Б.Энхмарт
Монгол, Хятад, Оросын ахан дүүс 70 жилийн тэртээх энэ өдрүүдэд амь биеэ үл хайрлан тэмцэлдэж, олон зуун эрс халуун амиа золин байж өнөөдрийн энх тайван, амар амгаланг бидэнд үлдээсэн билээ. Гурван улсын эрэлхэг баатрууд хамтын хүчээр Чөлөөлөх дайны ялалтыг авч байсан түүхэн өдрүүдийн 70 жилийн ойг өдгөө нижгэр тэмдэглэж буй. Үхэл хагацал, зовлон бэрхшээлээ тэнцүү хувааж туулсан гурван улсын ард иргэд өдгөө баяр, жаргалаа хамт тэмдэглэж байгаа нь энэ юм.
Чөлөөлөх дайны 70 жилийн ой болон БНХАУ, Монгол Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн урилгаар Монголын 50 сэтгүүлч тус улсын Бээжин, Наньжин хот, Хэбэй мужид долоо хоног ажиллалаа.
Жанчхүүгийн даваа буюу “Давагдашгүй цайз”-ыг сэтэлсэн монгол эрсдээ хүндэтгэл үзүүллээ
1945 оны дайнд онц, түүхэн үүрэг гүйцэтгэж, алтан амиа алдсан Монголын 66 баатар, Зөвлөлтийн дайчдын нойрсож буй Зөвлөлт, Монголын холбоотон цэргийн үрэгдсэн баатруудын дурсгалын цамхагт хүндэтгэл үзүүлэхээр Жанчхүүгийн давааг зорьлоо. Монголын хилээс 560 километр, Хэбэй мужийн Жанбэй хотоос 15 километрийн зайд орших Жанчхүүгийн даваа нь хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн байлдааны чухал түшиц, бат бэх бэхлэлт бүхий район байв, 1935-1945 онд. 1945 оны хоёрдугаар сард холбоотон гүрнүүдийн байгуулсан Яалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ наймдугаар сарын 9-нд, БНМАУ маргааш нь Японд дайн зарласан түүхтэй.
Бороо ганц нэг дусалж эхлэв. Жанчхүүгийн даваанд нойрсож буй эр цэргүүд биднийг шиврээ бороогоор угтлаа. 70 жилийн өмнөх энэ өдөр энд усан бороо бус суман бороо шаагиж байсан нь лавтай. Баатар эрсэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөхийн завдалгүй тэнгэр цэлмэж, үүлс сарнисан нь суман борооны дараа эрх чөлөө, энх тайван, ялалт ирсэн гэдгийг хэлэх шиг. Жанчхүүгийн давааг тухайн үед “Давагдашгүй цайз” хэмээн нэрийдэж байв. Японы цэрэг арми энэ даваанд 1935-1940 онд 40 мянган хятад иргэнийг дайчлан ажиллуулж, 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметын галын цэг байрлуулснаас гадна тухайн цагтаа сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулахын олон барилга байгууламж бий болгож чадсан юм. Бэхэлсэн районыг хоёр давхар төмөр утсан тор, танк эсэргүүцэх өргөн, гүн шуудуугаар тойруулан нэвтрэх сүв, хажуугаар гарах замыг тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн байлаа.
1945 оны наймдугаар сарын 18-нд Монгол, Зөвлөлтийн армийн анги Жанчхүүгийн даваан дахь дайсны хүчийг туршин байлдаж, бэхлэлтийн зохион байгуулалт, галын гол цэгийг илрүүлсэн нь тулалдааны цаашдын амжилтад түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн. Жанчхүүгийн давааны төлөөх байлдаанд Монголын ардын хувьсгалт цэргийн хурандаа Нянтайсүрэнгийн командалсан долдугаар хуягт бригадын дайчид гарамгай тулалдсан түүхтэй. Түүнчлэн Л.Аюуш 11 удаа шархадсан ч дайсантай гардан тулалдаж, баатрын ёсоор амь үрэгдсэн байдаг. Мөн Холбоо салааны тасгийн дарга, ахлах түрүүч Жанчив тасарсан холбоог хоёр газраар залгаад, гурав дахь тийш очих боломжгүй шархадсан учир тасарсан хоёр үзүүрийг нийлүүлэн шүдэндээ зууж, холбоог залгаад, ангийнхаа давшилтыг хангаж баатарлагаар амь эрсэдснийг бид мартаагүй. Монгол, Зөвлөлтийн дайчид ийнхүү гурав хоногийн ширүүн байлдааны эцэст Японы цэргийн бэхлэлтийг эвдэн, дайсныг бут ниргэж, наймдугаар сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг ялалтаар дуусгасан түүхтэй. Энэхүү тулалдаанд Монголын ардын армийн 21.384 цэрэг дайтаж, 13 нь алтан амиа алдсан.
Ялалт авчирсан Монгол, Зөвлөлтийн цэрэг эрсэд зориулж, Хятадын Засгийн газраас “Зөвлөлт, Монголын холбоотон цэргийн үрэгдсэн баатруудын дурсгалын цамхаг, бунхант хөшөө”-г 1945 онд байгуулж, 1957 онд сэргээн засварласан байна. Дурсгалын цамхагийн баруун талын ханан дээр “Зөвлөлт, монголын дайчид өнө мөнх оршино” хэмээн сийлсэн бол, зүүнд нь “Эрхэм дээд эв найрамдал, ариун улаан халуун цус” гэх үгийг буулгажээ. Харин доторх бунханд Монголын зургаан баатар эр нойрсож буй бөгөөд, цамхагийн гадна ханан дээр Жанчхүүгийн давааг эзлэхэд алтан амиа золин байж түүхэн гавьяа байгуулсан 13 цэрэг эрийн болон Зөвлөлтийн дайчдын нэрсийг сийлжээ. Дурсгалын цамхагийг эргэн тойрны 15 га газарт эх орон, эх дэлхийд энх тайван, найрамдлыг авчрахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн цэрэг эрсэд зориулан Бунхант цэцэрлэгт хүрээлэн, музей байгуулжээ. Дурсгалын цамхагаас 100 метрийн зайд Зөвлөлт, Монголын дайчин эрсийн шарил нойрсож буй аж. Энэ талаар Бунхант цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Шан Ю Фү “Хүрээлэнд Монголын 66, Зөвлөлтийн 54 цэргийн шарил нойрсож байгаа. Зөвлөлт, Монголын цэргүүд Жанчхүүгийн давааг эзэлснээр Чөлөөлөх дайнд бид ялахын эхлэл тавигдсан гэж үздэг. Зөвлөлт, Монголын дайчин эрсийн нойрсож буй цэцэрлэгт хүрээлэнд Монгол, ОХУ, БНХАУ-ын болон бусад орны томоохон зочид, төлөөлөгчид ирэх бүртээ очиж, хүндэтгэл үзүүлдэг. Ялангуяа ханш нээх, нас барсан хүмүүсийг хүндэтгэх, гашуудлын өдрүүдээр хүмүүс олноор ирнэ. Тэр бүрт 70 жилийн тэртээ өнөөдрийн бидний амар амгалан, энх тайван амьдралын төлөө ариун цусаа урсгаж, халуун амиа өргөсөн баатар эрс талархдаг байх. Энэ цахмаг бол бидний найрамдлын бэлэг тэмдэг” хэмээсэн юм.
Жанчхүүгийн давааг эзлэх үеэр эрэлхэгээр амиа алдсан монгол цэргийн нэрсийг дурсгалын цамхагт сийлжээ.
Лувсанцэрэнгийн Аюуш
Гомбосүрэнгийн Дашдондог
Доогийн Дагва
Магсарын Жанчив
Манлайн Жүгдэр
Гүнээгийн Лхамрагчаа
Цэрэннадмидын Маамуу
Пэлжээгийн Нямаа
Батын Пүрэв
Б.Сахьяа
Тувааны Самданжуамц
Галсангийн Чулуунбат
Сандагийн Шагдар
12 секундэд нэг амь буюу 1937 оны Наньжин
Бээжин хотоос 1000 гаруй киломерийн зайд орших Жансу мужийн өмнөд хэсэгт орших Наньжин хотыг хурдны галт тэргээр дөрвөн цагт туулж, хүрэв. Дэлхийн жуулчдын Хятадыг сонирхох нэг шалтгаан болсон өндөр хөгжилтэй, түүх, соёл, эдийн засаг, аялал жуулчлалын хөгжлөөрөө улсдаа нэгдүгээрт ордог уг хот найман сая хүн амтай. Эдгээрээс гадна тус хот нь Япон цэргийн түрэмгийлэлд өртсөн гол цэгийн нэг юм. Тиймээс 1937 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш зургаан долоо хоногт 300 гаруй мянган энгийн иргэдийг хөнөөсөн их хядлагыг харуулсан “Наньжинд болсон их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор”-ыг 1985 онд байгуулсан байна. Ялалтын 70 жилийн ойтой холбоотойгоор тус цогцолборын үзмэр, баримт сэлт, түүхэн зургуудыг сэргээж, архивын санг нэмэгдүүлсэн байдлаар хүмүүст сонирхуулж байгаа юм байна.
Цогцолборын үүдэнд хүүгээ алдсан эхийн тийм гэхийн аргагүй харуусал, зовлонг илэрхийлсэн эмэгтэйн арван метр гаруй өндөр хөшөө жуулчдыг угтана. Түүний хажууханд дайны хүнд өдрүүдэд ядарч, туйлдсан, шархадсан, амиа алдсан дүүгээ үүрэн алхаж яваа гэх мэт 1937 оны дүр төрхийг харуулсан олон арван баримал бий. Тэр үеийн байдлыг гаднын жуулчид болоод, дотоодын зарим ард дүрс бичлэг, гэрэл зургийн хальснаа буулгасан нь уг музейн чухал баримтууд болжээ. Өдгөө тус цогцолборт нийт 10 мянга гаруй түүхийн үнэт зүйлс, түрэмгийлэгчдийн хэрэглэж байсан зэр, зэвсэг, хядлагыг харуулсан гэрэл зургууд, бусад баримт бий аж. Музейн хэд хэдэн танхим харанхуй, маш бүдэг гэрэлтэй. Эдгээрт 12 секунд тутамд Наньжины их хядлагад амиа алдсан иргэдийн зураг, нэрсийг хөврүүлэн гаргана. Энэ нь 1937 оны арванхоёрдугаар сарын 13-нд эхэлсэн эзлэн түрэмгийлэл 42 хоног үргэлжлэх хугацаандаа 300 гаруй мянган иргэн буюу 12 секундэд нэг хүшний амийг хөнөөж байсныг илтгэж байгаа аж. Энэ талаар тус цогцолборын тайлбарлагч эмэгтэй Ван Дан Дан “1937 оны үед Хятадын Засаг захиргааны төв байсан энэ хотод нэг сая 10 мянган хүн оршин суудаг байсан. Дайны үеэр 500 мянган хүн дүрвэж, 100 мянган цэрэг хотоо хамгаалан үлдэж, 300 мянган хүн амиа алдсан байдаг. Япончууд 100 мянга гаруй хүнийг амьдаар нь булж, 100 мянга гаруй хүнийг долоон үе болгон дээр дээр нь булах, 20-хон хоногийн дотор 20 мянга гаруй охид, бүсгүйг хүчирхийлсэн байдаг. Энэ хядлагаа өөрийн удирдагчдаасаа нуухын тулд хүүхдүүдэд бэлэг сэлт өгч, өвчтэй хүмүүсийг эмчилж, асарч байгаагаар зохиомжлон зураг авахуулж худал мэдээлэл сонинд нийтэлж байсныг гэрчлэх олон арван баримт энд бий. Энэхүү хядлага ямар харгис түвшинд хийгдсэнийг гэрчлэх нэгэн түүх бий. “1937 онд Токио Ничи Шимбун сонины нүүрэнд Японы цэргийн хоёр офицер бахархалтай зогсох зурагтай, “Хэн нь олон хүний толгойг сэлмээр тасдаж хөнөөх вэ” гэх тэмцээн зохиосон тухай түүх. Тэд гудамжинд гарч ирээд олзны энгийн номхон иргэдийг эгнүүлэн жагсааж байгаад нэг хоногийн турш сэлмээ эргүүлсэн байдаг. Тэдний нэг нь 105, нөгөө нь 106 хүн хөнөөсөн. Гэтэл тэд ялагчаа тодруулж чадахгүй тул дараагийн өдөр хэн нь түрүүлж 150 хүн хөнөөх вэ гэдэг тэмцээн эхлүүлсэн” байдаг юм. Гэхдээ Дайны гэмт хэрэгтний шүүхээр тэр хоёр офицерийг шүүж, цаазаар авсан” гэв. Музейн ханан дээр “Мартаж болохгүй, уучилж болно” хэмээн ханз үсгээр бичжээ.
Дайны уршиг, хагацал, гамшгийг илтгэсэн зовлонт бүсгүйн хөшөөгөөр үүдээ нээсэн дурсгалын цогцолбор энх тайвныг бэлгэдсэн хүүхэд тэвэрсэн эмэгтэйн хөшөөгөөр биднийг үдэв.
Түүхнээ дэлхийн хоёрдугаар дайн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 1945 онд эцэслэгдсэн дайны хөлд дэлхийн хүн амын 80 гаруй хувь оролцож, 60 гаруй сая хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн номхон иргэд байсан байдаг. 60 сая иргэний халуун амь, бүлээн цусаараа улс эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, энх тайвныг тунхаглан өнөөдрийн энх тайван, амар амгаланг бидэнд үлдээсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Манайхан, танайхан гэж ялгалгүй бүгдэд нь бүгдээрээ мэхийж, хүндэтгэл үзүүлэх ёстой.
