solongonews
Хадаг юуг бэлгэддэг вэ?
2015-06-16 11:03
Монголчууд цагаан, шар, улаан, цэнхэр, ногоон таван өнгийн хадгийг эрхэмлэн дээдэлдэг байна.

Дээр үед, хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж , архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад , эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан ажээ.“ Таван өнгийн хадаг ”-ийг хадгалж, буян тогтоож, баян чинээлэг, гай гарзгүй, энх төвшин явахыг бэлгэддэг. Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг: Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг гийгүүлдэг амарлингуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд бэлэгшээдэг.

Шар хадаг : Аливаа муу бүхнийг зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн саран мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг : Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бөх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг : Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны бэлгэдэл, аливаа хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгэн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг : Дэлгэрэн арвижихын бэлгэдэлтэй.

Дээрх бэлгэдлүүдийг бодож хадгийг аргамжаа, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамжаа, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бөх буян тогтооно гэсэн санаагаар сүсэглэн хадгалж иржээ. Ийнхүү архи хадаг хоёрыг цуг хадгалбал эд мөнгө тогтох, амар тайван амьдрах бэлгэдэл оршино хэмээдэг байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : www.mw.haixi.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл