solongonews
Соёлын хур асгаруулсан тал нутгийн соёлын наадам
2015-07-15 11:57
7 дугаар сарын 3-ны үдэш XII удаагийн Дундад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам өндөрлөв.

Тус наадамд “Амь насны биелгээ” зэрэг 10 тоглолтыг үзэгчдэд сонирхуулсан бөгөөд “Мэргэдийн олом” зэрэг 8 шилдэг тоглолтыг Өвөр Монголын нутгаар тойрон тоглосон байна. Үүнээс гадна “Тал нутгийн соёл хийгээд тал нутгийн торгоны зам” гол сэдэвт форум, монгол эм эмнэлэг, монгол ном бичиг, үндэстний найрал хөгжмийн арга хэмжээнүүдийг наадмын үеэр зохион явуулсан. Үндэстний сэдэвтэй 25 киног кино ордон, дүүрэг, барилгын газар, мал аж ахуй тариалангийн орноор үзүүлж, ард олны соёлын хүртээл болгосон байна.
  XII удаагаа амжилттай зохиогдож буй Дундад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам нь кино, жүжиг, уран зураг зэрэг 40 гаруй төрлийн тоглолтыг багтааж, эдүгээ тал нутгийн соёлыг таниулах, утга урлагийн сонгодог бүтээлийг дэлгэн үзүүлэх, соёлын хөгжил болон нийгмийн эв нэгдлийг ахиулах чухал арга хэмжээний нэг болжээ.

 

Домог өгүүлсэн “Угийн сүлд”

7 дугаар сарын 2-ны үдэш XII удаагийн Дундад улс·Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын урилгын тоглолт – Оросын Холбооны Буриад улсын “Байгаль” үндэстний дуу бүжгийн чуулгын тоглосон бүжгэн жүжиг “Угийн сүлд”-ийг Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнд тоглов.

“Байгаль” үндэстний дуу бүжгийн чуулга 1939 онд байгуулагдаж, Орос улс цаашлаад дэлхийн урлагийн тайзнаа гялалзсан нэгэн од юм. Тус чуулга үндэстний цаг үеийн шинжтэй олон төрлийн жүжиг, дуутай. “Угийн сүлд” бүжгэн жүжиг нь тус чуулгын үндэстний онцлогт жүжгийн нэгэн төлөөлөгч бүтээл юм.

Тэнгэрт цахилгаан гялбаж, хар униар бүрхэж, амь насны гэрлийг эрэлхийлж жүжиг эхэлнэ. 9 ээж мөнх тэнгэрээс соёрхол өчиж, тэднийг хамгаалахыг залбирна. Мөнх тэнгэрээс хөвгүүнээ томилж 9 хар сүлд буулгав. 9 ээж галын эзэн Сахияа вангаас гал хүртэж, амь насны цог дүрэлзэв. “Угийн сүлд” ийнхүү домгийн ахуйгаар эхэлж, жүжиг домгоор хэлхэгдэж, буриад ястны үүсэл гарал, тотем шүтээн, амьдрал ахуйг таниулсан урлагийн бүтээл болжээ. Жүжгийн зохиолч Тантар Бадарева: - Буриадын домгоор бичигдсэн жүжиг юм. Домгийг урлаг болгож, урлагаар домгийн ахуйг таниулж, язгуур соёлоо уламжлах, дэлгэрүүлэх зорилготой юм гэв.

Жүжигчин Аюуш Цэвэлмаа: - Бидний жүжиг бол 10 жилийн ойгоо угтаж байгаа. 10 жил энэ жүжгээ тоглож яваадаа маш их баяртай байна. Өөрийн язгуур соёлоо улам гүн гүнзгий танин мэдсэнээр барахгүй хойч үедээ уламжлан ухуулж чадсан гэв.

Биелгээний уян нахилзаа, буриад дууны мөнгөн эгшиг, буриад бүжгийн хатираа нь домгийн нууцыг урлагаар илрүүлж, буриад ястны нугаралт бүдрэл, хар цагаан, энх тайван, эв нэгдэлтэй байгаль нуурын хөвөөндөө энх жаргалтай амьдарсаар… мөнх тэнгэртээ даатгасаар… хун шувуундаа цацлаа өргөсөөр…

“Одон гялбаа” тал нутгийн шинэ дуу

6 сарын 29-ний үдэшXII удаагийн Дундад улс·Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжиг болох “Одон гялбаа” тал нутгийн шинэ дууны тоглолт Улаан театрт болов.

Тал нутгаа магтан дуулж, тансаг амьдралынхаа үзэмж төрхийг дэлгэж, уянга дуугаараа байгаль дэлхий, эх нутаг, ард түмнээ уянгалан дуулж, тал нутгийн өв соёл, үзэмж байгалийг олон түмэнд мэдрүүлэхийг зорьсон “Одон гялбаа” тал нутгийн шинэ дууны тоглолтын хөшгийг “Найр” хамтлаг сөхсөн байна.

Тайзан дээр Өвөр Монголын нэрт дууны үг ая зохиогч, залуу дуучид дуу хөгжимтэй холбогдсон хувь барилдлагаа ярьж, тал нутаг, эх байглиа хайрлаж хамгаалахыг хүмүүст уриалсан нь тоглолтын онцлог болсон.

“Одон гялбаа” тал нутгийн шинэ дууны тоглолтод Өвөр Монголын залуу дуучин Аянга, Уд, Хавар, Соёлцэцэг, Хорчинхүү, Гэрэлжих, Хавархүү зэрэг дуучид шинэ уран бүтээлээрээ хурсан олныг баясгав. Хөх хээр, Найр, 9596, V7 зэрэг хамтлагууд мөн өөр өөрийн ая дуугаа өргөв.

Дуу хөгжим бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй зугаа цэнгүүний зуйл. Дуу хөгжмөөр дамжин хүмүүс амьдралын сайн сайхан зол жаргалыг мэдэрдэг. Тал нутгийн дуу бол Дундад улсын дууны төрөл дэх чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дуу хөгжмийн тавцанд чухал байр суурьтай. Лхажав, Буяндэлгэр, Лхасүрэн, Дэдмаа, Тэнгэр зэрэг дуучид Өвөр Монгол хийгээд Дундад улс, дэлхийд хүртэл нэр алдраа гаргасан. Тэд өөрийн ая дуугаараа тал нутаг, эх орноо хайрлах сэтгэлгээгээ илтгэж, тал нутгийн уудам тэнэгэр, малчин ардын хайрыг түмэн олонд дамжуулсан.

“Одон гялбаа” тал нутгийн шинэ дууны тоглолт Өвөр Монголын тал нутгийн дууны шинэ цаг үеийн хураангуй дүрийг олон түмэнд мэдүүлэх тавцан болж, олон хүмүүст тал нутгийн шинэ дууг мэдрүүлэх сайхан завшаан болсон юм. 9596 хамтлаг, V7 хамтлаг бол монгол рок, hip hop дуугаараа монгол залуусын цог золбоо, амьдралын баяр баяслыг харуулдаг. Том бага дууны тэмцээн, тоглолтод нэлээд оролцсон тэдний хувьд дуугаа хэрхэн олны хүртээл болгох нь чухал байлаа.

Тоглолтын туршид дуучид дуу уянгаараа соёл урлагаа дэлгэж тал нутгийн дуу урлагийн хөгжлийн шинэ хуудсыг бичиглэсэн бол үзэгч түмэн оддын гялбааны шуранхайлалд согтууран амьдралын хөгжлийн зураглалыг тайзнаас сонирхсон онцгой үдэш болжээ.

Шүлэглэлт бүжгэн жүжиг “Амь насны биелгээ”

6 сарын 26-ны үдэш Дундад, Орос, Монгол гурван улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл шүлэглэлт бүжгэн жүжиг “Амь насны биелгээ”-г Өвөр Монголын Үндэстний урлаг жүжигийн хүрээлэнд тоглов.

Тус жүжиг “Хайрын улаан гал”, “Эх дэлхийн хайр”, “Гол мөрний хайр”, “Оргилом хайр”, “Амин хайр” гэсэн таван бүлэгтэй. Гол баатар тэнгэрийн монгол бүжигт бүхнээ зориулж явахдаа насны хань Балжидтайгаа уулзаж, хамтдаа биелгээ бүжгийн тухай судалгаа хийсэн түүхийг харуулжээ. Жүжигт тал нутаг, гол мөрөн, уул нурууд, ой шугуй, Монгол гэр зэргийг бүжгээр гаргаж, монголчуудын эх байгальтайгаа найртай, эелдэг дотно харьцаж байгааг харуулсан байна.

Биелгээ бол уугуул соёлын талст болсон монгол бүжгийн язгуур эртний хэлбэрийн нэг болно.

Үндэстний бүжгэн жүжиг “Мөнхийн нар”

6 дугаар сарын 26-ны үдэш XII удаагийн Дундад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадамын шилдэг жүжгийн нэг болох том хэлбэрийн үндэстний бүжгэн жүжиг “Мөнхийн нар”-ыг Өвөр Монголын Ардын хурлын танхимд болов. Ордос хотын Дүншэн дүүргийн дуу бүжгийн хүрээлэнгийн жүжигчид тоглосон байна. Жүжгийг Дундадын иргэд Япон болон дэлхийн фашизмийн эсрэг тэмцэж ялалт байгуулсан 70 жилийн ойд зориулан зохиосон болно. Уг жүжиг  нь  дөрвөн хэсэгтэй бөгөөд XX дугаар зууны 40-өөд оны эхэнд Янь Анд байсан коммунист намын гэшүүн Өвөр Монголын Ордос нутагт ирж, тухайн газрын ард түмнийг дайчлан Япон ба гоминданыг эсэргүүцсэн үйл явдлыг харуулсан байна. Түүгээр коммунист нам болон ардын хоорондын загас усны харьцаа, монгол хятад үндэстний хамтдаа дайсны эсрэг тэмцсэн үйл хэргийг харуулсан түүхийн хувьсгалт жүжиг юм.

 Монгол жүжиг “Журамт дайчин Цахар”

6 дугаар сарын 29-ний үдэш XII удаагийн Дундад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын 8 шилдэг тайзны жүжгийн нэг болох торгон хилээ хамгаалсан түүхийн сэдэвт монгол жүжиг “Журамт дайчин Цахар”-ыг Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны Улаанмөчир Өвөр Монголын Ардын хурлын танхимд тоглов.

     Тус жүжиг нь Манж Чин гүрний үеийн баруун хил нутгийг хамгаалах зорилгоор Цахараас Шиньжяны Илид цэрэг томилсон үйл хэргээр сэдэвлэжээ. Ингээд Цахар нутгийн иргэд харгис дайсны эсрэх тэмцсэн эрэлхэг дүр төрхийг урлагийн хэлбэрээр харуулсан байна. Жүжигт уярааж догдлоом ардын дуу, сүр жавхаатай цэрэг эрийн дуулал, өнөр баян зан үйлийн зураглалыг харуулсаны зэрэгцээ цэргийн бүжгээр нээлтийн хөшгөө нээсэн байна. Түүнчлэн зөрчил мөргөлдөөнтэй үйл хэргийг тусгаж, эцэстээ дайсныг ялж, дархан цолыг мандуулсан төдийгүй Сайрам нуурын хөвөөнд тахилга хийж, баяр баясгалантай тус жүжиг өндөрлөнө.

Түүх өнөөдрийг холбосон “Цайны зам”

 

7 дугаар сарын 2-ны үдэш Эрээн хотын үндэстний урлагийн чуулга  “Цайны зам” үндэстний бүжгэн жүжгийг Өвөр Монголын Ардын хурлын танхимд тоглов. Эрээн хотын үндэстний урлагийн чуулга газар нутгийн онцлогийг үндэслэж, Эрээн хотын Илинь өртөөгөөр сэдэвлэж, 2014 онд анхны бүжгэн жүжиг “Цайны зам”-ыг зохиосон байна. Жүжиг нь дөрвөн хэсэгтэй бөгөөд тухайн үеийн цайны замаар замнаж байсан жинчдийн ахлагч Тяньчин Илинь өртөөгөөр өнгөрөхдөө хүнд байдалд орж, өртөөний манаач охинтойгоо түүний амийг аварсан үйл хэргийг харуулжээ. Ингээд Чин гүрний сүүлийн үеийн эртний цайны замаар өнгөрөх Илинь өртөөний хөгжил цэцэглэл, мөхөж үгүй болсон явцыг бүжгийн хэлбэрээр харуулсан байна. Уг жүжиг нь тухайн түүхийн үнэн байдлыг харуулахыг зорьж, монгол хятад үндэстний эв найрамдал, итгэл журмыг эрхэмлэдэг үзэл санааг магтан дуулсан байна.

Шог жүжгээр дэлгэгдсэн амьдралын үнэн      

   6 дугаар сарын 28-ны үдэш XII удаагийн Дундад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжгийн нэг монгол шог жүжгийг Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуульд тоглосон байна.

   Ордос хотын Үндэстний дуу бүжиг жүжгийн чуулга тоглосон “Сахин хамгаалагч”, Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн чуулгын тоглосон “Зүүд”, Шилийнхотын Улаанмөчир тоглосон “Тамга”, Хянган аймгийн Залайд хошууны Улаанмөчир тоглосон “Шяо Лүн гэ гэ”, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улаанмөчир тоглосон “Гэртээ харъя”, Улаанцав хотын Дөрвөд хошууны Улаанмөчир тоглосон “Завхан гол”, Ордос хотын Үшин хошууны Улаанмөчирийн бичил хэлбэрийн дуулалт бүжгэн жүжиг “Зээрийн дуу” зэрэг сонгон шалгаруулалтаар тодорсон 8 шилдэг монгол шог жүжгийг уг үдэшлэгийн үеэр үзэгч түмэнд сонирхуулсан байна.

Зохиогч: Цолмон, Алтан-Од, Урантана, Намаг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл