Тэрээр мэдэгдэлдээ, компани 6,000 ажлын байр цомхотгохоор төлөвлөж, бүтцийн өөрчлөлт хийж байгаа талаар дурджээ. Өнгөрсөн онд тус компанийн хоёр ч онгоц сүйрч, ихээхэн хохирол амссантай холбоотойгоор ийнхүү бүтцийн өөрчлөлт хийж байгаа тухай тэрээр хэлсэн байна. Тус компани нь нийт 20,000 ажилтныхаа 14,000 орчимд нь ажлын байр санал болгож байгаа аж. Өнгөрөгч тавдугаар сард шинэ гүйцэтгэх захирал Кристоф Мьюллер албан тушаалдаа томилогдсоноор ийнхүү шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлжээ.

“Техникийн хувьд бид бүрэн дампуурсан. 2014 онд тохиолдсон аймшигт үйл явдлуудаас өмнө компанийн үзүүлэлтүүд буурч эхэлсэн” хэмээн ноён Мьюллер хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Одоогоор тус авиа компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ба өөр ямар нэгэн нислэгт осол аваар гараагүй байгаа гэж эх сурвалж мэдэгдлээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард “Malaysian Airlines”-ийн 239 зорчигчтой “MH370” онгоц сураггүй алга болсон билээ. Онгоцыг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Түүнээс дөрөвхөн сарын дараа мөн л тус компанийн “MH17” онгоц Украйны агаарын шугамд пуужинд өртөж, 298 хүн амь насаа алдсан юм.
