Эх улсын умард хилийн нээлттэй байх чухал нэгэн суурин болохын хувьд Өвөр Монголыг “Нэг бүс нэг зам” стратеги төсөлд хамруулсан билээ. Ингэснээр умардад нээлттэй байх стратегийг түлхүү хэрэгжүүлж, “Эх улсын умардад нээлттэй байх суурин болон бүс нутгийн эдийн засгийн төлөвлөгөө” боловсруулж, Эрээн хот, Манжуур хот зэрэг туршилтын бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг зөвшөөрүүлсэн байна.
Энэ онд ӨМӨЗО боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж байгаа юм.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт
Эрээн хот Дундад улсын Монгол Улсад нээлттэй хамгийн том авто зам, төмөр замын боомт юм. Эрээн хотын хурдны зам нь Монгол Улсын Улаанбаатар хотоос Замын-Үүд хүрэх авто замтай холбогдож байгаа нь хил дамнасан олон улсын зам тээврийн сүлжээ болоод байна.
Зам тээврийн сүлжээ нь эдийн засгийн хөгжлийн амин судас. Эдийн засгаа хөгжүүлье гэвэл юун түрүүнд зам тавих хэрэгтэй. Өнгөрсөн оны эцэс хүртэл Өвөр Монголын авто замын нийт урт нь 170 мянган км-ийг давсан ба хурдны замын нийт урт нь 4000 километр давж, нэгдүгээр зэрэглэлийн авто замын нийт урт нь 6000 километрийг давсан байна. Хөрш зэргэлдээх муж хотуудыг хурдны авто замтай холбосон бөгөөд дөрвөн зүг найман зовхисыг холбосон зам тээврийн сүлжээ бүрдүүлж, тал нутгийн онцгой бүтээгдэхүүнээ хамгийн хурдтай зам тээврээр дамжуулан зах зээлд гаргаж байна.
Өвөр Монголын зам сүлжээний бүтээн байгуулалт нь “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогын дагуу Орос, Монгол Улстай хамтын ажиллагаагаа сайжруулж, улсын зам сүлжээний хурдтай байгуулагдаж байгаа боломжийг ашиглан 70 тэрбум юаний хөрөнгө оруулахаар төлөвлөв. Түүнчлэн хурдны авто зам, боомтын авто замын бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэж, дэд бүтцээр холбогдсон зам тээврийн сүлжээ байгуулна. Төлөвлөж байгаа зам тээврийн сүлжээний нийт урт нь 18 мянган километр байх болно. Гол хүчин зүйл болох зам тээврийн сүлжээг гадаадад нээлттэй байлгах бодлогын дагуу бүтээн байгуулж, Орос, Монгол Улс болон хөрш зэргэлдээх муж хотуудын зам сүлжээтэй холбож, Ганцмодоос Лин Хэ хүртэл авто зам тавих ажлыг эхлүүлэх юм. Улмаар 2017 он гэхэд Өвөр Монголын замуудыг холбож, зам сүлжээг нэвтэрхий болгоно. Лин Хэ хотоос Хами хүрэх хурдны авто зам тавих ажлыг эхлүүлж, торгоны замын хойд хэсгийг нэвтрүүлэн, Өвөр Монголын торгоны замын бүсэд орох ажилд дэмжлэг болно. Торгоны замын харьяа бүс нутгуудын зам тээврийн сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэхийн тулд Тунляо хотоос Лүбэй хүртэл хурдны авто зам тавих ажлыг эхлүүлэх юм. Зүүн ба өмнөд зүгийн далай дагуух орон болон гарцыг холбож, XXI зууны тэнгисийн торгоны замтай холбогдсон хурдны зам тавина.
Дэд бүтцээр холбогдсон зам тээврийн сүлжээ байгуулан “Нэг бүс нэг зам” стратегийг хэрэгжүүлэхэд олон талын бэрхшээл тулгарч байна. Уудам газар нутагтай болохоор зам тээврийн сүлжээ сайн хөгжсөн хотуудтай харьцуулахад нэлээд их зөрүүтэй. Түүнчлэн авто замаар машин нэвтэрсэн хэмжээгээр бүх улсын хэмжээнд 12 дугаарт жагссан боловч авто замын сүлжээний бүтээн байгуулалт нь бүх улсын 1/3 хувьд хүрэхгүй байгаа юм.
