solongonews
Хайлтын хаан Ли Яньхун
2015-08-30 11:15
“Өөрийн дуртай зүйлээ хий, чадах зүйлээ оролдож бай” гэж Дундад улсын хамгийн том хайлтын сайт ажиллуулдаг Ль Яньхун хэлсэн байдаг.

Ли Яньхун: - Baidu дэлхийн хамгийн алдартай хайлтын системийн чиглэлээр өчнөөн жилийн туршид хөгжиж байна. Өөрийн судлан бүтээсэн технологидоо түшиглэн алхам алхмаар өнөөдрийн дэлхий дээрх хамгийн том хятад хэл дээрх интернет хайлтын сайт болж чадсан. “Сохор мөнгө ч үгүйгээр өөрийн дуртай зүйлээ оролдож болно, хийж болно. Интернетийн ертөнцөд, бидний амьдралд хайлт лавтай ихээхэн орон зай эзэлнэ гэдэгт би итгэж байна. Дэлхий дээрх хамгийн шилдэг Дундад улсын хайлтын сайт ажиллуулах бол миний он удаан жилийн мөрөөдөл, өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөөгүй.”
Baidu бол дэлхий дээрх хамгийн том хятад хэл дээрх хайлтын сайт. Baidu-г үүсгэн байгуулагдсан тэр өдрөөс эхлэн хурдан хялбар, өндөр үр ашигтай үйлчилгээгээрээ Дундад улсын интернет хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн юм. Baidu богино хугацаанд алхам алхмаар хичээн дээшилсээр Дундад улсын хайлт хэрэглэгчдийн тэргүүний сонголт болсон байна. 
Мөрөөдөл рүүгээ тэмүүлнэ 
Өөрийн дуртай ажлаа хийх нь бусад хүн чамайг хэрхэн үнэлэхээс чухал байдаг. "Baidu" компанийг үүсгэн байгуулагч буюу гүйцэтгэх захирал Л Яньхун бол Шань Си мужийн Ян Чуань хотын хүн. Тэрбээр бага насаа энэ хотод өнгөрүүлсэн ба ший жүжигт хоббитой нэгэн байлаа.  Бүр Шань Си мужийн Ян Чуань хотын ший жүжгийн бүлгэмд элссэн байдаг. Гэвч хожим нь хичээл ном сурах тал дээр сэтгэлээ төвлөрүүлж, шаргуу чармайн суралцсан байна. 
Ли Яньхун Ян Чуаны ахлах сургуулийг амжилттай суралцаж, сурахын зэрэгцээ хотын хэмжээнд компьютер програмчлалын тал дээр тэргүүний сурагч байв. Улмаар 1987 онд Бээжингийн Их сургуульд элсэн орж Мэдээллийн менежментийн ангийг бакалавр зэрэгтэй төгсжээ.
Ли Яньхун: - Тэр үед их сургуулиа төгсөөд албан байгууллагад орж ажиллах нь хамгийн азтай байсан. Гэвч би гадаадад сурахыг хүсдэг байсан гэж ярилаа. Ли Яньхун их сургуулийн гуравдугаар ангиас эхлэн гадаадад суралцах бэлтгэл хийж, унтах, хооллохоос бусад цагаа бүгдийг номын санд өнгөрүүлж, нэг талаар англи хэл сурч, нөгөө талаар TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлтгэж байлаа. Тэрбээр анхандаа Америкийн сургуулиудад очиж, компьютерын мэргэжлээр сурах хүсэлттэй байлаа. Ингээд 1991 онд Ли Яньхун-гийн хүсэл биелж, тэрээр Америкийн Нью-Йоркийн Буффалогийн их сургуульд элсэн орж, компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Сургуульд суралцах хугацаандаа өдөр нь хичээлдээ орж, шөнө нь англи хэл сурахын зэрэгцээ мэргэжилдээ ч хичээн сурч, олонхдоо нэг өдрийн 4-5 цаг л унтаж амардаг. - Сургагч байсан үеэ эргээд харахад маш хүнд бэрхшээлтэй байсан шиг санагдана. Гэвч залуу насандаа зовбол өтлөөд жаргана гэдэг биш үү. Залуу насандаа хүнд бэрхийг амсах нь зүйтэй.” гэж Ли Яньхун сурагч үеэ санагалзана. 
“Гадаадад гарч суралцах үнэдээ тийм ч хялбархан биш. Би анх Америкт очиж суралцах үеэр маш бэрх санагдаж байсан. Энд ирээд компьютер сурахад бүр ч их хэцүүдэж байсан, олонх мэргэжлийн хичээлүүдээ дагаж сурч гүйцэхгүй зовсон шүү гэж Ли Яньхун ярьсан юм. Тэрбээр сургуульдаа нэг жил сураад Японы Panasonic компанид элсэн орж дадлага хийв. “Panasonic компанид 3 сар гаруй дадлага хийсэн туршлага маань миний хожмын ажил үйлсийн замаа сонгоход чухал нөлөө үзүүлсэн гэж Ли Яньхун хэллээ. 1994 оны зуны амралтаар Ли Яньхун "The Wall Street"-ийн хавь дахь Dow Jones and Company-ийн урилгаар ажиллав. Тэрээр ажиллаж байхдаа хайлтын системийн хөдөлгүүрийг судлан олон арван нэр хүндтэй хүмүүсийн таашаал хүндэтгэлийг хүртсэн. 1997 онд АНУ-ын Силикон хөндийн хайлтын системийн алдартай компани болох Infoseek компанид ажиллаж байв. Энд ажиллаж байхдаа Ли Яньхун бизнесийн хамгийн хэцүү зүйлүүдийг мэдэрч ойлгосон гэдгээ дурссан юм. 
Бизнесийн замдаа
Ли Яньхуныг гадаадад ажилласан 8 жилийн хугацаанд Дундад улсын интернетийн салбарт томоохон өөрчлөлт гарсан байна. Ли Яньхун 1995 оноос эхлэн жил бүр улсдаа буцан ирж интернетийн салбарт судалгаа хийдэг байжээ. 1999 онд Ли Яньхун улсдаа буцаж ирэв.  Тэрээр 9 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд олсон мэдлэгээ ашиглан найз Шюй Юнь-тэйгээ хамтран baidu компаниа үүсгэн байгууллаа. Эхлээд тэдний компанид наймхан ажилтантай байсан ба 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хүлээн авч санхүүжүүлсэн байна. Baidu байгуулагдсанаас хойш 9 сарын дараа Draper Fisher Jurvetson хөрөнгө оруулах компани IDG-тэй хамтран baidu компанид 10 сая ам.долларын хөрөнгө оруулав. 2001 онд Ли Яньхун baidu-гийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр baidu-г бие даасан хайлтын сайт болгон шинэчлэхийг санаачлав. Хөрөнгө оруулагчид ч түүний саналыг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү baidu сайтад хоёр дахь удаагийн технологийн шинэчлэлт хийсэн ба baidu хайлтын сайт нь дэлхий дээрх хоёрдугаар том бие даасан хайлтын сайт, хятад хэлний хайлтын сайтын аварга нь болсон байна. 
Анх baidu-г байгуулах үеэр Ли Яньхун сайтын хөдөлгүүрийн технологийн талд дэлхийд гуравдугаарт жагсаж байлаа. Ли Яньхунгийн ажилдаа хянамгай, үнэнч шударга, мэргэжлийн өндөр түвшин зэрэг байдлууд нь уг салбарын хүмүүст таашаагдаж, хөрөнгө оруулагчдыг татаж байв. Үнэндээ baidu-гийн байгуулагдаж, амжилтад хүрсэн зам нь маш хүндрэл бэрхшээлтэй, олон ярвигтай өрсөлдөөн нүүрлэж байв. Эдгээр бэрхшээлүүд нь Ли Яньхунд ихээхэн дарамт авчирсан ч тэрээр огт гуйваагүй. Харин улам шаргуу ажиллан хичээсээр ирэв. Чармайлга хүнийг гомдоохгүй гэдэгчилэн Ли Яньхунгийн шаргуу чармайлтаар baidu-д хөрөнгө оруулах нь олширч, технологи нь ч тасралтгүй төлөвшин, baidu хурдацтай хөгжлийн шинэ хандлагыг угтлаа. 
2005 оны 8 дугаар сард Baidu сайт Америкийн NASDAQ хөрөнгийн бирж дээр гарч, дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн их анхаарал хандуулдаг компанийн нэг болсон байна. 
Нэр алдар нь мандах үеэр
2011 онд Ли Яньхун 9.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Дундадын тэргүүлэх баян хэмээгдэн АНУ-ын “Forbes” сэтгүүлд бичигджээ. 2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 10.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн тэрбумтнуудын жагсаалын 86 дугаарт жагсаж, хоёр дахь удаагаа Дундад улсын тэргүүн баянаар шалгарав. 2013 оны 11 дүгээр сард “Baidu" компанийн хувьцаа тогтвортой өссөнөөр Ли Яньхун 11.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, Дундад улсын хоёр дахь баянаар шалгарчээ. 2014 он гэхэд Ль Яньхун 14.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр Дундад улсын хоёр дахь баян хүн болов.   
        Тэрээр Baidu компаний хөгжлийн явцыг эргэцүүлэн дурсахдаа: - Олон арван хүн надаас Baidu-г өнөөдрийнх шиг ингэж хөгжиж чадна гэж бодож байсан уу гэж асууж байсан. Харин би тэдэнд: - Бодож байсан атлаа бас бодож байсангүй гэж хариулсан. Хэзээ нэг өдөр хэдэн арван сая хүмүүс миний хийж бүтээсэн сайтыг хэрэглэж мэднэ хэмээн бодож байсан гэхэд энэ хайлтын сайт ийнхүү мөнгө олно гэж ер бодож байсангүй. Энэ бол бизнесмен хүний хувьд зөвлөгөө байж таарна. Чи өөрийн хийнэ гэж тэмүүлсэн зүйлдээ чиглэж, шаргуу хичээх нь чухал. Хэрвээ тийм биш бол чи хийх шаардлагагүй. 
DCM-ээс зохион байгуулсан DCM гүйцэтгэх захирлын дээд хэмжээний уулзалт саяхан АНУ-ын Сан Франциско хотод болж өнгөрөв. DCM-ийн хөрөнгө оруулалттай Дундад, АНУ, Япон зэрэг улс орнуудын 100 гаруй компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд тус чуулга уулзалтад оролцжээ. Чуулга уулзалтын үеэр baidu компанийн захирал Ли Яньхун DCM-ийн үүсгэн байгуулагч бөгөөд удирдах түнш Жао Кэрэнь-тэй ярилцлага хийхдээ: - Өнгөрөгч жилүүдэд baidu компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхол байсангүй, гэвч одоогоор хөрөнгө оруулалт нь манай компанийн маш чухал стратеги бодлого болж байна гэжээ.  Тэрээр мөн Дундадын эдийн засгийн нааштай хандлага нь интернетийн салбарт маш тааламжтай хөгжлийн орчин бүрдүүлсэн төдийгүй азтай тохиолыг олгосон гэв. 
7 дугаар сарын 28-ны өдөр Baidu компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийтлэв. Санхүүгийн тайланд Baidu-гийн хоёрдугаар улирлын нийт орлого нь 16.58 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 38.3 хувиар нэмэгдэж, цэвэр орлого нь 3.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.3 хувиар нэмэгдсэн байлаа. 
Хүн бүр бизнес эрхлэхэд тохиромжтой бус. Хамгийн өндөр амжилт гаргасан бизнесмений бизнес эрхлэх үеийн зорилт нь зүгээр л мөнгө олохын төлөө биш юм. Энэ нь мөн миний өөрийн туршлага. Олонх хүмүүс бизнес эрхлэхийг мөнгө олохын төлөө л гэж боддог. Бизнес эрхлэхээр дамжин мөнгө олох нь хамгийн зовиуртай ажил гэж Ли Яньхун бизнес эрхлэгчид, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өглөө. 
Тэрээр нөр их хөдөлмөрөө зориулж байж өөрийн компаниа Дундад улсын аварга том хайлтын систем болгосон төдийгүй дэлхийн 3 том хайлтын системийн нэг болгож чадсан байна.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл