Хөхрөн униартах Далан харын хормойд сүүн цагаан монгол гэрүүд цайран баярын инээд цалгилна. 8 дугаар сарын 8-ны үдээс хойш 16:00 цагт Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурал Хөххотод дэлгэр ихээр хөшгөө нээлээ. Хөхталын номин ногоон дэнж дээр “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэх монгол, хятад үсэг дурайж, цаагуур нь “Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны эргэн тойронд нягтран нэгдэж, шилдэг үр дүнгээрээ ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдахыг хүсье” гэх хөндлөн бичээс тодрон харагдаж, үзэгчдийн тайзны хоёр талд зуун зууныг туулсан хасаг тэрэгний хүрд болон сүүн цагаан монгол гэрийн эгнээ харагдана. Солонгон өнгийн туг далбаа салхины аясаар намирна. Үзэгчдийн тайзан дээрх “1947”-“2017” гэх тоо нь хүмүүст Өвөр Монголын туулж өнгөрүүлсэн 70 жилийн аяныг сануулна.

ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хорооны орлогч нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь нээлт эхэлснийг зарламагц, зуун морьтон талбайд давхин орж, монгол морины зориг, агт хүлгийн давхиагаар давшиж ирсэн Өвөр Монголын хөгжлийг тод харуулан, жороо морьтны эгнээ нь Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний аз жаргалтай амьдралыг уран дүрслэг илэрхийлжээ.

Нээрэн 70 жилийн турш Өвөр Монголд тэнгэр газрыг донсолгосон өөрчлөлт гарав.
Өнөөдөр Өвөр Монголын аж ахуйн ерөнхий бодит хүч мэдэгдэм чангарч, 2016 оны орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1,86 их наяд юаньд хүрч, баруун хэсгийн муж орны өмнө орж, хүн дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 74069 юаньд хүрч, Хятад улсад 6-рт жагсав. Ядуурлыг бууруулах ажил амжилт бүтээл илэрхий бөгөөд одоогоор Өвөр Монголын ядуу буурай хүн ам буураад 556 мянганд хүрэв. Үүнээс гадна сурган хүмүүжил, орон сууц, шинжлэх ухаан техник мэргэжил, спорт зэрэг бүх төрлийн нийгмийн ажил үйлс тогтвортой баттай ахиж бүх талын дэвшлийг биелүүлжээ. Их хурлын “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол” гэх нэгдүгээр бүлгээс бүх аймаг хотын өнгө галбирыг харуулсан “Тал нутгийн найрал хөгжим”-д шилжлээ.

Болд төмрийн аж үйлдвэр, тал нутгийн аж үйлдвэрийн бэлгэ тэмдэг болсон Бугат хотын жагсаалын эгнээ; тал нутаг, гол мөрөн, шугуйт орны төгөлдөр үзэмжтэй, умардын нүүдэлчин үндэстний ариун өлгий болсон Хөлөнбуйр хотын жагсаалын эгнээ; далан жилийн өмнө Өвөр Монголын Өөртөө Засах Орны мэндэлсэн өлгий, агуу их Хятад улсын үндэстний орны өөртөө засах байгууллын өлгий болсон Хянган аймгийн жагсаалын эгнээ; Хорчин соёлын ариун голомт, үлгэр хуурын нутаг, андай бүжгийн биелээтэй, Сэнгэринчин, Гада мэйрнийг өлгийдсөн Тунляо хотын жагсаалын эгнээ; Aсагтын гайхамшигт үзэмжтэй, хас луугийн өлгий нутаг болсон үлэмж соёлтой Улаанхад хотын жагсаалын эгнээ нь эмх цэгцтэй омог төгөлдрөөр тайзны өмнүүр өнгөрөн гарна. Мөн хүчит бөхийн өлгий, Хятад улсын адууны өлгий, уртын дууны нутаг, мал аж ахуйн соёлын маш нарийн ухааныг хадгалсан Шилийнгол аймгийн жагсаалын эгнээ өнгөрөн гарч байгаа нь энэ. Дараа нь тал нутгийн арьсан эдлэлийн төв, төмсний хот болох Улаанцав хотын жагсаалын эгнээ; нүүрсний үйлдвэрийн шинэчлэлтэй, өрнөл хөгжилтэй Ордос хотын жагсаалын эгнээ; “Хун галуу” хэмээх дуугаараа даяар олонд танигдан, Мунь уулын хадны зураг, Бортохойн халиурсан тариа, говийн улаан тэмээтэй Баяннуурын жагсаалын эгнээ; элсэн цөлийн ногоон бүрд, нүүрс химийн аж үйлдвэрийн хот хэмээгдсэн Ү Хай хотын жагсаалын эгнээ; атан тэмээний алхаатай, тооройн ой, Бадайн жарны өвөрмөц үзэмжтэй Алшаа аймгийн жагсаалын эгнээ; Өвөр Монголын улс төр, эдийн засаг, соёлын төв, Хятад улсын сүүний хот болсон Хөххотын жагсаалын эгнээ нутгийнхаа төрхийг гайхуулан талбайд орж ирлээ.

Хөхталын дэнжид монгол хувцастай уран бүтээлчид гарч ирэхээр хүмүүс гар утсаа гарган зураг авна. “Мянган хүний хувцас загварын үзүүлбэр”-ээр их хурал нь “Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэх төгсгөлийн бүлэгт орлоо. Дэгжин бүжигчид цовоо цолгион аяыг дагаж тайзны голд дэвхрэн орж андай бүжгээ бүжиглэцгээнэ. “Мянган хүний андай бүжиг”-ийн дараа мянган хүний эвээр амилсан “Түмэн агтны төвөргөөн” хангиналаа. Үзэгчдийн суудалд сууж буй Тэнгис:
- Би морьтон үндэстний хойч үе болохоор “Түмэн агтны төвөргөөн” гэх морин хуурын аяыг сонсох дуртай. Ялангуяа энэ удаагийн их хурлын морьтны эгнээ, морины нуруун дээрх цирк нь надад маш гүн сэтгэгдэл үлдээж, Өвөр Монголд төрж өссөндөө омогшин бахархах сэтгэлгээ түрэгдсэн, хожим би улам илүү ажиллаж үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулахад хувь нэмэр оруулна гэж сурвалжлагчид ярив.

Их хурлын талбайд “Хятад улсаа магтан дуулъя” гэх дуу хангинан цуурайтахад үзэгчид даган дуулцгаалаа. Энэ үед өсгөгчөөс “Өвөр Монголын маргааш илүү сайн сайхан болохыг хүсэн ерөөе, агуу их Хятад улс өнөд цэцэглэн мандах болтугай, үндэстний ард түмэн амар жаргалтай амьдрах болтугай” гэх зөгнөл бэлгэдлийн дуу хангинан цуурайтна.

70 жилийн ер бусын аян, 70 жилийн хатуу тэмүүлэл! Бид магтаал дуугаа үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол, агуу их Хятад улсдаа өргөн барина!




