Үлгэрийн юм шиг тэр нэгэн үдэш
Өөдөн дээлийн чинь хормойг норгож
Өөрөөс чинь би төрлөө гэдэг ээж минь
Үдэш үдшээс илүүтэйхэн амраг
Үлгэрийн юм шиг тэр нэгэн үдэш
Өөдөн дээлийн чинь хормойг норгож
Өөрөөс чинь би төрлөө гэдэг ээж минь

Баяр гуниг мөр зэрэгцэн орших хорвоод
Бараан харанхуй амьдралыг туулж элээж явахдаа
Бүхэл орчлонг түймэрдэм халуу шатсан хайраараа
Бүтэн биеийг минь өлгийдөж хүмүүн болгосон ээж минь
Эр хүмүүний хөнд ачааг уяхан нуруундаа тээж
Алжаахыг мэдэлгүй Урагш зүтгэн зүтгэсээр
Асгаран өнгөрөх бороо шиг хоромхон залуу насаа
Аминыхаа үр наддаа харамналгүй зориулсан ээж минь
Үерхэж тоглодог нөхдөө аавтай байхыг хараад
Өрөөлөөс ондоо би яахдаа өнчин байдаг юм гэж
Зүсийг нь хараагүй аавыгаа зүдэрсэн танаасаа нэхэж
Зөндөө шархтай зүрхийг чинь зовоодог байсан аа
Дэгэл догол бодлын өрөөсгөлөөр хөөрч
Дөхөөгүй хүүхэд шиг дэмий балай явахдаа
Дээд тэнгэрээс тоотой нас соёрхсоныг нь
Дэндүү орой ухаарч да муу охин чинь
Сагсуурч явсан өдөр хоногийн урсгал
Санчгийн чинь үсийг даанч эрт бууралтууллаа
Сайхан ээжийгээ жаргааж ер нь амжаагүй
Майжиг гуталтай бөгтөр эмгэн болгож да
Зулай зөөлхөн нялх үрээ өсгөхдөө
Зуун зууны даваа өгсөх шиг хүчрийг мэдсэн охин чинь
Зулзаган бургасаар номлож сургадаг хатуухан сургаал чинь Зүйрлэшгүй ариун нандин өв байсныг ухаарсан аа
Хайртай шүү тандаа гэж хэлж зүрхэлсэн үг минь
Хагзархайг минь нөхсөн үйлтэй чинь яаж тэнцэх билээ
Хан хурмастаас мөнгөн сарыг авчирч өгөө ч
Халуун цай аягалсных нь ачид хүрэхгүй
Хатан зүсийг чинь өвчиж төрөөд
Ханагар ухаанд чинь уясаж хайлсан юм болохоор
Харийн нутагт охин чинь хүмүүн шиг хүмүүн явна аа
Хорвоод ганцхан ээж шигээ эх болж явна аа
Үүрийн цолмон оддыг алган дээрээ тосож
Үйл оёдлынхоо урнаар их баялгийг бүтээсэн ээж минь
Сайхан монгол нутгийнхаа тэнгэрт
Сүүнийхээ дээжийг өргөн байж
Сайн яваарай үр минь гэж намайгаа
Санан дурсан ерөөж байгаа ч болов уу
Хан уулсын орой будантаж
Хулсан толгой шарлахын тэр цагт
Хонгор бурхан ээж тандаа хүрч очоод золгох юмсан
Хоймрыг чинь дүүргэж хөөрхий таныгаа
Баярлуулж нэг жаргаах юмсан
Шүлгийг Т. Цэцэнхуар
