solongonews
Сайн аав ээжийн хүүхдийнхээ дэргэд гаргах ёсгүй 5 хандлага
2015-07-29 16:39
Японы нэгэн хүүхдийн сэтгэл зүйч өөрийн судалгаагаараа хүүхэд өөрийн зан чанар, харилцааны төлөвшлийн 70 хувийг нь эцэг эхээсээ авдаг гэдгийг баталсан аж.

Энэ судалгаанд хамрагдсан 50 гаруй ээж аавууд тайлантай нь танилцаад уулга алдаж, өөрсдийгөө ямар буруу зүйл хийдэг болохоо анзаарчээ.

Сэтгэлзүйч ээж аавуудын тогтмол гаргадаг ааш зан болоод харилцааны хэв загвар, хүүхдийн гэр, сургууль гээд эргэн тойронд нь өрнөдөг бүхий л харилцааг бичлэгт буулган авч. Хамгийн хачирхалтай нь хүүхдүүд яг л гэртээ өрнөдөг аав ээжийн харилцаа болон хандлагыг дуурайж өөр бусад орчин нөхцөлд ч яг тийм зан авиртайгаар хүмүүстэй харилцаж байсан ажээ. Бүр ээж аавынхаа ашигладаг үгийг сургууль дээрээ хэд хэдэн удаа хэлж хоолойны өнгө, ямар үг дээр өргөлт авч байсан зэргийг алдалгүй дуурайж байсан тухай бичжээ. Үүнээс дүгнэн хүүхдийнхээ дэргэд “Өөрийгөө цэгнэж” цаг ямагт анхааралтай байхыг сэтгэлзүйч сануулсан байна. Мөн ээж аавуудад дараах зүйлсийг бүр хатуу сануулж хэлсэн байна. Хүүхдээ мундаг хүн болгохыг хүсдэг бүх ээжүүд үүнийг тэмдэглээд аваарай.

Хандлагаа цэгнэ! 
“Манай энэ ч дээ” буюу үл тоосон хандлага 
Ээж аавууд өөрийн мэдэлгүй энэ үл тоомсорлох хандлагыг гаргадаг ба энэ нь хүүхдүүдэд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг байна. Жишээ нь найзууд, хамаатан садан, найз нөхдийнхөө дэргэд “Манай энэ ч мэдэхгүй ээ. Ямар хүн болох бол доо!” гэсэн учир битүүлэг, үл тоосон, бассан өнгө аястай хэлэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бүрэн нугачин дардаг. Хүүхэд үргэлж өөрийнхөө ирээдүйг сайхнаар төсөөлж бодон тэр замруу итгэл дүүрэн алхах учиртай. Эцэг эх хүүхдийн энэ төсөөллийг баяжуулж, улам бүр итгэл найдвар өгөх юм бол хүүхдийнхээ ирээдүйд санаа зовохооргүй сайн хүн болох болно. Хэрвээ хүүхэдтэйгээ дээрхтэй ижил үл тоосон янзаараа харьцсаар байх юм бол том болох үедээ бусдыг тэр ч байтугай ээж аавыгаа ч басаж, үл тоосон хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид хатуу анхааруулжээ.

Үгээ цэгнэ! 
“Үг дааж сур” буюу сэтгэлзүйн хүчирхийлэлд өртүүлэх 
“Тайлбар тавихаа боль! Үг сонсч сур” энэ хандлага бол хүүхдийн сэтгэлзүйд асар буруу дадал суулгадаг хандлага гэнэ. Ээж аавууд хүүхдээ сонсохоос түрүүнд өөрийнхөө бодлыг тулган шаарддаг. Энэ хандлагад дассан хүүхдүүд үргэлж бусдын нөлөөнд автаж өөрийнхөө юу бодож, мөрөөдөж явдгаа бусдаас нуун жинхэнэ хүч чадлаа гаргаж чаддаггүй. Энэ бол үйлдлээр бус үгээр дамжуулан хүүхдэд гаргаж буй хүчирхийлэл юм. Нэг ёсондоо ээж аавынх нь үг дааж сур гэсэн хатуу хандлага хүүхдийг тэвчээртэй хүлээцтэй хүн болгоно гэж эцэг эхчүүд боддог авч энэ нь эсрэгээрээ харин ч үг даадаггүй тэвчээргүй бусдын бодлыг үл тоодог, дотогшоо, өс санамтгай хүн болгодог байна. Тиймээс эхлээд хүүхдийнхээ үгийг даадаг эцэг эх болох хэрэгтэй. Харин дараа нь хүүхдэдээ үг даах ухааныг зааж сургах учиртай юм. Үгээ цэгнэхийн тулд эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийнхээ алдаа дутагдлыг тоть шиг байн байн давтахаас илүү тэр алдаа дутагдал дунд өөрийг нь үлдээж ямар хандлага гаргаж байгааг нь ажигла. Харин дараа нь тухтай суугаад “Чиний хамгийн том алдаа бас буруу зуршил юу бол? чи юу гэж бодож байна?” гэж асуугаад үз. Харин энэ асуултандаа заавал хариулт аваарай. Зөвхөн түүнийг л сонс. Чи өөрөө нэг ч үг бүү хэл. Цаашдаа танд ярих цаг хангалттай гарна. Харин одоо бол тэр цаг биш. Зөвхөн сонсож сурсан хойноо л та хүүхдээ улам илүү ойлгох болно.

Харилцаагаа цэгнэ! 
“Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” буюу хүндлэх ухамсрыг алдагдуулах
“Чи ийм арчаагүй болохоор хүүхэд чинь бас ийм байгаа юм” гэж хүүхдийнхээ дэргэд эцэг эх нь нэг нэгнээ доромжлох үед хүүхдийн эцэг эхээ хүндлэх ухамсрын хаалт нурж унадаг байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эцэг эх нь өөрийнх нь дэргэд нэг нэгнээ харааж зүхэх, үл тоомсорлон муухай хандлага гаргах үед хүүхдийн сэтгэхүйд байдаг эцэг эхээ хүндэтгэж харьцах ёстой гэсэн өндөр шилэн хаалт хагарч унадаг байна. Хэрвээ тэр хаалт нэг удаа л хагарсан бол эргэж нийлэхэд тун хэцүү. Аав нь ээжийг нь юу гэж доромжилно ээжийгээ, үгүй ядаж эмэгтэй хүнтэй яг тэгж харьцаж болох юм байна гэсэн сэтгэхүй суух болно. Ирээдүйд нэг л өдөр далд ухамсар өөрийн эрхгүй аавын гаргадаг байсан бүдүүлэг авир, ээжийн хэлдэг байсан муухай яншаа үгсийг ч мөн гаргах болно. Тиймээс хүүхдийнхээ дэргэд харилцаагаа цэгнэж бай! Хэрвээ ямар нэг асуудал гарсан бол аль болох хүүхдүүдээсээ хол энэ асуудлаа ярилцаж шийдэж байгаарай! “Хүүхэд насанд ээж аав хоёр маань нэг ч удаа хэрэлдэж байгаагүй. Тиймээс би ч гэсэн тийм л сайхан гэр бүлтэй болох болно” гэсэн эерэг бодолтой хүмүүжих нь хүүхдийн чинь ирээдүйд хандах хандлагыг өөрчлөх болно.

Биеэ цэгнэ! 
“Хэнийгээ дуурайгаад ийм болдог байна аа!” буюу биеийн хэлний үлгэр дуурайл
“Хэнийгээ дуурайгаад ийм болдог байна аа!” Мэдээж чамайг л дуурайгаад ийм болсон шүү дээ! Чиний хүүхэд санаанд чинь таарахгүй байгаа бол үүнд өөрийгөө л буруутгах хэрэгтэй. “Хүүхдийнхээ дэргэд үргэлж цэвэрч нямбай, цаг баримталдаг, үнэнч шудрага байдаг атал хүүхэд маань огтхон ч тийм биш байна” гэж нэг ээж хэлсэн юм. Гэтэл тэр ээж аав цаг ямагт ажилтай байдаг ба цэвэрхэн гэрт хүү ганцаараа байхаас уйдаж найзуудтайгаа гэрээ бусниулдаг байжээ. Хүүгийн хувьд гэр бүлийн орон зайг найзууд нь эзэлсэн хэрэг. Хүү эсвэл охины чинь хувьд амьд баатар нь гагцхүү ээж аав хоёр нь л байдаг. Хэрвээ өөр нэгэн чиний тэр орон зайг эзэлсэн бол чи өөртөө шүүмжлэлтэй хандах л хэрэгтэй. Учир нь сайн ээж аав гэдэг нь зүгээр л хүүхэддээ сайхан хувцас өмсүүлж, сайн хооллож юугаар ч дутаахгүй өсгөсөн хүнийг хэлдэггүй. Сайн ээж аав үргэлж хэлсэн амандаа хүрдэг, сонсч дэмжиж чаддаг, хийж байгаа үйлдэл бүрээрээ үлгэр дуурайл болдог хүнийг хэлдэг. Хүүхэддээ цаг гаргаж хамтдаа хөгжилддөг, шинэ зүйлтэй танилцах үед нь хамт байдаг, амьдралыг танин мэдэх аялалд нь хамгийн сайн хамтрагч байж чаддаг хүнийг л сайн ээж аав гэж өргөмжилдөг шүү дээ. Хүн бүр эцэг эх болж чадна. Харин хамгийн мундаг нь аав ээж болдог.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл