solongonews
“Хасар” бөх хотын зайд
2015-06-24 14:43
Гурван жилийн түүхийн урт аян хормын төдий мэт боловч монгол соёл, тамирын төлөө зүтгэж яваа “Хасар” бөхийн хувьд бэрх аяны анхны даваа болсон юм.

2012 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Өвөр Монголын Амьдрал гарагийн сонин, Өвөр Монголын Одон телевиз зэрэг мэдээ мэдээллийнхэнтэй хамтарч “Хасар бөхийн тавцант барилдаан” анхны талбай тэмцээнээ зохион байгуулж, нийгэм нийтийн хараанд хүрснээс хойш Өвөр Монголын хийгээд улсын дотоод гадаадаас нийт 50 гаруй талбай барилдааныг амжилттай зохион байгуулж, урьд хожид 20 гаруй телевизийн нэвтрүүлэгт оролцон, богино хугацаанд уламжлалт монгол бөхөө Дундад улсын цаашлаад дэлхийн хараанд хүргэснээр барахгүй монгол бөхийн уламжлал хөгжлийн шинэ орон зайг эрж олоод, үй олон монголчуудынхаа бахархал таашаалыг хүртсэн байна.

Бөх хотшиж, бөхөд цэнгэлээ

5 дугаар сард “Хасар” бөхийн 2015 оны 7 дахь талбайн барилдаан улаан театрт болж, Хасарынхан барилдааны тавцангаас эхлээд моделийн өмсгөлд хүртэл олон талын өөрчлөлт хийв. Хүрэлцэн ирсэн 500 гаруй үзэгчид бөхөө гэсэн хариуцлагат сэтгэлгээгээр тавцант бөхийн өөрчлөлтийн тухай өөр өөрийн санал сануулгаа зоригтой дурдан дэвшүүлж байлаа. Таалагдсан шийдвэр нийтлэхэд уухайлан алга ташицгааж, таалагдаагүй шийдвэр нийтлэвэл хашхиралдан шуугилдаж, барилдааны талбай хөөр баяраа бялхаж байлаа…

“Хасар” соёл аялал жуулчлалын компани 2012 онд анх байгуулагдахад хоёрхон гишүүнтэй, жилд хорин мянган юаниар байр түрээсэлж байсан бол одоо 70 гаруй гишүүнтэй, 50 шахам талбай барилдааныг зохион байгуулж, хамгийн олон талбай барилдаан, хамгийн өндөр шагнал, хамгийн олон улс орны бөхчид оролцсон, хамгийн олон шинэ дүрэм тогтоосон, хамгийн олон үзэгчид сонирхсон зэрэг монгол бөхийн түүхэнд маш олон “хамгийн”-ийг бий болгожээ. Гурван жилийн богино хугацаанд монгол бөхийг хотын монголчуудын нүд сэтгэлд хүргэснээр барахгүй, Өвөр Монголын хот хошууны монгол наадмын уур амьсгалыг бий болгож чадав.

“Хасар бөхийн тавцант барилдаан” монгол бөхийн хөгжилд нэгэн шинэ тайзыг буй болгож, хотод амьдарч байгаа нэг хэсэг бөхийн хорхойтнууд тогтсон хугацаатай барилдаан сонирхох боломжийг олгож, хотод төрж өссөн бөхийн соёлыг мэддэггүй монгол залуу үеийнхэн цаашлаад ах дүү үндэстний хэсэг бүлэг хүмүүсийн монгол бөхийн дур сонирхлыг татаж чадав. Тэд зорилготойгоор Хунань одон телевиз, Жансу одон телевиз, төв телевизийн гуравдугаар суваг зэрэг улсын дотоодын 10 гаруй нэртэй цэнгээнт нэвтрүүлэгтэй хамтарч, монгол бөхөө Одон телевизээр дамжуулан Дундад улсын үзэгчдийн хараанд хүргэж өндөр амжилтыг олжээ.

Харьд алдраа мандууллаа

5 дугаар сарын 2-ны өдөр “Хасар” соёл аялал жуулчлалын компаниас Өвөр Монгол бөхчүүдээ дагуулан Японд очиж, Японы Эрүүл Мэнд Спортын Их Сургуультай хамтран анхны “Хакухо” нэрэмжит Хасар бөхийн наадмыг амжилттай зохион байгуулав. Тус барилдаанд Дундад, Монгол, Япон гурван улсын бөхчид оролцож, мэргэжлийн сумогийн 69 дахь аварга Хакухо Даваажаргал шагналын цом гардуулсан бол олон улс орны 1000 гаруй үзэгч хүрэлцэн ирж монгол бөхийн ур ухааныг сонирхсон байна.

“Хакухо” нэрэмжит “Хасар” бөхийн улсын гадна зохион байгуулсан анхны барилдаан болно. Жилийн эхнээс одоог болтол 4 талбай сарын манлай шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулан явуулж, Архорчин, Дөрвөд, Баарин, Хөххотод дөрвөн бөхийн клуб байгуулав. 5 дугаар сарын 9-ний өдөр Ордос хотын Эзэн хороо хошуунд анхны олон улсын “Хасар” бөхийн тэмцээнийг зохион байгуулж, Дундад, Монгол, Орос гурван улсын аваргын барилдааныг амжилттай зохион байгуулав. Ойрын үед тэд Гуандүн мужийн одон телевизийн “Hello, Дундад улс” хэмээх нэвтрүүлэгт оролцож, Франц, Герман, Солонгос, Энэтхэг зэрэг долоон улсын зочдод монгол бөхөө сурталчлан олон улсын үзэгчдийн сонирхлыг татаж чаджээ.

“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдгээр буцаж ирснийхээ дараа хасрынхан олон талд цэгцлэлт хийж, бөхчүүдээ бөхийн уриатай талбайд гаргахаар болсон ба барилдааны тавцанг 60 кв.м байсныг 100 кв.м болгон томруулж, тамирчны аюулгүй байдлыг хамгаалж тавцанг тойруулж хашлага хийв. Барилдааны дүрмийн хувьд монгол бөхийн уран барилдааныг сайн харуулжээ. Шагналын талаар өмнө нь зөвхөн жилийн манлайд том шагнал өгдөг байснаа өөрчлөн жилийн шийдвэрт уралдааны 16 бөхийн нэгдүгээр нугалаад шороодсон бөхөд 5000 юань, хоёрдугаар нугалаад шороодсон бөхөд 10 мянган юань, гуравдугаар нугалаад шороодсон бөхөд  15 мянган юань, дэд бөхөд 20 мянган юань, тэргүүн бөхөд 100 мянган юаниар шагнахаар тус тус тогтоожээ.

Уламжлалт наадам хотын зайд дөрөө өндийлөө

Өнгөрсдөн жилийн 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хасар” бөхийн “2014 оны манлай шалгаруулах барилдаан” Өвөр Монголын биеийн тамрын ордонд болсон. Барилдааны эцэст Монгол Улсын заан Ч.Санжаадамба сая юаний үнэтэй “Audi Q7” авто машиныг жолоодон гарч, Өвөр Монголын түүхэн дэх монгол бөхийн хамгийн өндөр шагналыг түмний нүдээр гэрчлүүлж билээ.

Монгол бөх уг нь зөвхөн найр наадмын хэлбэрээр ард олонтойгоо золгож, бөхчүүдийн хувьд ч уралдаан тэмцээн тоотой, шагналын мөнгө хэмжээтэй болохоор дур сонирхлоо болгож оролцохоос ажил амьдралдаа орлого болгох боломж тун ховор байдаг. Энэ тухай Ли Баатар, Рашцэрэн, Гончигжав зэрэг бөх судлаач олон удаа санал дурдлага гаргаж байсан. Энэ байдлыг өөрчлөхийн тулд “Хасар” бөх монгол бөхийг сурталчлах ажлыг гол болгож, тэмцээний билет худалдаж, “Audi” авто машин, “Талын хайр” сүүний чиглэлийн компани зэрэг нэртэй аж ахуйтай хамтран ивээн тэтгүүлэх, хандивын мөнгөөр дэмжлэг авах зэрэг аргаар 50 шахам талбай тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тэд оны ууган аварга Батжаргалд 600 мянган юаний үнэ бүхий орон сууцны түлхүүрийг албан ёсоор гардуулж, хоёр дахь жилд аварга Ч.Санжаадамбад Audi авто машиныг гардуулж, монгол бөхийн түүхэн дэх хамгийн өндөр шагналыг үүсгэн бий болгожээ. Үүнээс гадна 500 гаруй дотоод гадаадын бөхчүүд, үй олон үзэгчдийн хараанд хүрч, ур чадвар, хүчит барилдаанаараа дамжуулан монгол бөхийн гайхамшгийг дэлхийн хүмүүст таниуллаа. Залуу үеийн Алтаншагай, Жаранбаяр зэрэг бөхчүүд энэхүү тавцан дээр бэлтгэл хийж, олон түмэн хүнд танигджээ. Бөхчүүд болон бөхийн хорхойтнууд хоорондох зай улам ойртож, монголчууд уламжлалт монгол бөхөө маш сайн мэдэх болов.

Гурван жилийн бүдчиж бөхжиж явсан хугацаанд “Хасар” бөх гадны эд мөнгөний хүчинд түшиглэхгүй, өөрөө өөрийгөө хангах чадалтай байя гэвэл заавал таваар байх хэрэгтэй гэдгийг ойлгож, 2014 оноос эхлэн өөрийн онцлогт цамц, бөх нэрэмжит архи зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргав.

- Гурван жилийн хугацаанд бид монгол бөхийн таваарчлах замыг амжилттай нээсэн бол монгол бөхөө хөгжүүлэх замд оруулахаар хичээнэ. Бөхийн барилдаан бол манай онцлогт зүйлс, барилдаанаараа бид бүх орны цорын ганц уралдааны сор болж чадсан, тиймээс бидний ирээдүй бол Өвөр Монголоосоо алхан гарч, Дундад улсын хэмжээнд холбоот тэмцээний сор болох болно гэж захирал Хасарбагана итгэлтэй ярьж байлаа.

- Монгол бөхийн түүхэнд хамгийн анх өндөр шагналт тэмцээн зохион байгуулсан хүн бол Чэнлүн группын Журамт гуай байсан. Дараа нь монгол бөхийг таваарчлахаар олон хүмүүс оролдлого хийсэн ч “Хасар” бөх оройлж гарч ирсэн юм. Бөхөө гадагш сурталчлах, таваарчлах тал дээр Хасарынхан сайн ажиллаж байна. Монгол бөхийн хөгжлийн замд энэ нь нэгэн бүтэмжтэй тал байж таарна. Нийгэм, зах зээл хөгжиж байгаа өнөөдөр бид шинэ хөгжлийн замыг туршиж эрэлхийлэх хэрэгтэй. Барилдааны хувьд шинэ оролдлого учир асуудал илрэх нь лавтай, үргэлжлүүлэн хийх явцдаа дээшлүүлж төгөлдөржүүлэх нь чухал. Бид ч бөхдөө хариуцлагатай сэтгэлээр байнга хяналт тавьж, санал зөвлөгөөгөө өгнө, бүгд зөвлөвөл бүтнэ гэдгээр бөхийн үйлсийг ганц хоёр хүн хийгээд болохгүй, заавал хамтдаа сэтгэл нэгдэж хичээвэл зөв сай хөгжинө гэж “Хасар” бөхийн өндөр зэрэглэлийн зөвлөгч аварга Цагаанзаана гуай үнэлэлт өгсөн юм.

  Алсын хараатай бөхийн хөгжил

 Бизнес эрхлэгчдийн хувьд өрсөлдөөнд хэзээд барианы газар байхгүй. “Хасар” бөхийнхөн бөхийн тавцант барилдаанаа маш эрчимтэй хийж уламжлалт найр наадмыг таваарчлан цэнгүүлж, бүх ард түмний хамт оролцох наадам болгохоор байгууллага нэгжтэй харилцан бэлтгэл ажлаа хийж байна. 

Хасарбагана: - Бид монгол бөхөө хотын иргэд үзүүлэх, таваарчлах талаар олж харсан жаахан туршлагаа харамлаад байж болохгүй, түг түмэн монголчуудтайгаа хуваалцаж, монгол соёл тамирынхаа ирээдүйн замыг хамтдаа хайвал зохино. Энэ үүднээс бид удахгүй уламжлалт наадамд гөл алхахаар бүх талын бэлтгэлээ хийж байгаа. Тухайлбал, хөдөө нутагт болох наадмын хурлыг ихэнхдээ хошуу нутгаас мөнгө төгрөг гаргаж хийдэг. Дараагийн алхамд бид наадмын бүх зарлага мөнгийг аж ахуй нэгж, зах зээлд түшиглэн олж, бүх ард түмэн оюун сэтгэлээ цэнэгжүүлэх соёл цэнгүүний тавцан болгохоор хичээнэ. Гэхдээ мэдээ мэдээллийнхэнтэй хамтран орон нутгийн аж ахуй нэгжийг сурталчилж, найрын талбайн худал хуурмаг бараа таваарыг шалган цэгцлэх, найр наадмын чансааг зэрэглэлд дэвшүүлж, зочдыг зорилготойгоор татах мэтийн ажлаа эхлүүлэхэд бэлэн байна. Бөхийн барилдаандаа туслах хүчин нэмэхээр энэ жил бид их мал аж ахуйн талбай, Жаожүнь зэрэг олон брэндтэй хамтран тэмээний ноолуурын бүтээгдэхүүн, сүүн талх, тутарга зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар болж байгаа гэлээ.

Мянга ярихаас нэг үз гэдэг. “Хасар” бөхийнхэн цөхрөлгүй оролдлого, хичээл зүтгэлээр багаас томруу, болхи бууриагаас хүчирхэг болж, бүх Өвөр Монгол, Дундад улс, цаашлаад харийн гадаадаар эрлийн ул мөрөө үлдээх болжээ. Энэхүү залуу эгнээний хүсэл мөрөөдлөө монгол залуучуудад нэгэн зүйлийг дэлгэж байна. Зориг золбоотой, тэсвэр тэвчээртэй байвал энэ нийгэмд хийж чадахгүй зүйл үгүй!

Зохиогч: Агаруу, Баярцэнгэл
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл