч олон төрлийн цагаан идээ боловсруулж худалдан, амьдралынхаа орлогыг нэмэгдүүлдэг тухайд Монголын сэтгүүлчид сонирхон, олон талаар нарийвчлан асууж байсан.

- Цагаан идээгээ ихэвчлэн захиалгаар борлуулдаг. Байнгын худалдан авагчтай болсон ба тэд маань захиалгаа өгч хийлгэдэг. Сүү сайтай тоотой хэдэн үнээ л барьж саадаг учраас их хэмжээний захиалга авч чадахгүй. Заримдаа өөрсдөө идэх ч идээ үлдэхгүй шүү. Нэрмэл архи маань эрэлт ихтэй, мөн уламжлалт аргаараа хийж, ямар ч нэмэлт хольцгүй байдаг учраас борлуулалт сайтай байдаг гэж тэрээр олзуурхан ярьж байлаа.

- Тугалаа нэмээд манайх нийтдээ 100 гаруй үхэртэй. Гэхдээ бид экологи, байгаль орчноо хамгаалж, бэлчээр, малынхаа тэнцвэрийг батлах зорилгоор өвөл болохоос өмнө тугал, хөгшин малаа арилжин, 60 гаруй үхэр үлдээдэг гэж гэрийн эзэн Насантогтох сэтгүүлчдийн сонирхсон асуултад үнэнчээр хариуллаа.

Гэрийн эзэгтэй Улаанцэцэгийн боловсруулсан цагаан идээ, урласан гар урлалын бүтээгдэхүүний орлого маш их нэмэр болдог учраас эдний амьдрал элбэг дэлбэг, чинээлэг харагдана.

- Монголчуудын эрт дээрээс уламжилж ирсэн эсгий урлал үзэмж сайтай бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд тустай байдаг тул энэ сайхан өв соёлоо уламжлан дэлгэрүүлэхийг хүсдэг. Хүн гэдэг ер нь өөрөө сурч мэдээд л болохгүй, мэдсэн чадсанаа үр хүүхэд, дүү нартаа зааж сургаж, өвлүүлж уламжилснаар түүний утга учир илүү тодорно шүү дээ. Тийм ч учраас би орон нутагтаа олон удаагийн сургалт зохион байгуулж байсан гэж Улаанцэцэг ярилаа.

Насантогтохынх уламжлалт монгол амьдрал, мал аж ахуй, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж, нутаг усны малчиддаа үлгэр жишээ болдгоороо Авга хошууны суртал ухуулгын ажлын нэгэн гол цэг болж, гадна дотнын орон нутгийн олон олон суралцагч, хяналтын ажиллах багийг хүлээн авч байсан аж. Хэдий тийм боловч Монгол Улсын сэтгүүлчидтэй анх удаа “нүүр учирч” байгаа нь тэдний хувьд сонирхолтой, хүндэтгэлтэй үйл явдал гэдгийг тэд мөн илэрхийлж байсан юм.

- Монгол Улсын сурвалжлагчидтай ингэж нүүр учран, ярилцаж байгаадаа баяртай байна. Манай төр засаг малаа адуулж, ашиг шимийг хүртдэг малчдаа сайн дэмждэг. Гэхдээ малчин хүн өөрөө сайн чармайх хэрэгтэй. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдралаа өөд нь татах нь чухал гэх Насантонтох ахын яриа цахим сурвалжилгыг өндөрлүүлсэн билээ.

Нийгмийн хөгжил, технологийн дэвшил, бодит нөхцөл байдлаас шалтгаалсан хэвлэл мэдээллийн салбарын идэвхтэй шинэчлэл зэрэг нь бидний энэ жилийн “Солонго аялал”-ыг илүү сонирхолтой, илүү шинэлэг, илүү утга төгөлдөр болгож чадсан юм. Бидний шинэчлэл, үйл ажиллагаа хоёр орны иргэдийн сэтгэлийн гүүрийг бэхжүүлэн үргэлжилсээр байх болно.

Зохиогч: Нийтлэлийг: С.УРЬХАН, Т.БУЯНХИШИГ, ХАНЬ ХУНШЯ, О.МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл