2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дэлхийн бүх улсууд шинэ оноо өөр өөрийн онцлогтой тэмдэглэсэн бол Шилийнхотын Шарталын Цахар нийгэм дүүргийнхэн ч шинэ оноо утга учиртай угтаж билээ.
Тус нийгэм дүүргийнхэн шинэ оноо угтаж байгаа энэхүү баярт мөчид Авганар шагайн соёлын өргөө үүдээ нээж өрхөө сөхсөн бөгөөд үндэстний онцлогтой шагайн уралдааныг зохион байгуулж ард олноо баясгасан байна. Хот орсон малчид болон Шилийнхотын ойр хавийн малчид шагайн өргөө байгуулахыг дэмжин тусалж, шагайн өргөөнд шагай хандивласнаар тус шагайн өрөөнд тухайн өдөр 1780 шагай цугларчээ. Шилийнхотын Цог-Уул сумын Цагааннуур багийн малчин Ёндонгоос 500 шагай хандивласан байна.

Шагайн уралдаанд хот орсон малчин, хөдөөнөөс ирсэн малчид нийлсэн 120 гаруй хүн оролцож, уралдааны дүнд булган сумын Баяннуур багийн Долгорсүрэн тэргүүлэв. Уралдаанд оролцсон малчид өөр өөрийн ур ухаанаа гайхуулан урам зоригтой тоглон шинэ оноо баяр хөөртэй, утга агуулгатай тэмдэглэсэн байна.
- Шагайн тоглоомын өргөө нээсэн нь хот орж хүүхэд харж суугаа ахмадууд болон хот орсон малчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг хангажээ. Ийм шагайн тоглоомын уралдааныг зохион байгуулах нь хот орсон малчдын амьдралыг баялаг болгож, тэдний нөхөрлөлийг зузаатгахад ашигтай. Бид уралдааны бүртгэлийг хоёрхон өдрөөр хязгаарласан ч уралдаанд оролцсон хүний тоо 120 гарсан байна. Хэрвээ бүртгэлийн хугацааг сунгасан бол оролцох хүний тоо улам олон болно гэж Авганар шагайн соёлын өргөөг үүсгэн байгуулагч, Шилийнхотын Баяншил мал аж ахуйн Туурайн тал салбарын малчин Соёлцэцэг ярьж билээ.
Шилийнхот гудамж талбай, нийгэм дүүргийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулах явцдаа үндэстний соёл, үндэстний наадам тоглоомыг уламжлан дэлгэрүүлэхийг чухалчилж, гудамж талбай, нийгэм дүүрэгт үндэстний соёлын үйл ажиллагааны газар байгуулахын хамт үндэстний уламжлалт наадам тоглоомыг зохион байгуулж байгаа юм.
- Бид нийгэм дүүргийн бүтээн байгуулалтыг ахиулах явцдаа үндэстний соёл спортын үйл ажиллагааг зохион байгуулахыг чухалчилж, нийгэм дүүрэгт шагайн өргөө, шатрын өргөө, эсгий урлалын үзэсгэлэн зэрэг газар байгуулахын зэрэгцээ монгол соёлоо хотын орон зайд уламжлан хөгжүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн шагайн уралдаантай адил уралдааныг зохион байгуулж монгол соёлоо уламжлан дэлгэрүүлэхээр хичээн ажиллана гэж Шилийнхотын үндэстний хэрэг эрхлэх товчооны дарга Баожө ярив.
Тус шагайн уралдаан нь хот орсон малчдын соёлын амьдралыг баялаг болгохоор барахгүй шагайн соёлыг уламжлан дэлгэрүүлэх, шагайн соёлын нийгэмлэг байгуулах ажлыг ахиулна.