Зам сүлжээний бүтээн байгуулалтад анхаарна
Зам тээврийн сүлжээний бүтцийг сайжруулж, орон нутгйин хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Улсын авто замын сүлжээний хурдтай хөгжиж буй боломжийг ашиглан хурдны зам, гол зам, авто замын боомтыг хамтад нь хөгжүүлж, зам сүлжээг дэд бүтцээр холбох. Түүнчлэн Өвөр монголыг улсын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн стратегид хамруулах, торгоны зам, тэнгисийн торгоны замыг холбох зэрэг ажлыг түлхүү ахиулна. Өвөр монгол орноор дамжих чадвар болон хамруулах цар хүрээг нэмэгдүүлж, Ази, Европын эх хуурайг холбосон эх газрын давуу талыг буй болгоно.
Энэ онд Өвөр монголын хурдны зам нэвтэрсэн хэмжээ нь 5000 километрийг давах бөгөөд 2017 он гэхэд аймаг хотуудаар хурдны авто зам нэвтэрч, хошуу шяниар нэгдүгээр зэрэглэлийн авто зам, мөн тосгон бүрт хар зам нэвтрүүлэн, гудамж болгоныг цементэн замтай болгох, зам тээврийн сүлжээг хөгжлийн идэвхтэй цэг болгоно.
ӨМӨЗО-ны Намын Хороо, Засгийн газрын зохицуулалтаар Өвөр монголын Зам тээврийн тэнхим 28 авто замын төсөл хэрэгжүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн нийт урт нь 4048 километр байх болно. Үүнд, өмнөх авто замын урт нь 2164 километр, нэгдүгээр зэрэглэлийн авто замын урт нь 1054 километр, нэгдүгээр зэрэглэлийн нэг хос замын урт нь 830 километр байх болно. Ерөнхий хөрөнгө оруулалтын хэмжээ нь 112 тэрбум 300 сая юаньд хүрсэн бөгөөд энэ онд 41 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулалтын барилгын ажлыг дуусгах юм.
28 төсөлд Эрээн хотоос Гуанжөү хүрэх хурдны замын Улаанцавын хэсгээс Ариун хошуу хүрэх замын хэсгийн Улаанхот-Шинь Бэйлинь-Залан айл хүртэлх хэсэг, Бээжингээс Шиньжян хүрэх хурдны замын, Линьхэгээс Бай Гада хүртэл, Даньдүнээс Шилийнхот хүрэх хурдны замын Бяруугаас Шилийнхот хүрэх хэсэг, Рүнчэнээс Үхай хүрэх хурдны замын Чи Паньжинээс Үхай хүрэх, Хөххотоос Баянцагаан хүрэх зэрэг хэсгүүдийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх бөгөөд Чанчүнь-Шэньжэнь хүрэх хурдны замын Тунляо-оос Лүбэй хүрэх, Даньдүнээс Шилийнхот хүрэх хурдны замын Дабанаас Бяруу хүрэх хэсгийг шинээр нэмж тавих болно.
Улсын зэрэглэлийн 109 тоот авто замын Да Фаньпүгээс Дүншэн, 111 тоотын На Житүньнээс Нирж, Мужийн зэрэглэлийн 101 тоот авто замын Хуулинголоос Алдар, Улсын зэрэглэлийн 210 тоот замын Ширүүн зоогоос Дүншэн хүрэх хэсэг, мужийн зэрэглэлийн 104 тоот авто замын Бай Линмяогоос Баян-Овоо, улсын зэрэглэлийн 303 тоот замын Дабанаас Линьши хүрэх хэсгийг үргэлжлэн тавина. Улсын зэрэглэлийн 210 тоот замын Тянь Маньлянбэйгээс Юе Жяхао, мужийн зэрэглэлийн 102 тоот замын Гүө Шяньяогоос Лянчэн, улсын зэрэглэлийн 512 тоот авто замын Фэнжэнээс Лянчэн хүрэх авто замыг тус тус шинээр тавина.
Манжуур—Алтан-Эмээл—Амгалан хүрэх мужийн зэрэглэлийн 203 тоот авто зам, улсын зэрэглэлийн 307 тоот замын Баянноров—Сухайт, Явуулан—Зандан хүрэх авто зам, мужийн зэрэглэлийн 201 тоотын Шывэй—Лавдлин хүрэх, 209 тоотын Кэвэрээс Жүөзышань хүрэх авто замуудын барилгыг үргэлжлүүлж, улсын зэрэглэлийн 302 тоотын Улаанхот—Алдар хүрэх авто замуудыг шинээр тавина.
Ганцмод боомтоос Линьхэ хүрэх авто замын барилгын ажил эхлэхээр зэхэж байгаа бөгөөд нийт урт нь 183.37 километр, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 4 тэрбум 541 сая юаньд хүрч, 500 сая юаний хөрөнгө оруулалттай барилгын хэсгийг энэ онд багтааж дуусгана. Энэ зам нь хос чиглэлийн дөрвөн зурвас зам бөгөөд барилгын хугацааны хувьд 3 жил байх болно. Авто зам нэвтэрсний дараа Дундад, Монгол улсын боомтоос Баяннуур хотын төв хүртэлх зайг багасгана. Энэ нь Лин Хэ хот болон Монгол Улсын хоорондын арилжаа худалдаанд чухал ач холбогдолтой.
Энэ оны 3 дугаар сард Бээжин—Шиньжян хүрэх хурдны замын Баяннуур дахь хэсгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Үүнд, 8 зам тавих компани, 5 хяналт шалгалтын компани ажиллаж байгаа юм. Энэ онд 2 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулалтын барилга барьж дуусгах болно. Энэ зам нь Алшаа аймгийн хилд 814 км урт үргэлжлэх бөгөөд 30 тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулалттай. 2017 оны 6 дугаар сард нэвтрэх болно. Тус зам нэвтэрснээр умард нутаг, зүүн хойд бүс нутгийг баруун хойд бүс нутагтай холбосон хамгийн хурдан авто зам болж, баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх, Өвөр Монголыг торгоны замын эдийн засгийн бүс нутгийн бүтээн байгуулалт болон умардад нээлттэй суурины ажлыг урагшлуулах, Өвөр Монгол, Шиньжянгийн хөгжлийг дэмжиж, Дундад, Монгол Улсын эдийн засаг, соёлын харилцааг ахиулна.
Зам тээврийн ажлын урагштай байдлыг батлахын тулд Өвөр Монголын Зам тээврийн тэнхим ба холбогдох албан байгууллагууд хамтран ажлын хяналт шалгалтын удирдах баг байгуулж, авто замын тээвэр болон зам тавих ажлын бүх үйл явцыг хянан шалгаж байна.
Зам сүлжээний ашгийг иргэдэд хүргэнэ
“Бээжин—Шиньжян хүрэх хурдны авто зам нэвтэрсний дараа Бортохойн гурилыг Шиньжянд аваачиж худалдахад амар байх болно” гэж Баяннуур хотын иргэд ярьж байсан бөгөөд өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүн “Нэг бүс нэг зам”-аар дамжин зарагдахыг хүсэж байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол хөдөө орон нутагт авто зам тавих ажлаа түргэсгэж, хөдөө орон нутгийн замыг хар зам буюу хатуу зам болгон, хот хөдөөг хамтад нь хөгжүүлж байна. Өнөөдөр 2015 оныг Өвөр Монголын зам тээврийн барилгын чухал жил болгож, 3 жилийн төлөвлөлтийн ажлыг хоёр жилд амжин дуусгахаар төлөвлөж байна. Энэ онд “Хамгийн сүүлийн нэг километр” төслийн дагуу 6 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулж, 5475 гацаа тосгоны 15 мянган км урт замыг хатуу зам болгоно. Ингэснээр бүх орны хэмжээнд 8482 гацаа тосгонд авто зам буюу хатуу зам нэвтрүүлэх юм.
Зам сүлжээний гол шугамтай холбохын хамт хот суурингийн хөгжил болон орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үйлчлэл үзүүлсэн юм. Өнгөрсөн жилд 720 тосгонд хар зам буюу цементэн зам нэвтрүүлж, 3305 тосгоны замын хатуу зам болгон өөрчилсөн байна. Өнгөрсөн оны эцэс хүртэл 102 хошуу, шяниас 89 нь нэгдүгээр зэрэглэлийн авто зам нэвтэрсэн байна. Харин энэ онд Өвөр монгол орон Нажи айл—Нирж, Манжуур—Шинэ барга баруун хошуу, Жүө Зышань—Кэвэр, Үчуань—Гэгэнтал, Бай Линмяо—Баян-Овоо хүрэх нэгдүгээр зэрэглэлийн замын барилгыг энэ ондоо багтаан дуусгах болно. 2015 оны эцэс хүртэл 94 хошуу шяньд нэгдүгээр зэрэглэлийн авто зам нэвтрүүлж, бусад 8 хошуу шяньд нэгдүгээр зэрэглэлийн авто зам нэвтрүүлэх ажлыг 2017 он гэхэд дуусгахаар ажиллаж байна.
