solongonews
“Хуучин” өвөөс мэндэлсэн хотын “шинэ” төрх
2025-09-28 10:54
Аж үйлдвэрийн өв гэхээр танд юу санагдаж байна? Гудамжинд байрлах үйлдвэрийн хуучин барилга, хуучин үйлдвэрийн хашаанаас хоцорсон ноорхой ганц яндан, эсвэл гармын ойролцоох зэвд дарагдсан хуучин төмөр зам харагдаж байна уу? Өрнөн хөгжсөн их хотын хувьд өнөөдөр болоход аж үйлдвэрийн өв нь харин бахархалт дуртгал төдийгүй хотын дурсамжийг сэргээх нэгэн түлхүүр болж байна.

Аж үйлдвэрийн өв, дурсгалт газруудыг хадгалан үлдээхийн зэрэгцээ хотын хөгжил шинэчлэлд хэрхэн илүү сайн ашиглаж, үнэ цэнийг нь дээшлүүлэх вэ? Хэдэн амжилттай жишээг толилуулъя.

Үйлдвэрийн хуучин барилгаас төрсөн “EKA • Тянь-Ү” соёлын гудамж

Хуучин үйлдвэрүүд нь Шанхайн аж үйлдвэрлэлийн хөгжлийн гэрч бөгөөд цаг үеийн тамгатай түүхэн өв болох юм. Сүүлийн жилүүдэд Шанхай хот нь үйлдвэрийн хуучин барилгуудыг хотын хөгжил шинэчлэлтэй бүтээлчээр уялдуулах талд анхааран ажиллаж байгаа бол “EKA • Тянь-Ү” хотын хүмүүнлэгийн соёлын гудамж нь үүний нэгэн тод жишээ юм.

“EKA • Тянь-Ү” гудамж нь 1928 онд байгуулагдсан Шанхайн Навигацийн багаж хэрэгслийн үйлдвэр ба Хятадын Усан онгоцны навигацийн технологийн компанийн үйлдвэрийн буурь дээр байгуулагдсан бөгөөд ойролцоогоор нийт 6.7 га газрыг эзэлдэг байна.
Гудамжинд байрлах хуучин барилгууд нямбайлан сийлсэн сувд эрдэнэс мэт замын хажуугаар жигдрэн этгээд үзэсгэлэнтэй харагдана. Хаалгаар ормогц хамгийн түрүүнд 1960 онд баригдсан “Унадаг дугуйны саравч” таныг “Хүрэл цайз” болон хувирсан шинэ төрхөөрөө угтан авна. Өнөөдөр болоход энэхүү “Хүрэл цайз” нь “Тэнгэрийн толь”-той төгс хослоод Шанхайн форум, брэндийн нээлт, загварын шоу зэрэг тоглолт, үзэсгэлэн зохион байгуулдаг эрэлттэй талбаруудын нэг болжээ.

“EKA • Тянь-Ү” гудамж нь хотын иргэдэд амарч зугаалах цагаа ая тухтай өнгөрөөх шинэ сонголтыг бий болгожээ. Өнөөдрийг хүртэл уг гудамжинд нийт 76 дэлгүүр худалдаа орон зайгаа авсан бөгөөд зарим брэндүүд Ази, эсвэл Шанхай дахь анхны дэлгүүрээ энд нээсэн байлаа. Архитектурын цоо шинэ орон зай болон гудамжны соёлын нэгдэл нь хэрэглэгчдэд худалдаа дэлгүүр тойрох сонирхолтой туршлагыг бүтээж өгчээ.

Түүхийн улбаанаас үндэслэсэн олон улсын худалдааны парк

Бээжин хотын Чао-Ян дүүргийн Жю Шянь Чяо гудамжинд байрлах BOE Хэнтүн олон улсын худалдааны парк /UBP/ нь 05-р сарын 23-ны үдэш нэгэн сонирхолтой “Ой”-н концертыг зохион байгуулжээ.

UBP парк нь өнгөрсөн зууны 50-иад онд байгуулагдсан Бээжингийн 774 улсын эзэмшлийн электрон хоолойн үйлдвэрийн суурин дээр байгуулагдсан бөгөөд 300 мянган метр квадрат талбайг эзэлдэг. Бээжингийн 774 үйлдвэр нь Хятад улсын “Эхний таван жилийн төлөвлөгөө”-ний үед ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан төслүүдийн нэг болно. Тийм ч учраас уг паркт өнгөрсөн зууны дунд үеийн ЗХУ-ын хэв намбатай барилгууд олон байдгаараа хүмүүст архитектурын музейд орсон мэт сэтгэгдэл өгдөг аж.
1952 оноос төлөвлөж, 1956 онд үйлдвэр байгуулагдсан цагаас хойш Бээжингийн 774 үйлдвэр нь 40 гаруй жилийн хавар намрыг үджээ. Цаг хугацааны эрхээр уг үйлдвэр нь үйлдвэрлэлийн шинэчлэлийн аянаас аажмаар хоцорч, үйлдвэрийн барилгууд нь BOE-гийн хөрөнгө болон үлджээ.
- UBP паркийн хамгийн үнэ цэнтэй зүйл бол өнгөрсөн зууны дунд үеийн Зөвлөлт маягийн барилгууд юм. Барилгын зураг төслийг тухайн үед ЗХУ-ын дизайнер гүйцэтгэсэн байдаг. Олон арван жилийн салхи бороог туулаад өнөөдрийг болоход барилгууд нь адил бус түвшинд эвдэрсэн. Засвар хийхдээ бид тухайн үеийн хуучин зураг төслийг нь олж, зураг дээрх загварын дагуу засварлаж, Зөвлөлтийн тусламжтай уг цогцолборын хэв маягийг бүрэн хадгалж сэргээхийг хичээсэн гэж холбогдох албан тушаалтан ярилаа.

UBP нь мөн төслийн механик болон цахилгааны системийг олон улсын оффисын стандартын дагуу шинэчлэн өөрчилж, чанар сайттай орчин үеийн оффисын байгууламжаар тоноглон, “хүмүүнлэг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчинд ээлтэй” байх үзэл баримтлалын дагуу олон улсын аж үйлдвэрийн паркийг бүтээсэн байна.

Шинэчлэгдсэн UBP нь дэлхийн шилдэг компаниудын эрэлттэй орон зай болжээ.
- Бидний анхны зочин бол Нестле брэнд байсан. 1995 онд Нестле Хятад дахь төв байраа одоогийн Дөрөвдүгээр тойруу замын гаднах UBP бүсэд нүүлгэж ирсэн юм. Тухайн үед энэ хэсэг газрын хөгжил маш тааруу, бараг л Бээжин хотын зүүн хойд зах гэгддэг байхад Нестле яагаад биднийг сонгосон гэдгийг их л гайхдаг байлаа. Дараа нь Нестлегийн удирдлагуудын ярианаас Швейцар дэх төв байр нь манай барилгуудын хэв намбатай маш төстэй болохыг мэдсэн гэж UBP-гийн холбогдох удирдлага хуучиллаа.

Үйлдвэрлэлийн орон зайд мэндэлсэн урлаг соёлын оршихуй

Ваар шаазангаар бүтээгдсэн домгийн орон зай буюу UCCA Вааран урлагийн музей сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд “од” болсон төдийгүй дагууд нь Жянсү мужийн Ишин хотын Диншү суурин дахь Ваар эдлэлийн II үйлдвэрийн гудамж өрхөө сөхөж, зочид жуулчдаа угтан авчээ.
Ваар эдлэлийн II үйлдвэр нь Ишин хотын ваар эдлэлийн нэгэн хуучин үйлдвэрийн суурин дээр байгуулагдсан аж. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа эхлэн ваар шаазан урлалын үе үеийн дархдын ур ухаан, өв залгамжлалын гэрч болсоор иржээ. Гэвч хот суурин хурдтай хөгжиж, үйлдвэрлэлийн бүтэц тасралтгүй шинэчлэгдэхийн хэрээр хуучин үйлдвэрийн идэрхэг алхаа аажмаар удааширч эхэлсэн байлаа. Улмаар энэхүү уламжлалт үйлдвэрлэлийн нандин дурсамж, соёлын үнэт өвийг хамгаалахын тулд Диншү суурин нь “хуучин өвийг шинэчлэн сэргээх” үзэл баримтлалыг бүтээлчээр ашиглан, уг үйлдвэрлэлийг өнөөдрийн соёл, бизнес, аялал жуулчлалыг уялдуулсан өвөрмөц гудамж болгон хөгжүүлсэн байна.
- Маш хянуур бодож тунгаасны эцэст бид хуучин барилгыг нурааж, шинээр барихын оронд хамгаалалтын чанартай шинэчлэлт хийх шийдвэр гаргасан. Юуны өмнө энэ нь хот шинэчлэлтийн талаарх үндэсний бодлогын чиглэлтэй нийцэж байдаг. Үүнээс гадна хамгийн чухал нэг шалтгаан бол Ваар эдлэлийн II үйлдвэрийн хуучин барилгууд, халзарч халтардсан тоосгон хана, үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж нь тэр чигтээ Диншү суурин, цаашлаад Хятадын орчин үеийн вааран үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэн дэх “амьд гэрч” төдийгүй технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, нийгмийн өөрчлөлтийн түүхийг өгүүлэх давтагдашгүй “соёлын улбаа” юм. Тэдгээрийг нураах нь түүхэн судасны чухал зангилааг тасална гэсэн үг. Харин шинэчлэн сэргээхээр дамжуулан бид аж үйлдвэрийн дурсамжийг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн шаардлагад нийцсэн шинэ эрч хүчийг бүтээж болно. Энэ бол түүх, соёл, нөөц баялагт үзүүлэх хариуцлагатай овор хандлага юм гэж Диншү суурингийн албан тушаалтан ярилаа.

Вааран эдлэлийн соёлын дэлхийд алдартай аялал жуулчлалын зорилтот орныг байгуулах зорилгоор Диншү суурин нь хуучин үйлдвэрийн газрыг “олон улсын, загварлаг, залуу, дижитал” шошго бүхий соёл, бизнес, аялал жуулчлалыг хослуулсан өвөрмөц гудамж болгон бүтээжээ.
- Энэ газар хуучин цаг үеийн уламжлалт байдлаа хадгалсан төдийгүй шинэ цаг үеийн загварлаг уур амьсгал ханхалж байдаг нь үнэхээр гайхалтай юм гэж жуулчид шагшиж байлаа.
Жуулчдад вааран соёлын гайхамшгийг биечлэн мэдрэх боломж олгохын тулд Ваар эдлэлийн II үйлдвэр нь хуучны хэв маягийг хадгалсан үйлдвэрийн цэхэд “IAC & CCCA уран бүтээлчдийн орон зай”-г бүтээсэн байна. Улмаар жил бүр вааран урлалын олон улсын зэрэглэлийн 24 уран бүтээлчид энд ирж туршлага солилцон, вааран эдлэл урлан бүтээдэг бөгөөд үүнд нь жуулчид биечлэн оролцож болдог аж.
- Шинэчлэн засварлах ажил анх эхэлж байхад нутгийн иргэд зарим нь итгэж ядах, зарим нь хүлээлттэй овроор ханддаг байсан бол төслийн ажил алхам алхмаар ашиглалтад орж, өдөр ирэх тусам хөл хөдөлгөөн ихтэй болохыг хараад өөрчлөлтийн эрч хүчийг үнэлэн зөвшөөрсөн юм. Дээд зэрэглэлийн, тансаг арга хэмжээнүүд ар араасаа зохиогдон, арилжаа худалдааны өтгөн уур амьсгал бүрдэж эхэлснээр иргэдийн эргэлзээ бүрмөсөн арилж, чин сэтгэлийн сайшаал, бардамнал, мөн оролцоогоор солигдсон. Төслийн үр нөлөө ард түмэнд илт хүрч,  эргэн тойрны бизнесийн хөгжлийн боломжийг ашиглан оршин суугчид жуулчдад зориулсан гэр буудал, сэдэвчилсэн ресторан, соёлын бүтээгдэхүүний дэлгүүр, цайны газар зэргийг ажиллуулан, ашиг орлого бүтээх болсон гэж Диншү суурингийн холбогдох удирдлага олзуурхан ярилаа. 

Зохиогч: ЯН ЖЮНЬФЭН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл