8-р сарын 8-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, АСЕАН-ы ээлжит дарга орон Филиппиний ерөнхийлөгч Дутертед баярын цахилгаан илгээж, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан баяр хүргэв.
Баярын цахилгаандаа: Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буй үеэр, миний бие Хятадын засгийн газар, ард түмнийг төлөөлж, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс танд болон танаар дамжуулж, АСЕАН-ы гишүүн орнуудын засгийн газар, ард түмэнд халуун баяр хүргэж байна.
АСЕАН байгуулагдсан хагас зуун жилийн турш, тасралтгүй хөгжин, хамтын цогц байгуулан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө чухал үүрэг гүйцэтгэж, дэлхий олон туйл тийш хөгжихөд төлөөлөх чанартай хүчин болж бүрэлдэв. АСЕАН-ы хамтын цогцын бүтээн байгуулалт улам их хөгжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ахиулахын төлөө улам их хувь нэмэр оруулж, АСЕАН-ы олон орны ард түмэнд улам их үр ашиг хүртээхийг Хятадын тал хүсэн ерөөж байна.
1991 онд Хятад, АСЕАН яриа хэлцлийн харилцаа тогтоосноос хойш, хамтын ажиллагаа, хөгжлийн гол сэдвээ баримталж, хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжиж, бодит хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Хятад-АСЕАН-ы харилцаа АСЕАН-ы яриа хэлцлийн түншийн харилцааны хамгийн идэвх хүчинтэй, хамгийн баялаг агуулга бүхий харилцаа болсон байна.
Хятад улс үнэнч, дотно, ашигтай ойлголтыг үргэлжлэн баримталж, 2018 онд тохиох Хятад-АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ойгоор боломж болгож, одоогийн байдлаа сайтар зохицуулахын зэрэгцээ алсын хараатай байж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулж, түүнийг Азийн хувь заяаны хамтын цогцын үлгэр жишээ болгоход бэлэн байна гэжээ.
