solongonews
Тал нутгийн хөл бөмбөгийн халуурал
2015-07-19 12:55
Хаа сайгүй хөл бөмбөгийн холбогдолтой арга хэмжээ, үйл явдлууд болж, өргөн уудам тал дээр ч хөл бөмбөгийг ид тоглоцгоож байна.

Хаа сайгүй хөл бөмбөгийн холбогдолтой арга хэмжээ, үйл явдлууд болж, өргөн уудам тал дээр ч хөл бөмбөгийг ид тоглоцгоож байна. Сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн, мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээн гээд л Өвөр Монголд хөл бөмбөг урьд өмнө байгаагүйгээр улам хөгжсөөр. 

Сургуулийн хөл бөмбөг
Ордос хотын Хан Жинь хошууны И Ли Дорно дахины сургууль /И Ли группийн хөрөнгө оруулж байгуулсан сургууль/ Өвөр Монголын сургуулийн дөрвөн төрлийн хөл бөмбөгийн тэмцээний нэг болох “Сургуулийн захирал цом” тэмцээн зохион байгуулав. Тэмцээнийг сонирхож байсан сургуулийн захирал Жэн Айшэ танилцуулахдаа: - Манай сургууль нийт 21 ангитай, 812 сурагчтай. Түүнчлэн орчин үеийн иж бүрэн биеийн тамирын тоног төхөөрөмжтэй. Манай сургууль сургуулийнхаа хэмжээнд хөл бөмбөгийг чухалчилдаг. Үүнд сурагчид ч урамшиж, хөл бөмбөгийг маш баяр хөөртэй тоглох болсон. Одоогийн байдлаар анги бүр тус тусдаа хөл бөмбөгийн багтай болоод байна гэлээ.
Өнгөрсөн оны намар Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Сургуулийн захирал цом”, “Хошуу шяний дарга цом”, “Аймаг хотын дарга цом”, “Тэргүүлэгч цом” зэрэг дөрвөн төрлийн сургуулийн хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан ба энэ жил гэхэд хоёр дахь ээлж нь болж байна. 
Өнөөдөр Хөххотын Монгол Үндэстний сургуулийн эмэгтэй хөл бөмбөгийн баг болон Бугат хотын Бао Ган нэгдүгээр дунд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн баг, И Ли дорно дахины сургууль, говийн гүн дэх Алшаа аймгийн зүүн хошууны тавдугаар дунд сургууль зэрэг 3000 гаруй сургууль хөл бөмбөгийн сорилт, сургалтаа цаашид улам эрчимжүүлж, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөл бөмбөгийн хүчирхэг сургууль болох зорилго тавин чармайж байна. 
Мэргэжлийн бус хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 
Өнгөрсөн жил “Хэн хөл бөмбөгийн хаан бэ” нэрэмжит хөл бөмбөгийн таван хүнээс бүрэлдсэн аварга шалгаруулах тэмцээн өргөн цар хүрээнд өрсөлдөөнтэй явагдсан. Өвөр Монгол дахь хөл бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй, өргөн явагдаж, тэмцээнд оролцогчдын тоо 1600-д хүрсэн байна. 
Өвөр Монголын биеийн тамирын товчооны дарга Тань Жинфэн хэлэхдээ: - Хөл бөмбөгийн жинхэнэ мэргэжилтнүүд энгийн иргэдийн дунд байна гэсэн үг үнэхээр зөв байжээ. Энэ нь мөн хөл бөмбөг бол дэлхийн хамгийн өргөн цар хүрээнд хөгжсөн, хамгийн нөлөө ихтэй спортын төрөл гэсэн үгийг бодитоор харуулж байна гэв.
Алшаа аймгийн хэсэг мэргэжлийн бус хөл бөмбөгийн хоббитнууд 2000 оноос эхлэн 7 хүнээс бүрэлдсэн хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ба өнөөдөр нэгэнтээ 15 жил болж байна. Жил бүрийн 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд 200 гаруй хөл бөмбөгийн хоббитнууд 12 багт хуваагдан өрсөлддөг. 
Улаанхад хотын мэргэжлийн бус багуудын хөл бөмбөгийн тэмцээн мөн ид өрнүүн явагдаж байна. Жаран насны давааг давсан нэг хэсэг мэргэжлийн бус хөл бөмбөгийн хоббитнууд тэмцээн зохион байгуулж харилцан өрсөлдөж байлаа. Эдгээр хүмүүс хөл бөмбөг тоглоод нэгэнтээ 22 жил болжээ. Энэ нь тэдний амьдралын баяр баясал болдог. Дундад улсын хөл бөмбөгийн холбооны үндэсний хоёрдугаар Лигийн шинэ гишүүн “Бугат хотын Нань Жяо хөл бөмбөгийн клуб” нь эхлээд мөн л мэргэжлийн бус хөл бөмбөгийн баг байсан бол 17 жилийн сургалтаар дамжин эцсийн эцэст мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. 
Өвөр Монголын биеийн тамирын товчооны орлогч дарга Ү Ган хэлэхдээ: - Өвөр Монголын хөл бөмбөгийн өнөөдрийн амжилтад мэргэжлийн бус хөл бөмбөгийн баг ихэд хувь нэмэр оруулсан. Мэргэжлийн хөл бөмбөгийн баг хасагдсаны дараах хоосон орон зайг мэргэжлийн бус хөл бөмбөгийн баг л нөхсөн юм. 

Мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээн 
Мэргэжлийн хөл бөмбөгийн багтай болох нь Өвөр Монголын хөл бөмбөг дэмжигчдийн хамтын мөрөөдөл байлаа. Өнөөдөр гэхэд Өвөр Монголд хөл бөмбөгийн холбогдолтой ажил ихээхэн хүндлэгдэж, олон төрлийн тэмцээн ч ид өрнүүн явагдаж байна. Энэ жилийн Дундад улсын мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээнд Өвөр Монголын хоёр баг оролцох эрхийг олсон байна. Өвөр Монголын хөл бөмбөг тоглогчдын мөрөөдөл ийнхүү биеллээ оллоо. 
Энэхүү мэргэжлийн тэмцээнд оролцох Өвөр Монголын хоёр баг тус тус Дундад улсын хөл бөмбөгийн холбооны үндэсний хоёрдугаар Лигийн шинэ гишүүн “Бугат хотын Нань Жяо хөл бөмбөгийн клуб” болон Дундад улсын хөл бөмбөгийн өндөр зэрэглэлийн Лигийн шинэ гишүүн “Хөххотын Жүн Ю баг” болно. 
Хөххотын хөл бөмбөгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Лю Жэ хэлэхдээ: - Одоогийн хөл бөмбөгийг хүндэтгэн чухалчилж байгаа энэ сайхан эрин цаг Өвөр Монголд мэргэжлийн хөл бөмбөгийг хөгжүүлэх азтай завшааныг авчирч өгсөн. Өвөр Монгол ийм сайхан тохиолыг ашиглан мэргэжлийн хөл бөмбөгийг дүрэмжүүлэн хөгжүүлж, Дундад улсын мэргэжлийн хөл бөмбөгийн оргилд гарахыг зорих ёстой гэж ярьлаа. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл