
Авга хошууны Жаргалант сумны Хайрхан багийн малчин Сайнбаатарынхан малын тоо толгойгоо багасгаж, цөөн малаас өндөр ашиг хүртэж, мал аж ахуйн үргэлжилсэн хөгжлийн замаар замнаж, экологи хийгээд эдийн засгийн хос ашгийг олно.
Цөөн малаас үлэмж ашиг олох ухаан
Уг нь хүнд хэцүү байгалийн гамшиг зуд нь номин Авгын экологид сөрөг нөлөө үзүүлж, мал аж ахуйд хүндрэл учруулснаас бэлтгэлгүй байсан зарим малчид зуд гамшигт малаа үрэгдүүлсэн.
Энэ байдлаас сургамж авсан Сайнбаатар мал аж ахуйн бүтэцдээ өөрчлөлт хийж, 2000 онд 200 гаруй адуу, 200 гаруй үхэр, 2000 гаруй хонио 30 гаруй адуу, 60 гаруй үхэр, 600 хонь болгон багасгажээ. Мөн тэрээр ганц малын тоо толгой хөөцөлдөж байсан түүхийг эцэслүүлж, бэлчээрээ хуваан сэлгэн малжиж, мал бэлчээрийн тэнцүүрийг анхаарч, цөөн тооны өндөр үр ашигтай үүлдрийн мал малжснаас өнөө болоход орлого нь өнгөрснөөсөө хол илүү болсон байлаа.
Нутгийн үхрийн махаа хотын хүмүүст таниулж, жил бүр идэшний үед хотын Монголчууд эднийхээс ирж үхэр авдгаар барахгүй. Зарим нь борцлон хатаалгаж, дараа хавар нь авч явдаг. Хонио үүлдрийн Үзэмчин хониор гол болгож, жилд бараг 100 гаруй эр хураагаа үрийн малаар худалддаг байна.
Онцлогтой малалгаа хийгээд орлогын нэмэгдэл
Орлогоо нэмэгдүүлэх арга ухаан сүвэгчилж явдаг Сайнбаатар цөөн малаас өндөр ашиг олохын хамт адуу маллах үйлсийг хөгжүүлж орлогын замаа үргэлжлэн нээжээ.
2000 оны үеэр махны адууны үнэ хямд байснаас сайн удмын монгол морь хулгар борынхоо төлийг сайн уяачаар уяа сойлго нь таруулан, наадамд уралдуулан, нутаг усныхаа наадамд олон удаа торгон жолоо өргүүлснээр тэдний адууг сонирхож, хурдан удамын төл нь өндөр үнээр авдаг болжээ.Тухайн үед махны үнээр унага хоёр гурван мянган юань байхад түүний хурдан удамын унага 10— 30 мянган юань хүрдэг байна.
Тэрээр цөөн малаа сайн малжиж өндөр ашиг олохын зэрэгцээ орчин үеийн мал аж ахуйн техник технологийг бүрэн ашиглаж байна. / Бэлтгэсэн нь Содбилэг /
