ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл, Цэргийн Төв Зөвлөл Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэллээ. Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлж, Хятадын ард түмнийг нэн сайн сайхан амьдруулья гэвэл ардын чөлөөлөх армийг эрхбиш дэлхийн тэргүүлэх арми болгон бүтээн байгуулах хэрэгтэй. Анхны зорилтоо марталгүй, үргэлжлэн урагшилж, Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, армиа хүчирхэгжүүлэх үйлсийг тасралтгүй ахиулах хэрэгтэй гэсэн байна.
Нөхдөө, Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жлийн ойг тэмдэглэх хурал эхэлснийг мэдэгдье.
1-ний өдрийн хурал онцгой сүр жавхаатай болж, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны 7 байнгын гишүүн, Бээжин дэх нам төрийн удирдагчид, мөн олон салбарын төлөөлөгчид нарын 3000 хүн оролцлоо. Үдээс өмнийн 10 цагт ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хурал эхэлснийг мэдэгдэхэд бүгдээрээ босож зогсон, төрийн дуулал эгшиглүүллээ. Халуун алга ташилтын дунд Ши Жиньпин дарга үг хэлж, ХКН-ын удирдсан Ардын чөлөөлөх армийн гэрэл цацрангуй түүхийг эргэцүүлж, батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтын гэгээн саруул ирээдүйг барааллаа. Тэр хэлэхдээ:
- 90 жилийн урт удаан практикийн явцад Ардын чөлөөлөх арми намын удирдлага дор цэргээ засах иж бүрэн зарчим тогтоож, ардын дайны стратеги тактикийг хөгжүүлж, өвөрмөц онцлогтой яруу алдарт уламжлал болон шилдэг суртлыг бий болгосон юм. Энэ бол Ардын чөлөөлөх армийн ялалтаас ялалтад давшихын үе уламжилсан нандин эрдэнэ юм. Ардын чөлөөлөх армийн үүрд мартаж болшгүй хувьсгалт уламжлал юм гэж хэллээ.
Ши Жиньпин дарга “Намын удирдлагыг баримтлах бол Ардын армийн мөн чанар болон хүсэлт зорилтын хамгийн үндсэн баталгаа байж, эрхэм дээд үзэл зорилт, итгэл зориг бол ардын армийн шантаршгүй хатуужил тэмцлийн үзэл санааны эрч энерги мөн. Ардын арми эрхбиш зоригтойгоор өөрчлөлт хийж, идэвхтэйгээр шинийг санаачилж, ямар ч цаг үе, нөхцөл байдалд зогсонги, хоцрогдмол байдалд орохгүйгээр, ялалтын төлөөх эрэмгий зоригоо бадруулан төмөр шиг хатуу сахилга журмаар бэлтгэл сургуулилтаа хийж, нэгэн сэтгэлээр ард түмэндээ үйлчлэх үндсэн үүргээ цаг ямагт ухамсарлан ямар ч үед ард түмний арми байхаа баримтлах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга цааш нь тэмдэглэхдээ, “Намын 18-р хурлаас хойш Ардын арми нь цаг үетэй алхаагаа нэгтгэн стратегийн шинийг үүдэж, шинэ нөхцөл байдалд зохицсон хөгжлийн чиг хандлагыг тогтоон, улс төрд суурилан армиа байгуулах эрч хүчийг нэмэгдүүлж, үндэсний батлан хамгаалах болон цэрэг армийн өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэн, Армийн удирдах зөвлөл ерөнхийд нь удирдан, байлдааны стратеги бодлого болон командлалыг байлдааны бүсүүд хариуцаж, олон төрөл армиуд нь зөвхөн бүтээн байгуулалтыг хариуцах шинэ байдлыг бий болгож, Хятадын онцлогтой социалист цэрэг армийн системийг байгуулах талаар түүхэн чанартай чухал алхам хийж, улс төрийн орчин, зохион байгуулалтын арга хэлбэр, хүчин чадавхын тогтолцоо, хэв суртал болон дүр төрх зэргийг бүгд шинэчилж, Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замаар чухал алхам хийх хэрэгтэй гэсэн байна. Одоогоор Хятад улс ховор тохиох боломж болон томоохон сорилтуудад зэрэг тулгарч байна. Түүхэн хөгжлийн шинэ гараан дээрээс армиа цааш нь хэрхэн хүчирхэгжүүлэх тухай тэрээр хэлэхдээ:
“Нэгд, армиа хүчирхэгжүүлэхэд эрхбиш намын удирдлагыг хэлбэрэлтгүй баримталж, ардын арми хэзээд намаар удирдуулахыг батлах хэрэгтэй. Хоёрт, цэрэг дайны тухай намын удирдах онолыг эрхбиш хөгжүүлж, Марксизмын цэрэг дайны онол болон орчин үеийн Хятадын цэрэг армийн практик хөгжлийн шинэ төлөвийг нээх хэрэгтэй. Гуравт, цаг ямагт дайны бэлтгэл хангаж, маш чанга байлдах хүчин чадвартай, ялалт байгуулах эрч итгэлтэй армийг байгуулах хэрэгтэй. Дөрөвт, улс төрд тулгуурлан армиа байгуулах, өөрчлөлт болон технологиор армиа хүчирхэгжүүлэх, хуулийн дагуу армиа удирдахыг хэлбэрэлтгүй баримталж, батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн байгуулалтын түвшинг тал бүрээр дээшлүүлэх хэрэгтэй. Тавд, цэрэг арми болон ард иргэдийн уялдаа нэгдлийг гүнзгийрүүлж, арми болон иргэдийг нэгтгэсэн үндэсний стратегийн тогтолцоо болон хүчин чадавхийг бий болгох хэрэгтэй. Зургаад, бүх сэтгэлээрээ ард түмэндээ үйлчлэх үндсэн чиг үүргээ тууштай баримталж, хэзээд иргэдийн итгэл хүндэтгэлийг хүртсэн арми байхыг баримтлах зэрэг болно” гэжээ.
Ши Жиньпин дарга Хятад улс нь хэзээ ч дэлхийн энх тайвны үйлсийн бүтээн байгуулагч, олон улсын хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэг журмыг хэлбэрэлтгүй хамгаалагч байж, Хятадын арми нь дэлхийн энх тайвныг хамгаалах тууштай хүчин байх болно гэсэн байна.
