solongonews
Нэгэн зууны амьд толь - Алтансувд
2015-08-31 12:59
Зуун намрыг үзнэ гэдэг зуныг дуулж зудыг ч туулна, зовлон үүрч жаргал ч өвөртөлнө. Нас буян 100-г зооглож, таван үеэ үзсэн, одоо болоход 51 халуун ам бүлтэй, өнөр өтгөн амьдарч байгаа Алтансувд настны өндөр хишигт багтаж ярилцлага авснаа бодоход их л хувьтай санагдах юм. Буянт буурал бие тэнхлүүн, цээж сайтай, өөр өвчин хуучин хүрээгүй, одоо ч гэсэн ойр зуурын амьдрал ахуйгаа өөрөө зохицуулдгийг нь бодоход үнэхээр үрийн сайхныг үзэн үзэн баясаж, өнгөрүүлсэн амьдралаа дурсан дурсан суусан хүмүүн заяаны жинхэнэ амьд тууль болон оршиж байгаагийн нэр ажээ.

Нас буян 100-г зооглож, таван үеэ үзсэн, 51 халуун ам бүлтэй, өнөр өтгөн амьдарч байгаа Алтансувд гуайн өндөр хишигт багтаж ярилцлага авснаа бодоход их л хувьтай санагдах юм. Буянт буурал бие тэнхлүүн, цээж сайтай, өвчин хуучгүй, одоо ч гэсэн ойр зуурын амьдрал ахуйгаа өөрөө зохицуулдгийг нь бодоход үнэхээр үрийн сайхныг үзэн үзэн баясаж, өнгөрүүлсэн амьдралаа дурсан дурсан суусан хүмүүн заяаны жинхэнэ амьд тууль болон оршиж байгаагийн нэр ажээ.

Алшаа нутгийн Хөвөө-намаг одоогийн Алшаа зүүн хошууны Баруунбэл сумны Шархөдөө гацаанд улаан жинстэй тамгын түшмэл Өөлд овгийн Цэдэв нэртэй хүний охин болж мэндэлсэн юм. Ах дүү долуул. Аавын ажилсаг буянаар, соёл эрдэмтэй сайхан хүн гэгддэгээр сүрэг малтай, тэр цагтаа ч мөн баян явсан аа. Тэгэхэд 20, 30-аад он гэж орчлонгийн дутуу юм шиг нөхөөс дүүрэн нийгэм сэн. Малтай нь нуруу гэдгэр гэдэс цатгалан, малгүй нь бусдад зарцлагдан явж, өл болохгүй шингэн хоолоор өрц голоо норгоод л дөнгөдөг цаг байсан. Үхэж өлбөрөхгүй, өмсөж зүүх юмтай болъё, дөрвөн мөчдөө түшин амьдаръя гэвэл зөвхөн баян малчныд очиж хөлсний хүн болон зарагдах цорын ганц зам байсан юм. Тэр үеийн байгаль орчны хувьд бол ч харин хэдэн буянаа аргадахаас өвс бэлчээр сайн, тэнгэрийн царай харахаас хур бороон элбэг, мал сүрэг зузаан, байгаль дэлхий нүнжиг аштай сайхан байлаа.

Алтансувд гуай

Ороо босгоо нийгмийг элээхдээ аав ээжээрээ эрх мэдүүлэн Тайж айлын бэр болсон юм. Ингэж өөрөөсөө тасарсан 6 үртэй, тугалын бэлчээрээс холдохгүй, тогоо шанагатай ноцолдсон, дуугүй залуу нас өнгөрчээ. Япон эзэрхэг дайсан Өвөр Монголд орж ирсэн тэр цаг хугацаанд дайн дажин манайхнаас их ойрхон болж өнгөрсөн боловч хөл уланд нь хамрагдаагүй нь азтай.

Чөлөөлөлт нь тэр үеийн ард түмний нар нь гарсан, эрх чөлөөгөө олж өөрийн дураараа явах болсон баярт цаг үе байсан. Мао тэргүүлэгч гэж шүтээд л, залбираад л явдаг байлаа. Харин миний хувьд бол 1953 оны намар малчдын төлөөлөгчөөр нэр дэвшиж Бээжин, Тяньжинь, Наньжин, Харбин, Шиань зэрэг газраар явсан нь хамгийн сайхан дурсамж болж үлдсэн. Галт тэргээр, цэргийн ногоон машинаар ээлжлэн 20 гаруй өдөр явсан. Замын турш чухам ч ядрахаа мэдэхгүй явлаа. Ингээд Улаанхүү тэргүүнтэй гар барин, хоёр хуй торгоны дурсгалын бэлэгтэй буцсан. Тэр үеийн их хотын байшин барилгыг нь бахархаад л, арилжаа үйлдвэр худалдааг сонирхоод л бөөн баяртай нь аргагүй. Жирийн нэг малчин их хотоор явж, орны тэргүүнтэй уулзаж, хараа сонороо хужирлах гэгч тэр үед баярын дээд баяр байж таарна биз.

Алтансувд гуайн үр ач нар 

“Сайхан юм бүхэн хурдан өнгөрдөг” гэдгээр тун удалгүй 50-аад оны гачигд гэдэс харанхуйлахын хэцүүг амталжээ, бурхан минь. Сонин гачиг цаг шүү. Гэхдээ бид бусдаас гуйж түүж яваагүй. Дороо хичээсээр ажил амьдралаа дөнгүүлсэн. 60-аад оны үед Ганьсү мужийн Минчин шяний иргэд манай нутагт ирж амь зулбах гэж зовж өлбөрөхийн даваанд мөргөж сөгдөн байсныг нь бодвол манай монголчууд хэдий ядарч явсан ч бусдын хормойд зүүгдэн гуйж гуншиж явдаггүй юм шиг санагддаг, хэдэн малын мөртэй л бол монголчууд чинь явж болж л байдаг.

15 нас хүртлээ зав л гарвал ааваасаа монгол бичиг сурдаг байсны ачаар би чинь 1957 оноос сумандаа бригадын даргын ажлыг хэдэн жил хийгээд амжсан шүү. Цалин гэж байх ч биш дээ, хувь олгоно. Тэр нь жилийн эцэст хоол хүнсний солио болж зарагддаг. Удалгүй эмнэлэг дээр эх бариачийн сургууль гарч эх бариачийн ажил хийх болсон. Харин тэр нь буян үйлддэг ажил гэгддэг байхгүй юу, энэ л үйлийн сайнаар өдий хүрч яваа юм билүү гэж боддог.

Нийтийн сүргийг 10-аад жил хариулахад ямар ч осол гаргаагүй, мал ахуй гээгдүүлж орхиогүй, зуд үерт автуулаагүй бүр л мэнд онд мэнд оруулж байсан. Харин төр дүрвэж түмэн үймсэн нөгөөх жилүүдэд нөхөр маань Тайж байсан болохоор эрх чөлөөгүй явсандаг. Би ч улаан жинстэй хүний охин гэдэг нэрээр үйлээ үзлээ. Энэ бүх зүйлийг “тэжээсэн бяруу тэрэг эвдэж” нөгөө Минчин шяний цагаач ардууд хувьсаж хөдөлснийг яалтай ч билээ. Манайд Ян Личи гэдэг иргэн үхэхийн даваан дээр ирж бидний ивээлд багтаж арай амьтай үлдсэн байлаа. Сүүлд нь бидний дээр заларч ирэхийг нь хэрхэн мэдэх билээ зайлуул… бас нэг хэцүү нь 70-аад оноос эхэлж Баруунбэл сууринд газар хагалж эхэлсэн. Худалдааны, тариалангийн, аж үйлдвэрийн гээд байдаг үйлдвэрүүд байгуулагдсан. Түүний үр дагаварт одоо юу болсон гэж? Байгаль дэлхий ихээр муудан, “халцгай Алшаа” болоход нэг хэмжээний “хувь нэмэр”-ээ яахын аргагүй үзүүлжээ.

Нэг мэдэхэд нар гарч цэлмэг тэнгэрээ үзсэнээ бодвол цаг хугацаа яаж хурдан өнгөрдгийг мэдэрнэ. Удалгүй нийтийн малыг хувь айлд өгөх болж өөрийн гэсэн юмаараа амьдралаа өргөх жаргалыг амтлуулжээ. Тэгж хэдэн малтай болж дажгүй болсон шүү үнэн. Тэгээд л нарны бор малчин болж хөштөлөө гүйсэн нь энэ зэрэг амьдралд хүргэсэн билээ.

Одоо үрийн сайн, үеийн дээдийг зооглож явж буйгаа бодвол чухам юуг өнгөрөөж, юунд зорьж ирснээ үл мэднэ. Өдий нас маань тэгэхэд шөл уух л тэнхээтэй боллоо. Гэсэн ч хүмүүс намайг их тэнхлүүн сайхан жаргаж байна гэхээр баярладаг юм.

Хүмүүс надаас өдий бие тэнхлүүн, сэтгэл амгалан байдгийн нууц нь юу вэ гэж асуудаг юм. Одоо бол би чинь өглөөдөө тайван босоод, оройдоо бага хэмжээний дасгал хийчихээд, телевиз сонин мэдээ үзчихсэн, дэлхийд юу болж байна гээд ярьж суух дуртай. Бас хоолоо өөрөө хийчихдэг, үс зүсээ ч янзлах сонирхолтой, хувцсаа угаачихдаг, байшингийн шатаар бууж өгсдөг, гадуур гараад ажлаа амжуулаад ирчихдэг хэвийн л амьдралаар амьдарч явна. Өргөдөг мал шиг өдий насандаа хэвтэрт орж хүнээр асруулаагүй л байж байна... Бодоод байхаар хүний нас төрх, сэтгэл санааны залуухан байгаа нь уужуу тайван, ажилч хөдөлмөрч, хэт шуналгүй амьдрахад л оршдог юм шиг санагдлаа. Би бурхан шүтээнтэй, эцэг эх хүн гэдэг үр хойчийнхоо төлөө хуруугаа цоортол мааниа тоолдог биз. Сайн сайхныг бодон даатгаж байх л хэрэгтэй.

Ингээд л миний нэг нас жив жирийн болж өнгөрсөн, буян давж зуу хүрснээс биш үнэндээ надад юу ч байгаагүй гэхэд болмоор хүн шүү дээ гэж Алтансувд гуйа хүүрнэлээ.

Зохиогч: Үнэнжаргал, Бүрэнбаяр
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл