
Энэ сарын 21-нд Алма-Ата хотын "Ада Кент" үзэсгэлэнгийн төвд Казахстан-Дундад улсын худалдааны 13 дугаар үзэсгэлэн ёслол төгөлдөр эхлэв. Тус үзэсгэлэнгийн нэр алдар хол ойрд түгэж, цар хүрээ уудам, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл олон учраас нээлтийн өдөр Казахстаны маш олон бизнесмен, иргэд цаг алдалгүй хүрэлцэн ирж, үзэсгэлэнтэй танилцсан юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үзэсгэлэнгийн талбай 8000 ам дөрвөлжин метр, голдуу машин техник, тээврийн хэрэгсэл, барилгын материал, гэр ахуйн бараа, цахим барааны төрлийн бүтээгдэхүүнийг үзүүлж, Шиньжян, Шааньши, Гансү, Сычуань, Жэжян зэрэг 10 гаруй муж, ӨЗО-ны 300 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй төрлийн шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцсон байна.

Дундад улсаас Алма-Атад суугаа ерөнхий консул Жан Вэй нээлтийн ёслолд үг хэлж, Дундад, Казахстан хоёр орны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлсэн байна.

Нээлтийн ёслолд оролцсон Алма-Ата хотын дэд дарга Юриж Илин, Дундад, Казахстан хоёр орны харилцааны хөгжлийн дагуу, сүүлийн үед Дундад, Казахстаны хамтарсан хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж Алма-Ата хотод улам олон болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хугацаанд Дундадын улам олон аж ахуйн нэгж Казахстанд амжилттай ажиллахыг хүсэж байна гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн 24-нд өндөрлөж, үзэсгэлэнгийн үеэр Дундад, Казахстаны алдартай брэндийн аж ахуйн нэгжүүд анх удаагаа уулзалт хийх юм байна.





