Нэрээ бичиж чадахгүй харц иргэн ном сэтгүүл унших боллоо
Мажиг энэ жил наян тав хүрч өндөр насыг зоогложээ. Үс нь бууралтан, шүд нь унаж, хөл нь майга болж, нуруу нь бөгтийсөн ч хүрэн торгон тэрлэг өмсөж, хөх цэнхэр алчуур даруулаад, нарны шил зүүж хааяа тамхиа татах нь намба ихтэй.
Мажиг гуай олон үгтэй, ярианд дуртай. Ялангуяа хуучны юм, залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож, сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог.
- Би 1933 оны төл. Ноёд баядын доорх харц айл боловч нутгийн буяндаа түшиж идэх хоолтой, өмсөх хувцастай, таван ханатай монгол гэртээ аав ээжтэйгээ, эгч дүү гурав өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж нүүгээд л амьдарч байсан гэж Мажиг үлгэр түүхээ эхлүүллээ.
1945 онд Мажигт аз бус учрал тохиож, уул шиг түшиг болсон аав нь бурхан болсноор тухайн үед арван хоёрхон настай тэрээр ээж болон эгч дүү нартайгаа өнчин хоцорчээ.
- Хүн төрийн сайнаар өөдөлдөг юм байна шүү гэж Мажиг гуай тамхиа татаж, халуун цай оочлох зуур ярина.
Мажигийн өөдөлсөн учир нь амьдралын өөрчлөлт төдий биш. Мартагдашгүй гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нь бичиг үсэг таньж, сонин сэтгүүл уншиж чадсан явдал юм. Бичиг үсэгтэй хүн тэр үеийн хөдөө нутагт их цөөн байжээ.
- Тэр үед “Ардын багш” гэдэг хүн малчдыг соёлын ядуурлаас арилгана гээд оройдоо залуучуудыг цуглуулж бичиг заана. Нэрээ бичиж, уншиж чадахгүй намайг ардын багшийн сургалтад явуулж хориод хоног суралцуулсан. Ингэж бичиг сурах амтанд ороод хөдөө малд явахдаа ном авч яваад малынхаа захад уншин, элсэн дээр бичиж зураад суудаг боллоо.
Мажиг маш ихээр хичээн суралцан тун удалгүй өөрийн нэрээ таньж, бичиж чадах болсон бөгөөд сонин сэтгүүл ч уншиж чадах болжээ.

Малчин Мажиг манлайлагч Мажиг боллоо
Хятад улс байгуулагдсанаас хойш ялангуяа тавиад оноос малчин айл өрх, сум, баг, дугуйлан зэрэг бүгд зохион байгуулалттай болжээ. Эвлэлийн үүр, залуучуудын зохион байгуулалт, эмэгтэйчүүдийн зохион байгуулалт гэж гарсан бөгөөд баг болгонд аюулгүй байдлыг хамгаалах хэдэн хүнтэй.
- Шинэ нийгмийн залуучууд хичээх хэрэгтэй гэж баг, сумын дарга нар уриалдаг боллоо. “Эрдэм номтой хүнд хүрэхгүй газар, үзэхгүй юм, унахгүй унаа гэж байхгүй болно” гэж хэлсэн нь юутай сайхан холч ухаантай зөн бэлгэтэй үг байсан аж. Бид ч хөлсөө урсган чармайдаг байсан гэж ярихад Мажиг гуайн үрчлээстэй царай нь гэрэлтэж байсан.
Өдөрт нэг юанийн орлоготой малчин өөрийн гэх мал бэлчээртэй боллоо
Намын XI дэх удаагийн төв хорооны III бүгд хурал амжилттай хуралдаж, өөрчлөлт нээлтийн урьхан салхи Хятадын эх газрыг илбэн, хувьчлалын төрийн бодлого хэрэгжээд, хөдөлмөрлөснийхөө хэрээр хуваарилах болсноор хүмүүс баян чинээлэг амьдрахын төлөө шаргуу ажиллаж эхлэв. Шилийнголын тал нутагт мал бэлчээрийн хувьчлалын дүрэм 1982 оноос эхэлжээ. Мал бэлчээрийн хувьчлалын дүрмийг хэрэгжүүлсний дараа нэгдлийн малыг сайн хариулсны ачаар Мажигийнх 100 гаруй бог мал, арваад бод мал, 46.67 га талбай бэлчээртэй болжээ.
- Ардын нэгдэл гараад дөрөв таван шөлний хонь, унааны морь нэг, цайны сүүний үнээ нэг хоёрыг үлдээгээд бусад малаа бүгдийг нэгдэлдээ өгсөн. Нэг өдөр ажиллаад одоогийн байдлаар бодоход бараг нэг юань олж байсан бололтой. Миний бага дүү адуучин хүн. Би нэгдлийн үхрийг арваад жил хариулсан.
Мажиг гуай 50-иад онд хуримлаад удалгүй салжээ. 1958 онд дахин Жамсран гэх хүнтэй суугаад таван хүүхэдтэй болов. Хүүхдүүд нь одоо бүгд хөдөөнөө малаа маллан амьдарч байна.
Түүний хуучлахаар, 1977 оны төмөр зудад багийн 20 мянга гаруй малаас зөвхөн 5000 гаруй нь л үлджээ. Тэднийх Шил нутагт ганц айлаараа өвөлжсөн бөгөөд хонхорт хэдэн хүүхэдтэйгээ цасан доорх хөрзөн малтаж түлээд зудыг туулж гарсан гэнэ. Мөн дээд шатнаас зарим айлд нүүрс, хүнс хоол буулгаж өгсөн гэдэг.
80-аад оны дундуур Мажигийнх 500 гаруй малтай болжээ. Малаа өсгөнө гэж хичээж байсан цаг болохоор хамгийн ихдээ мянга гаруй ч болсон удаатай. 2000 оны зудад 300 гаруй малаа сүйтгээд 400-аад хонь үлдсэн боловч орчин үеийн шинэ маягаар мал аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого болон хүүхдийнх нь хичээл зүтгэлээр хонь үхэр нийлээд мянга гаруй болж, чинээлэг амьдралыг эдэлж явна.
Амьдралын зовлон зүдүүр бүхнийг туулаад өөрийнхөө гэх мал бэлчээртэй болсноо ярихдаа Мажиг гуайн магнайн гүн үрчлээ тэнийчихсэн байлаа.
- Өөртөө Засах Орон байгуулагдаад 70 жил боллоо. Энэ 70 жилийн өөрчлөлт яасан их байна аа гэж Мажиг гуай сурвалжилгын дунд дахин давтан ярьж байсан.
Мажиг гуай 70 гартлаа мал дээрээ байснаа ач нь цэцэрлэгт ороход тогоо барихаар хотод иржээ. Ихэнх насаа хөдөө нутагт малтайгаа ханилан өнгөрөөсөн хүн хотод байр байшинд сууж хоригдох дургүй. Тиймээс зундаа хөдөө очдог гэнэ. Одоо сарын 300 юанийн түрээсийн мөнгө тушаагаад ахмадын асрамжийн газар амьдарч байгаа бөгөөд сардаа тэтгэвэр 600 гаруй юань авдаг байна.

Хоромхон мөчид сэтгэлд мөнхрөх сайхан хайр байдаг юм шүү
Улс гэдэг нь юу болохыг мэдэхгүй байсан хүн Хятад улсын даргатай уулзсан тухай нь яриулахад Мажиг гуайн нүд нь сэргэж, нүүрэнд нь инээмсэглэл тодров.
- Цаг төрийн өөрчлөлт хувирлыг биеэрээ өнгөрүүлж, хэдэн төрийг элээсэн хүн шүү би чинь. Хуучин нийгэмд баяд ноёдын барааг олж харахгүй. Тэдэнд иргэдээ эргэнэ гэдэг ойлголт байхгүй. Одоо идэх уух өмсөж зүүхээр дутахгүй, юу хүссэн бүхэн байна. Нам төрийн хамгийн дээд удирдлагаас эхлээд ард иргэдтэйгээ уулзах болсон сайхан цаг шүү гэж хэлээд халуун цай зооглосон Мажиг гуайн баясгалантай байгаа нь хүүхэд шиг өхөөрдөм.
- Улсын дарга 2014 оны 1 дүгээр сарын хорьдоор манай хөдөөний гэрт ирсэн юм. Ирэхээс нь өмнө манай сумын арваад айлыг сонгоод, манайд очуулах гэж тогтов. Шилийнхотоос 40 км зайтай, зам харилцаа сайн болохоор манайхыг сонгосон бололтой. Ямар том удирдлага ирэх гэж байгааг ч мэдэхгүй. Харин машинаасаа буугаад ирэхэд би таньсан. Төрийн их удирдлага гэж харагдахгүй. Эгэл жирийн хүн ирсэн дээ хөөрхий. Нам төрийн том удирдлага тийм л халуун дотно байхаар нь би ч бачимдаж сандрахаа болиод баярлахдаа хавь ойрын танилтайгаа ярьж байгаа юм шиг бүр амьдралаа ярьчихсан. Манайхыг хэдэн хүн амтай, мал хөрөнгө, нутаг бэлчээр хэд вэ гэж дотно асуугаад байсан. Би ч амжиж хариулан, бас өөрийнхөө санал бодлоо ярьсан.

- Малчин ард тал нутагт тархай бутархай амьдарч байгаа болохоор цахилгаан, зам харилцаа амаргүй байна гэхэд
- Та зөв ярьж байна. Сэтгэл амар сууж байгаарай. Таны ярьсныг алхам алхмаар биелүүлж өгнө гэж дарга маань ярьсан. Үнэхээр биелүүлсэн шүү. Энэ гурван жил манай энд цахилгаан ороогүй айл байхгүй болсон. Даргыг ирснээс хойш зам, цахилгаан түгээмэл болсон гэж Мажиг гуай Ши Жиньпин даргатай уулзсан тэр мөчөө дурсаж байлаа.
Мажиг гуайн сэтгэлд Хятад улсын дарга энгийн иргэн шиг л санагддаг. Амьдралын өөрчлөлт, хөгжил, аз жаргалынхаа тухай ярилцаад баймаар санагддаг болохоор телевиз радиогоос цаг үеийн мэдээг алдалгүй үзэж сонсдог болжээ. Ингээд Хятад улсын дарга хаагуур юу хийгээд завгүй явна вэ хэмээн анхаарч, мэдээ харах бүрдээ улсын даргыг дурсан санаж, өр зүрх нь догдолдог. Мөн ханандаа өлгөсөн улсын даргатай хамт авуулсан гэрэл зургаа өдрийн хэдэн удаа арчиж цэвэрлэдэг нь түүний өдөр тутмын чухал ажил болж, зүүдэндээ ч улсын даргатай ярьж явлаа.
- Хоромхон мөчид ч сэтгэлд мөнхрөх сайхан хайр байдаг юм шүү гэсэн Мажиг гуайн үг бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн.
Сурвалжилга авах үед Мажиг гуай мөн л “Улсын дарга маань сэтгэл амар байгаарай. Шилийнголын малчид таныг үргэлж санаж байна. Бид их аз жаргалтай байна гэж дамжуулаад өгөөрэй” гэж бидэнд захиж байлаа.
