Үзэмчин нутгийн найр наадам, баяр хуримаар "Өнгө дээл"-ийг үзэж харж байснаас биш, энэ нутгийн хувцас гоёлын онцлог болсон, мөн монгол үндэстний хувцас гоёлын гайхамшгийн нэг болсон "Өнгө дээл"-ийн тухай төдий л ойлгохгүй байсан юм. Азаар "Өнгө дээл" оёдог уран үйлчин ӨМӨЗО-ны зэрэглэлийн өвлөн уламжлагч Янжмаа гуайтай уулзан сурвалжилснаар "Өнгө дээл" оёх нарийн явц, ёс заншлын тухай нэг ёсны ойлголттой болсон билээ.
Янжмаа гуай Үзэмчин нутгийн уугуул. Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Баянжалга багт аж төрөн амьдарч байгаа тэрээр 7 наснаасаа хурга тугалаа хариулахын зэрэгцээ ээждээ туслан сааль сүү, үйл оёдол хийж сурсан гэдэг. 2009 оноос эхлэн биет бус соёлын өвийг хамгаалж хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцон Үзэмчин утмал арьсан дээл оёх уран үйлчин, Шилийнгол аймгийн зэрэглэлийн өвлөн уламжлагч, "Өнгө дээл"-ийн Зүүн Үзэмчин хошууны зэрэглэлийн өвлөгч, багийнхаа хөдөлмөрийн жишээч зэрэг өргөмжлөлийг арав гаруй удаа хүртэж, 2011 онд утмал арьсан дээл оёх уран үйлчин, Өвөр Монголын зэрэглэлийн төлөөлөгч уламжлагч болжээ. Далан насны давааг өгсөж яваа Янжмаа гуай хар багаасаа "Өнгө дээл" өмсөж өссөнөөр 60 гаруй жил өнгө дээлээс салаагүй гэхэд илүүдэхгүй. 12 насандаа ээжээрээ өмд эсгүүлэн өөрөө оёод өмсөж байсан бол 14 насандаа хамгийн анх өөрийн гараараа "Өнгө дээл" оёсон байна.
Үзэмчин "Өнгө дээл" нь маш эртнээс уламжлалтай хувцас гоёл. Янжмаа гуай эртнээс уламжилж ирсэн өнгө дээлээ их л эрхэмлэн нандигнаж,
- Бид "Өнгө дээл"-ийн ачаар л даарч бээрэхгүй дулаахан өслөө шүү. Энэ сайхан хувцсаа бид үргэлж эдлэн хэрэглэх л ёстой” гэж олон удаа ярьж байлаа.

Янжмаа гуайн ярихаар "Өнгө дээл" оёход хамгийн анхны алхам бол шөл ууж хонь гаргах, эсвэл ямар нэгэн өвчнөөр үхсэн малынхаа нойтон арьсыг аваад, халим өөх болон хог тоосыг нь цэвэрлээд давстай цагаа түрхэж сайн хатсаны дараа идээнд хийж дэвтээх ажил юм байна. Үүнийгээ арьс идээлэх гэдэг ажээ. Идээний модон ган гэж тусгай арьс дэвтээж идээлэхэд хэрэглэх ган Үзэмчин нутагт бараг айл болгонд байсан бөгөөд амьдралын хэрэглээний чухал зүйл болж байсан. Ийнхүү арьсаа 7-10 хоног идээлнэ. Идээлж дуусаад сэгсрэх гэдэг чухал нэг ажил байдаг. Хоёр хүн дөрвөн бошгоноос барьж сэгсэрдэг. Үүний зорилго нь илүү идээг нь хатаах болон хог тоосыг нь арилгаж, үс ноосыг нь сэргээхэд байгаа аж. Дараа нь буцалгасан давстай цагаа түрхээд сайн битүү эвхэж тавина. Нэг арьсанд доор хаяж хоёр килограмм цагаа шингээдэг. Ингээд хэдэн өдөр болоход цагаа нь арьсандаа шингээд ирэхээр арьс идээлэх ажил дуусаж, "Өнгө дээл" хийх хоёрдугаар алхам болох элдэх ажилд ордог байна.
Идээлсэн цагаан арьсаа хад чулуугүй хар шороогоор хоёр хуруу хиртэй булаад дээрээс нь ус шүршинэ. Ингэж нэг шөнө дэвтээвэл элдэхэд бэлэн болдог ажээ. Арьс элдэхдээ Үзэмчинчүүд тэнгэрийн байдлыг маш сайн аждаг. Бороотой, салхитай өдөр бол арьс элдэж болдоггүй. Ер нь идээлэх үйлийг ч бороо салхигүй цэлмэг өдөр хийдэг. Учир нь арьс идээлэхэд хэрэглэх цагаанд ус оруулж болдоггүй ажээ.
Өмнөх орой нь дэвтээсэн арьсаа дараагийн өдрийнх нь бага үдийн үеэр шорооноос нь салгахад цагаа шингээд дэрийж байсан арьс харин нойтон шороонд дэвтээд зөөлөрч намирсан байдаг. Намирсан зөөлөн арьсныхаа идээг унагаах бол арьс элдэх анхны алхам. Идээг нь унагаагаад, монгол гэрийнхээ дээр, үс талыг нь дээш харуулж наранд ээж эгшээх нь "Өнгө дээл" оёх чухал нэг алхам болохыг Янжмаа гуайн ярианаас ойлгосон билээ. Арьс сайхан эгшээд ирэхээр дөрвөн талаас нь татвал “шүү” гэж дуу гардаг. Энэ нь арьс сайн хатаж чийггүй болсны тэмдэг юм байжээ. Үзэмчинчүүд бас арьсандаа зүү хатгаж үздэг. Сайн хатаагүй бол зүү чигчрээд гарч ирдэггүй гэнэ. Чийггүй болсон арьсаа гуядаж үсийг нь сэргээгээд тэгшхэн татаж утахад бэлэн болгож тавьдаг.

Тест оруулна уу ?Утах бол "Өнгө дээл"-ний гуравдугаар алхам. Утахдаа утаарын нүх гэж өвдгийн гүнтэй нүх малтаж, бэсрэг тавгийн хэмжээтэй амсар гаргаж, арьсаа утахаас өмнө нүхээ утна. Нүхээ утаж дуусаад арьсаа нүхнийхээ дээр тааруулж тавиад утна. Гол төлөв намрын шар аргалаар утдаг юм гэнэ. Зүгээр л аргал хомоолоо хийгээд л утвал болчих биш, арьс утахад бас аргал шилэх юм байна. Шар аргалаар утвал утаа нь гүн сууж, хөх хомоолоор утвал өнгө нь гүехэн болдог байжээ. Нэг арьсыг утахад бараг өдрийн тал болж, нүхэн дотроо гурав дөрвөн удаа аргал нэмж байж утаа сайн ордог. Ингэж арьсаа утаж дуусаад арьсныхаа утааг сайн суулгахын тулд эхүүн хар цай чанаж, шинэ эсгийгээр арьсаа зүлгэдэг. Энэ нь нэг талаар утааг нь сайн шингээх, нөгөө талаар хатуурч дэрийснийг нь зөөлрүүлдэг ажээ. Ингээд ярихад нэг "Өнгө дээл"-ийг гаргахад арвин төрлийн бодисын энергийг шингээсэн байдаг. Тэр дундаа түүхий юм байдаггүй. Харин буцалгасан цагаа, хар цай зэрэг болсон зүйлсийн халуун энергийг шингээсэн байдаг. Үүгээр барахгүй "Өнгө дээл" гэдэг тэр гайхамшигт хувцас бол нарны илч энерги, хөрсний шим илч, салхины эрч хүч, дөрвөн улирлын хөдөлмөр, аргалын утаа шингэсэн байдгаараа түүний гайхамшиг улам илүү байна.
Утаж дуусвал эсгэх гэдэг дөрөвдүгээр алхам эхэлнэ. Утсан арьсаа эсгэхэд хар цайгаар арчиж, өлөн чийгтэй эвхэж тавьсан арьсаа галын илчээр халааж, гуядна. Энэ нь арьсны тунадсыг нь гаргаж байгаа бөгөөд чийгийг нь улам сайн гаргахын төлөө юм. Ингэж чийгийг нь гаргасан арьс дахин норохдоо агчих буюу дэрийж хатдаггүй байна. "Өнгө дээл"-ээ оёж эхлэхдээ нимгэнээр нь хормой хийж, үс ихтэйгээр нь цээж буюу хоёр ханцуй хийж зузаан нимгэнийг нь тохируулах ажил байдаг. Эрт үед өмсөх хүнийхээ биеийг төөлөөд, төөгөөр хэмжээгээ яг тааруулж оёдог байсан нь монгол бүсгүйчүүдийн ур ухаан гэлтэй. Мухар сөөм, үзүүр сөөм гэж хуруу гарынхаа хэмжээгээр одоогийн дэлхийд гайхагдсан хувцас гоёлыг оёж байлаа гэдэг яг үнэндээ хувцас эсгэлтийн нэгэн ур байсан.
