Амьдрал мэдэхгүй омголон зангаар аливаа бүхнийг хэнэггүй сэтгэдэг, бас тэгээд ажиг ч үгүй ярьдаг охиныг ээж гэдэг агуу алдар л номхруулж төлөвшүүлдэг юм байна. Эмэгтэй хүн бурхнаас илгээсэн нандин бэлгэ болох үрээ хэвлийдээ тээгээд л эхлэхээр л том хүн болсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Энэ бол амьдралаас түүж олсон хамгийн дээд ухаарал юм шиг байдаг.
Ээж гэдэг агуу алдар эмэгтэй хүнийг хариуцлагын өндөр байранд хүргэж өгдөг. Зөвхөн эмэгтэй хүн л биш, эрэгтэй хүн ч гэсэн адилхан. Үр хүүхэдтэй болоод ирэхээр хариуцлагын тухай хамгийн ихээр бодож, өөрийгөө тэр нэг өндөр байранд хүргэж чаддаг. Өөрийн минь дэргэд үр хүүхэдтэй болсны дараа эрүүл мэнддээ их анхаарал тавих болсон ээжүүд зөндөө харагддаг. Энэ бол үр хүүхдээ өсгөж амьдралын хөлөө олтол түшиг нь болж явах ёстой гэсэн хариуцлагатай сэтгэл буюу. Үүнээс үүдэн олон зүйлийг ярихад эмэгтэй хүний ээж болсны дараах олон талын өөрчлөлт бүгд хариуцлагатай холбоотой байдаг. Жижигхэн нэг жишээ татахад уул нь хоол ундны шим тэжээлийн талд төдий анхаарал тавьдаггүй бүсгүй хүүхдэдээ зориулж хоол хийгээд ирэхээр шим тэжээлийг нь тааруулж тохируулах талд албадлага биш, аяндаа л анхаарал тавьдаг. Хэлэх үг хийх үйлдээ хүртэл маш том хариуцлагатай хандах болно ээж гэдэг агуу алдрын эмэгтэй хүнд өгсөн бас нэгэн ухаарал юм.
Эмэгтэй хүн ээж болохоороо үрийнхээ төлөө амиа ч өгч чадах өгөөмөр болчихдог. Энэ бол өгөөмрийн хамгийн дээд түвшин. Хүн гэдэг маш хувиа хичээсэн амьтан. Гэхдээ өөрийгөө хамгийн түрүүнд боддог хувиа хичээсэн бодлыг ээж гэдэг агуу алдар эмэгтэй хүний биеэс салгаж зайлуулдаг нь шидтэй. Бусдын жаргалын төлөө бодож чадна, хийж чадна гэдэг амьдралын нэгэн дээд баримжаа болж байдаг бол ээж гэдэг агуу алдар эмэгтэй хүнийг ингэж хийж чадах болгодог.
Үр хүүхэд гэдэг эмэгтэй хүний хувьд ухаарал дагуулж ирдэг, хариуцлага таниулж өгдөг, бас тэгээд бүсгүй хүний хамгийн нандин чанарыг бүтээдэг бурхны элч юм. Үр хүүхэдтэй болоод ирэхээр эмэгтэй хүн улам ч уян зөөлөн, эрхэмсэг гоо, энэрэнгүй нигүүлсэнгүй, өглөгч өгөөмөр болж, ээж гэдэг агуу алдартаа зохицохын төлөө олон зөв үйлийг бүтээдэг. Ээж гэдэг агуу алдар эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэн болгодог гэдэг буруугүй. Дотроосоо гэрэлтсэн бүсгүйн үзэсгэлэн нь ээж хэмээх агуу алдраас хүртээсэн амьдралын буман боловсролоос эхтэй ч юм уу⁈
