solongonews
Малчин хүн мянган мэргэжилтэй
2020-01-08 10:59
Малчин хүн мянган мэргэжилтэй

Хөдөө орон нутгаар сурвалжилж явахад газар газрын малчны хотоос олон сайхан сонирхолтой, бахархалтай яриа сонстох юм. Шинэ цагийн малчид маань өөрсдийн бүтээлч оюун ухаан, уран дүйтэй гартаа түшиглэн өдөр тутмын амьдралд байнга тохиолдох засаж сэлбэх, угсарч тоноглох, шинэчилж янзлах зүйлсээ өөрсдөө хийж, айл гэрийн зардлаа хэмнэн, орлогоо нэмэгдүүлж байгаа үлгэр жишээ олон болж байна. Энэ бүхний дундаас ажиглагдсан нэг зүйл бол хөдөө нутагт гэрийн засал чимэглэлийн ажил хийдэг малчид олширч байгаа явдал болно.

Шинэ гэрийг засаж чимэглэн төвхнүүлнэ гэдэг нэг ёсондоо мэргэжил шаардах ажил байх нь гарцаагүй. Өмнө нь энэ ажил зөвхөн хотын хүний л хийдэг ажил байснаас Уурга тохойлсон малчин хүний хийж чадах ажил биш мэт ойлгогддог байж. Одоо харин манай малчид ч өөрсдөө хийдэг болж, энэ тусгай мэргэжлийн ажилд оролцож буй малчин залуус олон болжээ.

Гэрийн засал чимэглэлд олон зүйл хамрагддаг. Жишээлбэл, усны хоолой, цахилгааны зам, шал дэвсэх, хана хэрэм шохойдох, ханаа гоёж засах, үүд цонх угсрах, дулаалгын төхөөрөмж угсрах, авдар хорго хийх, гал тогооны өрөөний засал чимэглэл, угаалгын өргөөний засал гээд олон ажил бий. Тэр бүгдийг хийхэд хэрэглэгдэх материалыг худалдаж авах зардлаас гадна засуулах хөлс гэж бас нэг хэсэг зардал байдаг. Тиймээс өөрсдөө засаж чимэглэж чаддаг хүн энэ хэсэг гарын хөлсний зардлаа хэмнэх боломжтой гэсэн үг.

Цахар нутгийн мал аж ахуйн орны малчид бусад газрын малчидтай харьцуулбал олон жилийн өмнөөс гэрийн засал чимэглэлийн ажлыг хийж эхэлсэн юм. Шулуун хөх хошууны Загастай сумын Баяннуур багаар жишээлэхэд залуус өөрийн гэрээ өөрөө засаж чимдэг уур амьсгалыг нэлээд эрт буй болгосон байв. Тэд саравч хийх, дотоод заслаа бага сага засаж сэлбэх зэрэг ажлаа бүгдийг өөрсдөө хийснээр бага бус зардал хэмнэдэг байна.

Тус багийн малчин залуу Өлзий гэрийн засал чимэглэлийн ажлыг хийгээд дөрвөн жил болж байна. Голдуу хаврын сүүлээс намрын эхний цагаа ашиглан авдар хорго хийх, хэрэм хана шохойдох, дээвэрлэх, үүд цонх угсрах зэрэг ажлыг хийнэ. Өлзий энэ онд 20-иод байшингийн засварын ажлыг хийжээ.

Нийгэм хөгжиж, ардын амьдрал өдрөөс өдөрт чинээлэг болж, малчид орон сууцны нөхцөлөө илүү сайжруулж хээнцэр, дулаан тохилог болгох хүсэл шаардлага өндөр болж байна. Хөдөө нутгаар шинэ хуучин гэрээ орчин цагийн засал чимэглэлийн хэв загварт нийцүүлэн засаж чимэглэх айлууд олширсон юм. Ингээд хөдөө засал чимэглэлийн ажил хийдэг малчин залуус захиалга ихтэй болоод байгаа аж. Тэдний захиалга энэ мэт сайн байгаа нь хэдэн талын шалтгаантай. Нэгд тэдний хооронд үг хэлний саад байдаггүй. Бүгд монголчууд болохоор гэрээ засан чимүүлж байгаа хүмүүсийн хувьд өөрийн бодсон санаснаараа хийлгэхэд амархан ойлголцдог. Хоёрт засаж чимэглэх ажилчдын хувьд зэргэлдээ айл, саахалт, хот уснаасаа захиалга хүлээн авдаг болохоор хөлс мөнгөний талд холоос ирсэн тусгай мэргэжлийн хүмүүсийг бодвол харьцангуй хямд байдаг. Гуравт малчин ажилчид малчин хүнийхээ зан заншлыг маш сайн ойлгодог бөгөөд бүгд танил дотно монгол хүмүүс тул бүхий л зүйл дээр санал нэгдэнэ.

Өлзийгийн нэг найз энэ жил хөдөөний байр байшингаа засаж шинэчилжээ. Найз нь хошууны чимэглэлийн ажилчинтай харилцахад нэг унтлагын өрөөг засаж дуусгахад материал болон гарын хөлстэйгөө нийт 13 мянган юань хэрэглэнэ гэжээ. Сүүлд нь тэрээр материалаа өөрөө авч, Өлзийгөөр засуулахад 6000 юань орсон байна. Гурван өрөө байшинд саравч хийхэд материалаа аваад бүх ажлыг өөрөө хийвэл 5000 юаньд бүтдэг байна. Харин хотоос хүн авч хийлгэвэл наад захдаа 11000 юань ордог тухай Өлзий бидэнд ярьж байсан билээ. Өлзийгийн хувьд шинэ гэрийн бүх зүйлийг засаж чимэглэх ажлыг жилдээ 10 орчим хүлээн авч, гарын хөлс нь хэдийгээр хотоос ирсэн ажилчдыг бодоход хямдхан байдаг ч жилийн орлого нь 30-40 мянган юаньд хүрч, айл гэрийн амьдралд нь ихээхэн нэмэр болдог байна.

“Малчин хүн мянган мэргэжилтэй” гэдэг ёстой онож хэлсэн үг. Шилийнгол аймгийн Цахар нутаг гэхгүй Авга, Сөнид, Үзэмчин нутгаар ч гэрийн засал чимэглэлийн ажлыг гайхалтай, бүтээлчээр төлөвлөж хийж байгаа малчин гаралтай мэргэжилтэн хаа сайгүй тааралдах болсон нь сонин зүйл биш болжээ.

“Гэртээ дулаалга тавиулахад гарын хөлс нь хэдэн мянган юаньд хүрэх юм. Интэрнэтээс сураад өөрсдөө угсарсан. Сайн халж байгаа” гэж Үзэмчин нутгийн малчин залуу Буяндэлгэр ярьж байсан юм.

“Авганар нутагтай залуу малчин Алтанхуяг телевизийн ар ханыг засаж чимэглэхдээ мэргэшсэн” гэсэн олны дамын ярианд үндэслэхэд төрөл ангилсан мэргэжлийн чиглэлээр ажиллах болсон гэдгийг харуулж байна.

Учир нь тэдний мал аж ахуйн жилийн орлого нь нутаг уужим газрын малчдыг бодвол харьцангуй бага байдаг. Тиймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ өөрийн өртөг болон амьдралынхаа зохисгүй зардлыг аль чадахаар бууруулж багасган, орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайдаг нь тэдний хувьд эрхбиш бодох ёстой зүйл билээ. Эс тэгвээс тийм орчин нөхцөлд төвхнүүн сайхан амьдралыг цогцлоход амаргүй болно.

Тэрчлэн мал аж ахуйн бус орлого олно гэдэг нутгийн айлуудын зайлшгүй сэтгэж бодож хийдэг ажил байлаа.

 

 

Зохиогч: Нийтлэл: Содбилэг, Сараана
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл