solongonews
Хоёр орны сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь солонгон аялал
2020-07-22 09:45
Хятад, Монголын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь солонгон аялал

Тэнэгэр тал нь тэнгэртэйгээ нийлэн цэлийж, таван хошуу мал нь од түгсэн мэт тансаг сайхан тал нутгийн торгон үзэмж цахимаар ертөнцөөр Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн сэтгэлийг баясгаж, мэлмий мялаана. Интернэт сүлжээ, цахим холбоо дэлхийн өнцөг буланг холбох болсон өнөөдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс санаачлан зохион байгуулсан цар тахлыг давж, гадаад дотоодын сэтгүүлчдийг нэгтгэсэн анхны цахим шууд нэвтрүүлгээр холбогдох “Солонго аялал” сурвалжилга маань Шилийнголын Авга хошуунд болж өнгөрсөн юм. Сурвалжилгын аянд Солонго мэдээллийн төвийн 4 сэтгүүлч, Монгол Улсын NTN телевиз, zindaa.mn сайт, Өглөөний сонин, Монголын цахилгаан мэдээ агентлаг, Монголын мэдээ, mginews.mn сайт,  infomongol.mn сайт, Монгол Улсын Өдрийн сонин зэрэг 8 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөгч 07-р сарын 06-наас 10-ны өдрүүдийг хүртэл хамтдаа ажиллав.                                            

Сэтгүүлчдийг гайхшруулсан гэр бүлийн мал аж ахуйн ухаалаг талбай

Гэр бүлийн мал аж ахуйн талбайг амжилттай бүтээн байгуулж, олны дунд од нь болж яваа сургаар манай сурвалжилгын баг Эрдэмтөгсийн гэрт зочилсон юм. Цахимаар холбогдох сурвалжилга маань анхны туршилт байсан хэдий ч хоёр талын сэтгүүлч, зураглаач нар камераа тохируулах зэрэг бүх ажил бэлэн болж, хоёр орны сэтгүүлчдийн хүсэн хүлээсэн цаг мөч ирсэн.

- Би гадуур ажилтай явсан ч гар утсаараа хамаг ажлаа амжуулдаг. Гэр орон, нутаг бэлчээр, мал ахуй бүх ажил энэ л алганд  байна. Хар даа, товчлуураа дархад л малаа усалдаг.

- Үнэхээр тийм байна. Ямар гайхалтай мундаг юм бэ! Унасан малгай авах завгүй ажилладаг малчид ингэж чөлөөлөгдөнө гэж, танайх хэдий тооны малтай яаж аж төрж байна вэ?

Монгол Улсын сэтгүүлчидтэй цахимаар нүүр учран, хөрслөг бор царайндаа инээд тодруулан үйлдвэрлэл амьдралаа танилцуулах энэ хүнийг Эрдэмтөгс гэдэг. Шилийнгол аймгийн Авга хошууны Цагааннуур суурингийн Улаантуг багийн орчин үеийн малчин. Дэвшсэн технологи мэргэжлийг идэвхтэй ашиглан хөдөө аж ахуйн эзэмшилдээ оруулж, экологи байгаль орчин, мал аж ахуйн үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралаа ухаалгаар эзэмшиж яваа шинэ цагийн малчин.

- Манайх орчин үеийн хөдөө аж ахуйг голлон хөгжүүлж, байгаль орчноо хамгаалж, нутаг бэлчээрээ сэргээн, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах зорилгоор 760 гаруй га талбай нутгаа арван хэсэгт хуваан, дөрвөн улирлаар нүүдэллэн үхэр малладаг. Олон камер угсарч тохируулан, гэрт байрлах дэлгэцээс гаднах байдлыг бүрэн харна. Энэ нь цаг, хөдөлмөр хүчийг хэмнэх төдийгүй зардал мөнгийг ч багасгаж, ажил амьдралд ашиг орлого нэмэгдүүлж чадсан. Жилийн 500 гаруй мянган юанийн цэвэр орлоготой болсон гэж сэтгэл хангалуун ярихын дээр бид бүхнийг камерын өргөөний зүг хөтөллөө.

- 500 гаруй мянган юанийн цэвэр орлого? Танайх малаа яаж маллан өндөр үр ашиг авч байна вэ?

- Mанайх өмнө нь таван хошуу мал маллаж байгаад экологи байгаль орчныг хамгаалах зорилгоор төрөл хувааж, зөвхөн үхэр маллаад бараг 30 жил болж байна. Одоогоор 160 гаруй үхэр байгаа. Энэ хавар 80 гаруй тугал тоссон. Намартаа төл малаа жилд нь зардаг. Нутаг бэлчээрээ сэргээж хямгадахад тустай. Дээр нь борц гаргаж, мах, сүү сүүн бүтээгдэхүүн хослуулан борлуулж байна. Төрийн бодлогын дагуу манайх өвөл хаврын улиралд ч малын гаргалт гарч байгаа. Одоогоор тугал тосох тусгай хашаа саравч, зудаас сэргийлэхэд зориулсан бүтээн байгуулалт зэрэг 2000 гаруй тэгш дөрвөлжин метр талбайтай хашаа саравчийг орон сууцынхаа хажууд шинээр барьж, үхэр малынхаа онд мэнд орох талыг илүү баталгаажуулж байна. Цахим гэх технологи мэргэжлийг хэдийн цаанаа гартал эзэмшсэн Эрдэмтөгс гуай дэлгэц харан суусан Монгол Улсын сэтгүүлчдийн мянган асуултыг хөгжилтэй хариулан хөгжилтэй өрнөж байв.

“Малчин хүн мянган ухаантай” гэдгээр Эрдэмтөгс чухам гартаа уртай хашир малчин. Уудам талын өрцөд шинэ маягийн тоосгон байшинг монгол үндэстний онцлог хээ угалзаар чимэн томоохон саравч болгон, дотор хийцийг европ маягаар засаж чимэглэсэн зочны өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, цагаан идээ хийж хатаах өрөө, камерын өрөө гэхчлэн бараг 400 тэгш дөрвөлжин метр талбай бүхий өргөө гэрт нь үйлдвэрлэл амьдралд хэрэглэх шинэ цагийн багаж хэрэгслүүд нүд хүрэх газар тодхон. Тэрээр 2015 онд 600 гаруй мянган юань зарцуулан гэр байшингаа өөрөө зурж төлөвлөж, засаж чимэглэжээ. Эрдэмтөгс ур ухаан хосолсон хүн. Түүний өөрийн бэлчээртээ хийсэн нуурт олон төрлийн загас жараахай шумбаж, нуурын дээгүүр эргэлдэн жиргэх шувуудын дуун энэ нутагт аз жаргалын хөг аялгууг чавхадна.

“Бид малчин хүн. Малаасаа салж чадахгүй. Тиймээс байгалиа хайрлан, таван хошуу малаа хариулж, малчин түмнээ уриалан хамтдаа чинээлэг амьдралаа босгоно” гэх Эрдэмтөгсийн итгэл дүүрэн яриа бидний сэтгэлийг хөвчилж билээ.

Тохилог сайхан гэр байшин, мал аж ахуйн үйлдвэрлэлдээ бүрдүүлсэн том том машин техник, мал аж ахуйн ухаалаг талбай зэрэг нь шинэ цагийн малчдын шинжлэх ухаанч аз жаргалтай амьдралыг хоёр орны сэтгүүлчдэд эрхгүй таниулна.  

                        Малчдаа баясгасан малын ашиг шим

Энэ сайхан нутаг дэвсгэрийг шимжүүлж, буян хишгээ хүртээсээр ирсэн налгар их тал нь малчин түмний маань суурьших өлгий нутаг нь. Түүнээс хайрласан таван хошуу малынхаа буянаар аж төрж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн. 07-р сарын 07-ны өглөө зөөлөн салхи сөрөн зүйлийн цэцэг дэлгэрсэн зүлэгтэй талаар хагас цаг гаруй давхиж нар гарахын наагуур Улаантуг багийн малчин Уужуугийнд хүрсэн билээ.

Хашаа дүрэх тэмээ, ингэний дуунаар өглөөний ажлаа эхлүүлсэн залуу бүсгүй хилийн чанадад харуулах сурвалжилгад зориулан олон ажлаа эрт бэлэн болгож, биднийг хүлээж байсан Монгол Улсын сэтгүүлчидтэй монгол хүний хүндэтгэлийн зан заншлаар амар мэндээ мэдэлцлээ.

Хангай тал сайхан байхад хүний сэтгэл мөн тэнэгэр гэдэг үнэн юм.

- Энэ жил бороо хур сайтай, бэлчээр сайн болохоор үхэр малын тарга шим сайн, хонь ямаа өнөр өсөж байна хэмээн ингээ саахаар бэлтгэж буй бүсгүйг Урангоо гэдэг. Биедээ тохирсон зөөлөн өнгөтэй дээлийнхээ энгэрийн товчноос шигтгээ унжуулсан байгаа нь даруухан зантай залуухан бүсгүйн хотын бүсгүйчүүдээс дутахгүй цэвэр ганган байлаа.

- Танайх таван хошуу мал маллаж байгаа юу? Ам бүл хэдүүлээ вэ?

- Манайх хүү охинтойгоо ам бүл дөрөв. Манай хүн Уужуу малдаа явсан. Хоёр хүүхэд аймгийн бага сургуульд сурдаг. Таван хошуу малаа тэжээн үржүүлэхээр хичээж байгаа. Өөрийн бэлчээртээ малладаг. Адуу 40 гаруй, тэмээ 20 орчим, үхэр 50-иад, бага мал 200 гаруй байгаа. Энэ жил арван хэдэн ботго, 10 гаруй унага тоссон. 40-өөд үнээ тугаллаж, хурга ишиг 100 гаруй болсон. Төл мал сайн байна гэж үйлдвэрлэл амьдралаа дамжуулахад ажилсаг, шуурхай зан чанарыг хилийн чанадаас сэтгүүлчид бахархаж байлаа.

Удмын малчин айл. Урангоо маань гуч гаруй л насны залуухан бүсгүй ч мал унаатайгаа хорин хавар намар ноцолдсоныг эвэршиж хатуурсан арван хуруу нь тодхон харуулна...

Хөдөлмөр хүнийг өргөдөг. Хөдөлмөрч хүний амьдрал өөдрөг. Багасаа ажил хөдөлмөрт дадсан ялангуяа мал аж ахуйн орны ажил амьдралд аль хэдийн гаршсан  Урангоо бүх ажлыг амжуулж яваа нэгэн. Энэ тухай тэрээр:

- Манайх туслах малчингүй. Бэлчээртээ автомат худагтай болж хүний хүчийг бага бус хэмнэж байна. Адуу малаа  додомдох, ингэний хоормог хийх, 9 ингэний сүү саах, айраг исгэх, үнээ саах, тараг бүрэх, цагаан идээ гаргах гэхчлэн олон төрлийн ажлаа хоёулаа амжуулдаг гэж байлаа.

- Та ямар мундаг ажилсаг бүсгүй вэ? Танайх таван хошуу малаа хэрхэн маллаж байна? Ашиг орлого хэр зэрэг байгаа вэ?

 - Бод мал голлон тэжээж, адуу тэмээний ашиг шимийг хүртэж, зундаа гүү ингээ сааж, намар тугал үхрээ зардаг. Манайхан ингэний хоормог 1килограммыг 160 юань, гүүний сүү 1 килограммыг 30 юаниар зарж борлуулдаг. Энэ жил 10 гаруй гүү бариад байгаа. Удахгүй нэмж хэдийг барина. Малын ашиг шимээ борлуулаад жилийн бараг 100 мянган юанийн орлого олдог. Энэ жил төл мал сайн, малын үнэ ханш ч сайн байна. Тугалтай үнээ бараг 20 мянган юаньд хүрч байна. Дээр нь хошууны цагаан идээ хийж боловсруулах бүтээн байгуулалтын төсөлд хамрагдаж, орон сууцныхаа хажууд цагаан идээ хийх тусгай газар байгуулж байна.

 - Малчин хүн малын ашиг шимээрээ бизнес хийж, тал нутгийн тансаг бүтээгдэхүүний чанарыг баталж, Төрийн бодлогын дагуу цагаан идээгээ сайн хийхээр хичээх нь зөв гэж малчин хүний цайлган сэтгэлээр ярина.

Тэмээн дээрээс нар ойрхон гэдэг. Тал нутгийн малчдын амьдрал тэнүүн амгалан байж, тэд маань ингэний сүүтэйгээ адил цагаан мөртэй байхыг хүсэж байна.

Толгой дээрээс төөнөх халуун нарнаас хашралгүй бид Авга хошууны Цагааннуур суурингийн Хөгжил үхэр хонь тэжээн үржүүлэх тусгай хоршоонд хүрэхэд хүнгэнэм хоолойтой Навч гэх бүсгүй биднийг хүлээн авлаа. Тэрээр энэ хоршоог хариуцан ажилладаг.

- Малын ашиг шимийг боловсруулан малчдын орлогыг нэмэгдүүлэхээр зорилт тавьж, 2019 оны 06-р сард энэхүү хоршоог байгуулж, бүртгүүлсэн хөрөнгө нь 4 сая юаньд хүрч байна хэмээн танилцуулсаар эхэллээ.

- Хоршоо хэр олон өрхийг хамруулж байгаа, Цагаан идээгээ хэрхэн борлуулж байгаа нь Монгол Улсын сэтгүүлчдийн анхаарлыг татлаа.

- Манайх сайн дураараа таван өрх нийлэн хоршоо байгуулж, өрх бүр 100 гаруй үхэр, хэдэн зуун бог мал малладаг. Хоршоо байгуулах нь олон давуу талтай, орлого сайтай байдаг. Жилийн эцэст борлуулалтаас шалтгаалан ашиг орлогоо өрх бүрд тэгш хуваадаг гэж танилцуулахын дээр биднийг олон хэлбэр янзаар хийсэн тансаг сайхан цагаан идээний зүг хөтөлж:

- Зөөхий, цөцгий, ааруул, төд, өрөм, хавтгай өрөм, шар тос, сүүн чихэр гээд боож савлан төрөлжүүлсэн идээг нэг нэгээр танилцуулж, бүтээгдэхүүнээ брэнд болгож, голчлон компанид бөөнөөр борлуулах төдийгүй зах зээлд ч борлуулж байгаа. Манайхан хурууд 1 килограммыг 80 юаниар, хавтгай өрөм 1килограммыг 160 юаниар борлуулж байна.

Малын ашиг шимээрээ орлого олж, аж амьдралаа өөд татаж яваа малчин хүнд малын хишиг үүрд тогтох болтугай.                      

Монголоороо бахархах зүтгэл

Хүн ер нь хайртай дуртай амьдрал үйлсээ нандигнаж явахад баяр жаргалын бал амтагддаг нь үнэн. Сумын ажилтан Доржийн замчилснаар монгол гэр, монгол хувцас, монгол гоёл, монгол урлал, монгол идээг бүрдүүлэн хол ойрдоо алдар нэрээ мандуулж, хотол олноо уриалан яваа малчин Насантогтох, Улаанцэцэгийнд хүрлээ. Монгол гэрт нь ороход эмээл ногт, арьсан эдлэл, эсгий урлал гэхчлэн монгол онцлогтой бүхий л зүйлс гэрэл гэгээ татуулан чухам тал нутагт дэлгэгдсэн тансаг зураг болж харагдана. Кино зураг сонирхох байгаа мэт энэ бүхнийг сонирхох зуур гэрийн эзэгтэй Улаанцэцэг эгч биднийг цагаан идээ, сүү мах гэхчлэн байдаг амттан идээ будаагаар дайлж байлаа.

Монголын сэтгүүлчидтэйгээ холбогдохоос хагас өдрийн өмнө хүрсэн болохоор бид хүүхэд шиг Улаанцэцэг эгчийн ар өврөөр нь даган эргэлдэнэ. Суурингийн хажууд цагаан идээний тусгай байшин барьж буй ажилтнууд ч мөн бужигнаж, нам тайван хөдөөг хөл хөдөлгөөнөөр дүүргэж, бид нутаг усны түүх, нэр ус тэргүүтэй хөдөөний сайхан яриа дэлгэхэд сэтгэл догдолж байв.

Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн малчин Насантогтох, гэргий Улаанцэцэг нар 7000 гаруй нутагтаа үхэр малаа маллан аж төрнө. “Хөдөлмөрийн жишээч” орон, аймгийн “Хамгийн гоё гэр бүл”, “Ажил хөдөлмөрөөр чинээлэг болсон хамгийн гоё гэр бүл”, “Уламжлалт цагаан идээ боловсруулах жишээч өрх”, “2018 оны аймгийн хэмжээний хамгийн сайхан гэр бүл”, “Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх ажлын талд том хувь нэмэр үзүүлсэн шилдэг гишүүнээр үнэлэв” зэрэг олон олон шагналууд нүдэнд тусна. Цахимаар холбогдож ярилцаж байгаа нь анх удаагийнх байсан ч сэтгэл тэнүүн Улаанцэцэг эгч маань тулгамдахгүй хилийн чанадын сэтгүүлчидтэй ярьж эхэллээ.

- Би бага байхын ээжээсээ саалийн архи нэрэх, цагаан идээ хийхийг сурсан. Манайх уламжлалт аргаар өдөр өнжөөд нэг удаа нэрдэг байв. Өмнө нь хэсэг хугацаанд тасалсан ч ундааны дээжээ нэрэхийг сэргээж, хүүхэд багачууддаа таниулахаар хичээдэг.

- Гар урлалд дуртай болохоор Монголд хүрч сурсан. Байнга малчин бүсгүйчүүддээ сургалт явуулж тус дэм болохыг зорьдог. Тун удахгүй Эмэгтэйчүүдийн холбоонд хүрч хэд хоногийн сургалт явуулна.

- Би монгол гэртээ төрж өссөн болохоор монгол гэрт хайртай. Таван ханатай байснаа найман ханатай болгон шинэчлэн зассан. Хажууд маань өөрсдөө загварыг нь гарган барьсан шинэ цагийн тавилгатай шинэ байшин байгаа ч туж монгол гэрээ засаж сэлбэн чимэглэж суух дуртай. Хүүхдүүд маань хотод амар тайван суулгана гэхэд үхэр мал, үнээ тугалын дуундаа дадсан, мал нутгаасаа салж чадахгүй гээд хот ороогүй.

 - Та чухам Монголоороо гоёсон бүсгүй байна. Үргэлж урлаж оёдог уу? Таван хошуу малаа маллаж байна уу гэж бахархаж хүндэтгэн хилийн чанадын сэтгүүлч асууж байлаа.

- Манайх үхэр тугалтайгаа 100 гаруй, адуу 30-аад, шөлний хонь 30 гаруйг маллаж байна. Жилийн 10-аад үнээ саадаг. Олон жилээр адуу малаа маллаж, жилийн сүү цагаан идээний борлуулалт ч сайн байгаа. Ажил ихтэй ч цагаан идээгээ чадлаараа хийх дуртай. Удахгүй энэ барьж байгаа стандарт цагаан идээний шинэ байшин ашиглалтад орохоор цагаан идээгээ илүү ихээр хийж борлуулна. Эко малын ашиг шимээ олон хүнд хүргэхэд сэтгэл дүүрэн байдаг.

 - Энэ ноосоор хийсэн гутал, ноосоор хийсэн манай хошууны газрын зураг, энэ эсгий дээр урласан хүлэг гэхчлэн өөрөө урласан арьсан зураг, дээс бүслүүр, ханжаар, ширдгийг нэг нэгээр танилцууллаа.

- Нам засгаас гар урлалыг дэмжиж, машин тоног олгосон. Эдүгээ би эсгий урлалын тусгай тасгийг байгуулж байна. Үйлдвэрлэл амьдралын тоног төхөөрөмж бүрэн болж, ажил амьдралаа өнгөтэй өөдтэй болгож хүүхэд багачуудад монгол гар урлал, монгол соёлоо өвлөн уламжлах ёстой гэж боддог.

- Үнэхээр сайхан буянтай ажил хийж байна. Хүссэн бүхэн тань биелэх болтугай, амжилт хүсэж байна хэмээн хилийн чанадын сэтгүүлчид сайны ерөөл дэвшүүлэв.

Жаргал  амьдралаас  ургаж, сэтгэлээс дэлгэрдэг. Жаран насандаа Улаанцэцэг эгч маань уламжлалт амьдралын өрнүүн өв соёлыг өр зүрхэндээ өвөрлөж, нарийн утаа суунагласан монгол гэрийн зайд, газар нутгийн ганган байгальд баясан, хонь ямаа, үхэр тугалын нийлэх эх төлийн майлаан мөөрөлдөөн дунд энэ айлын тансаг амьдрал цэцэглэнэ.

Зохиогч: ХАНЬ ХУНШЯ, С.УРЬХАН, Т.БУЯНХИШИГ, О.МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл