1207 онд их монгол улсын үед алс баруун зүгээс Үзэмчин, Үжээдүүд нэгджээ. Эрт үе Үзэмчин үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог.
Үзэмчин аймаг Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө олон жил энэ нутагтаа амьдран суусан бөгөөд XV зууны үед Батмөнх даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. XVI-XVII зууны заагт Халхын Цэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харьяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.

Үзэмчин цагаан адуу
Ийнхүү Үзэмчин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн харьяанд Баруун, Зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг хэсэг нь Бөхөд Найрамдах Монгол Ард Улсад нүүн ирж нутагласан байна. Энэ үед голчлон Зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна Баруун хошуунаас цөөн өрх айл иржээ.


Үзэмчин гоёл
Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан Зүүн Үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж Хэрлэн , Буян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум,1961 онд Хэрлэн - Буян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харьяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох Баруун Үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2010 оны хүн амын тооллоор 2577 иргэд өөрсдийгөө Үзэмчин хэмээн бүртгүүлжээ.

Үзэмчин бөх
Үзэмчин нар нь тараг бүрдэггүй, шашин шүтлэгийн хувьд сүлд шүтлэгтэй байжээ… Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны “хөдөө сүлд” байгаад 1945 онд Дорж ноён тэргүүтэй хэсэг айл Монголд орж ирэхдээ авчирчээ. Энэ сүлдийг “Чингисийн алтан дөрөө” хэмээх бөгөөд задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэдэг тул гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ.

Үзэмчин хонь
Аман ярианд Галдан бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Сэелжийн голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул Үзэмчин хошууныхан сүлд болгон авч дахисан гэдэг.

Мөнгөн өвлийн Үзэмчин
Одоо бидний сайн мэдэх Өвөр Монгол бөхийн барилдааныг бас Үзэмчин бөх гэх нь бий. Үзэмчин дээл нь захын урд хэсгээс энгэр уруу задгайрсан, ханцуй нь нарийн урт, зах нь босоо өндөр, дээлийн хормой нь дэрвэгэр байдаг. Хантаазыг “хазаар, ханжаар” гэх мэтээр нэрлэдэг бөгөөд эрчүүдийн хантааз нь ар, урд, хажуудаа оноотой, дагасан давхар эмжээртэй, эрчүүд нь залаат малгайнуудыг голчлон өмсдөг. Эмэгтэйчүүд нь өдөр тутам богино ууж өмсөж, хүндэтгэлийн үед урт уужийг хэрэглэдэг.
Үзэмчин эмэгтэйчүүд уран нарийн хийцтэй мөнгөн эдлэлийг маш их хэмжээний эрдэнийн чулуутай хамт хэрэглэнэ. Духны урд талд олон салаа улаан шүр унжсан байх ба бусад ястны адил нөхөрт гараад үсний гэрийг хэрэглэнэ. Тойвын дээд хэсгээр улаан шүрээр чимсэн мөнгөн толгойтой, ихэвчлэн том том эрдэнийн чулуугаар энгэрийн гуу хийж зүүдэг. Балын доорд хэсэгт жижиг сэнжнээс зүүсэн таван өнгийн алчуураар гуйдаг .

Амгалант Үзэмчин
Мөн ардын домог ярианд зэрлэг үзэм ихтэй Үзмийн Цагаан ууланд аж төрж байсан тул Үзэмчин гэх болсон гэдэг. Оросын нэрт шинжээч Э, Тимукуваски “1820 -1821 он Монголыг дайрч, Хятадад аялсан нь” гэдэг зохиолдоо тэр үеийн Үзэмчний тухай товч өгүүлж, Үзэмчин гэдэг нэрийн тухай тайлбар хийхдээ “үзмэрч” буюу “үзмэрчин” гэж тэмдэглэсэн байна.
Б.Рэнчин энэхүү үгийн язгуур гарлын тухай Үзэмчин гэдэг нь харахын “үзмэрч” гэдэг үгээс үүсэлтэй гэж өгүүлснийг мөн хайхрахгүй байж үл болно.
Мөн амтлаг сайхан жимс ургадаг “Үзэм хайрхан” уул даваанаас урагш Дөтгөн хэмээх алтны уурхайтай газар бий, түүний баруун урд орших ганц шовх уулыг “Үзэм уул” гэж нэрлэдэг. Дээрх нутгаар амьдарч байсан хэсэг монголчууд тэр ууланд ургасан зэрлэг үзмийг түүж хэрэглэдэг байсан учир “Үзэмчин” нэртэй болжээ гэсэн тайлбар байдаг юм. Зарим Үзэмчин хүмүүсийн ярьж байгаагаар Хөвсгөл аймагт байсан жимс ихтэй нэгэн уулнаас дундад зууны үед Өвөр Монголд нүүн очсон гэх нь бий.