"Өнгө дээл"-ийг эсгэхэд маш нарийн дүрэм горимтой. Угтраа гаргах, цоолбор гаргах, нөхөөс тавих зэрэг маш олон журам горимыг Үзэмчин бүсгүйчүүд үеийн үед уламжилсаар иржээ. Зөвхөн нөхөөс тавихаар жишээлэхэд маш олон ёс горим байдаг. Арьсыг нидрүүлэгдэх буюу идээлж элдэх явцад арьс цоорч нүх гарвал адилхан өнгийн утаатай арьсаар нөхдөг. Гэхдээ дөрвөлжин нөхөөсийг бол заавал оёдол дагуулж тавьдаг. Буруу оёсон бол “Дөрвөлжин нөхөөсний дүрэм мэдэхгүй юм байна” гэлцдэг гэнэ. Үйл оёдлын дүрэм горимд гэгээрсэн бүсгүй ухаан ингэж монгол үйл оёдлын гайхамшгаа өнө эртнээс өнөөдөр хүртэл авч ирсэн нь гайхалтай.
Янжмаа гуай 2008 оноос өвлөн уламжлах ажилд сэтгэл шуудан оролцож, 2011 онд орны зэрэглэлийн өвлөн уламжлагч болсон юм.
- Анх өвлөн уламжлахын тухай ойлгох ч үгүй байжээ. Зөвхөн гэр бүлийн хүмүүс, таньж мэддэг, гуйгаад ирсэн хүмүүст оёж өгдөг л байсан. Нам засгаас хөгшин намайг голохгүй өвлөн уламжлагч гэж нэрийдсэн болохоор улам олон хүнд мэдүүлэхийн төлөө л зүтгэж явна даа. Манай хошууны ерөнхий ахлах дунд сургуулийн сурагчид надаар "Өнгө дээл" оёх олон талын явцыг заалгаж аваад өөрсдөө өнгө дээл оёсон. Олон хүүхдүүд их сэтгэл шимтэн сурч байгааг нь хараад их баярласан. Тэгээд улам олон хүнд хийх аргыг нь хэлж л байвал манай энэ соёл гээгдэхгүй гэж бодож байна. Ганцхан хүн оёод хэдийг л хийх вэ? Харин олон хүн оёод сурчихвал үеийн үе уламжлагдах болно гэж бодож байна хэмээн Янжмаа гуай ярина.
Зүүн Үзэмчин хошууны үндэстний ерөнхий ахлах дунд сургуулийн ажил мэргэжлийн боловсролын төвийн орлогч захирал Хашцэцэг хэлэхдээ:
- Янжмаа гуай манай сургуульд урилгаар ажиллаж байгаа мэргэжлийн багш юм. Далан насыг дөхөж нас ахисан боловч хүүхэд багачууддаа "Өнгө дээл"-ээ таниулахын төлөө арьс хураахаас эхлээд хомоол түүх, нүх малтахыг хүртэл заасан. Ёстой л "Өнгө дээл"-ийн талаар нэгийг гуйвал хоёрыг хэлж ярьж өгдөг нандин сэтгэлтэй хүн гэж үнэлж байлаа.
- "Өнгө дээл" оёх хүн цөөрч байна. Өмнө нь бол айл болгон заавал хэрэг болгож энэ дээлийг оёдог байсан. "Өнгө дээл" оёх мэргэжлийн төлөөлөгч уламжлагч болсны хувьд эрхбиш хойч үедээ уламжлах ёстой гэж боддог юм гэж ярьсан Янжмаа гуай залуу хүмүүсийг "Өнгө дээл"-ээ сэтгэл гарган хийдэг дадалтай болгохын төлөө зуны улиралд арьс идээлж элдэх талаар сурагчдад зааж, өвөл ойртоод ирэхээр "Өнгө дээл" оёх мэргэжлийн талаар хичээл орж байна.
"Өнгө дээл" оёх нь яг үнэндээ дөрвөн улирлын турш хийдэг урт хугацааны хөдөлмөр шингэсэн ажил юм. Хаврын сүүлч зуны эхээр бэлтгэлээ хийж, намрын сүүлч болоход бүх бэлтгэлээ дуусгаад, өвлийн эх болохоор оёх ажил эхэлж, ердөө цагаан сар болохын алдад дуусдаг юм байна. Тийм болохоор "Өнгө дээл" гэдэг гайхамшигт хувцас нь соёлын өвөөр үнэлэгдэн, тэр их гайхамшигт үйлд сэтгэл хөдөлмөрөө шингээсэн Янжмаа гуай соёлын өвийн уламжлагчийн алдар хүртэж яваа ажээ.
Шинэ мянганы эхнээс Үзэмчин нутагт жил бүр өвлийн наадам хийх болсноор "Өнгө дээл"-ийг өмсөх хүн дахин олширч, өнгө дээл нь Үзэмчин нутгийн өвлийн наадмын чимэг болж, хол ойрын хүн ардад гайхагдаж алдарших боллоо.
Хонины арьс 2 юанийн үнэтэй болсон гэх юм. Харин хоёрхон юаниар зарахын оронд арьсаа идээлж элдээд, утаж өнгө оруулаад ийм гайхамшигтай дээлийг урлан гаргавал яасан юм бэ гэдэг бодол ярилцлагын явцад төрж байлаа.
