Балбад албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 15-нд Балбын Ерөнхий сайдын орлогч, холбооны үйл хэрэг, орон нутгийн хөгжлийн сайд Биджеем Кумаром Гачхадаромтай хэлэлцээр хийсэн байна.
Ван Ян:
- Хятад, Балба хоёр орон бол уул усаараа холбоотой хөрш, харилцан итгэлцсэн анд нөхөд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэгч түнш юм. Ши Жиньпин дарга, Балбын удирдагч нартай тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээн дэх хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан өндөр амжилт гаргахад Хятад улс бэлэн байна. Хоёр орны худалдааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэн Балбын үйлдвэрлэлийн төвшингөө дээшлүүлэхэд нь дэмжиж тусална. Төмөр зам, авто зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдон хүмүүнлэгийн салбарын солилцоо, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж, Балба аялал жуучлалын төслөө олон янзаар танилцуулахыг дэмжинэ гэсэн байна.
Гачхадаром:
- Хятадын тал урт хугацааны туршид Балбын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Ялангуяа, гамшгийн дараах бүтээн байгуулалтад үзүүлсэн дэмжлэгт чин сэтгэлээсээ талархдаг. Балбын тал "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээгээ улам өргөжүүлэн дэд бүтцээр холбогдож, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулан эрчим хүч, гамшгаас сэргийлэх зэрэг салбарт хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
