

Орон нутгийн цагаар 11-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотод болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц бол тусгаар тогтносон, төлөвшсөн, хариуцлагатай том улс бөгөөд хоёр орны харилцаа стратегийн онцгой үнэ цэнэ, дэлхий нийтийн ач холбогдолтой юм. Хоёр тал стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, харилцан дэмжиж, Хятад Францын харилцааны эрүүл тогтвортой, нааштай хөгжлийн эрч хүчийг хэвээр хадгалж, Хятад, Европын харилцааны сайн сайхан хөгжил, дэлхийн энх тайван тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Францтай дээд зиндааны харилцаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, соёл боловсрол, орон нутаг, залуучууд зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад, Францын ард түмний харилцааг ахиулахад бэлэн байна. Хоёр тал эдийн засаг, санхүүгийн дээд түвшний яриа хэлцэл, Эдийн засаг, худалдааны хамтарсан хороо зэрэг механизмуудыг сайн ашиглаж, хамтын ажиллагааны нөөц бололцоог гүнзгий хайж, харилцан давуу талаараа нөхөж, санал зөрөлдөөнөө зөв шийдвэрлэн, харилцан ашигтай хамтын ялалт байгуулна гэдэгт найдаж байна гэжээ.
Эммануэл Макрон хэлэхдээ, Франц улс стратегийн бие даасан байдлаа баримталж, Хятад улстай харилцан хүндэтгэсэн үзэл санааны дагуу яриа хэлцээ хийж, хамтын ажиллагаа өрнүүлэн, худалдаа эдийн засгийн маргааныг зөв зохицуулж, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, хиймэл оюун ухааны дэлхийн засаглал зэрэг салбаруудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
