- Өнгөрсөн түүхийн өв дурсгалаа хамгаалахын зэрэгцээ өнөө цагтаа үнэт үйлийг бүтээн, ирэх маргаашийн өөдрөг замыг эхлүүлэх хүчин чадалтай ирээдүйг чиглэсэн музейг та бид хамтдаа бүтээлцэхийг хүсэж байна гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Соёлын асуудал эрхэлсэн орлогч захирал Эрнесто Оттоне Хятадын Жэжян мужийн Ханжөү хотноо түрүүхэн болж өндөрлөсөн ЮНЕСКО-гийн Олон улсын музейн дээд түвшний III форумын үеэр хэлсэн байдаг.
Олон талт нээлттэй орон зайг байгуулах
ЮНЕСКО нь “Музей ба цуглуулгын олон талт байдал, нийгэмд гүйцэтгэх үүргийг хамгаалах, чангатгах тухай зөвлөмж”-ийг 2015 онд баталж, соёлын олон янз байдлыг хамгаалан дэмжих, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан.
Францын Шатью цайз нь XIX зууны соёлын дурсгалуудыг үнэн төрхөөр нь толилуулдгаараа алдартай. Энэ тухай тус музейн удирдах албаны захирал Анни Миллер:
- Уран зургийн үзэсгэлэн төлөвлөхөөс гадна, бид энэхүү үзэсгэлэнт орон зайг ашиглан цэцгийн шоу, автомашины үзэсгэлэн, морины үзэсгэлэн, концерт, хээрийн зугаалга зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эртний цайзад ирсэн залуус ханхүү, гүнжийн дүрд хувирч, хүүхдүүд сонирхолтой түүхэн тоглоомуудад оролцон, хөгжим сонирхогчид сонгодог хөгжим, жаз хөгжим, электрон хөгжим зэрэг төрөл бүрийн хөгжмийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой гэж хэллээ.
Музей нь соёлын биет өв дурсгалаас гадна, биет бус өвийг ч хадгалж, хүмүүст дэлгэн үзүүлдэг юм. Хятадын Гар урлалын музей /Биет бус соёлын өвийн музей/-н Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Чэнь-Ян:
- Соёлын биет бус өвөөр дагнасан музейн хувьд бид түүхийг харуулах бус, өнөө цагийг харуулах, биет бус соёлын өвийн хувьсал, шинэчлэлтийг харуулахад илүү анхаардаг гэж хэллээ. Тус музей уран бүтээлчид, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, иргэдийн төлөөллийг байнга урьж, соёлын биет бус өвийн шинэ эрин дэх уламжлал залгамжлалыг олон нийтэд дэлгэн харуулдаг байна.
Сейшелийн үндэсний музей нь “Музейн клуб” арга хэмжээгээр дамжуулан амралтын үеэр хүүхдүүдэд үйлчилж, тэдэнд мэдлэг түгээдэг бол “Хайрцаг доторх музей” арга хэмжээ нь сургууль, хороолол, ахмад настны гэрээр зочилж, музей үзэх боломжгүй хүмүүст музейн соёлын гайхамшгийг мэдрэх боломжийг олгодог тухай тус музейн захирал Берил Ондиек туршлагаа хуваалцлаа.
- Музей бол насан туршдаа суралцах боломжтой орон зай юм. Тэр нь боловсролын хил хязгаарыг тэлэн, хүмүүсийн сониуч зан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ид шидтэй байдаг. Музей нь соёлын өвийн хамгаалагч төдийгүй нийгмийн дэвшлийг дэмжих чухал хүч байх ёстой. Тэр нь хүн төрөлхтөнд өөрсдийн түүх гарвал, ирээдүйн эрхэм зорилгоо илүү сайн ойлгох боломжийг олгож, энэрэнгүй, бусдын соёлыг хүндэтгэдэг, дэлхийн экосистемийг эрхэмлэдэг хойч үеийг хүмүүжүүлэн бэлддэг аугаа оршихуй юм гэж Чили улсын Соёл урлаг, дурсгалт өвийн дэд сайд Каролина Перез Даттари хэлсэн байдаг.
Хиймэл оюун ухааны гал аянд нэгдэхүй
Хиймэл оюун ухаанаар хошуучилсан дижитал технологи эрчимтэй хөгжиж буй өнөө цагт нийгмийн бүхий л салбар өөрчлөлт шинэчлэлийн өнгө будгаар амьсгалах боллоо. Ийнхүү музей нь эдгээр шинэ технологи, шинэ сорилтуудтай хэрхэн нэгдэх тухай асуудал мэргэжилтнүүдийн ярианы халуун сэдэв болоод байна.
Хятадын Үндэсний музейн орлогч дарга Дин Пэнбө энэ тухайд:
- Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний музей нь дижитал технологийг идэвхтэй ашиглаж, өндөр нарийвчлалтай гэрлээр сканнердах технологийн тусламжтайгаар 7500 ширхэг соёлын дурсгалт зүйлийн 3D загварчлал болон 720 мянган ширхэг соёлын дурсгалт зүйлийн 2D дүрс бичлэгийг хийж дуусгасан. Үүнээс гадна, дижитал соёлын бүтээгдэхүүн, хатны титмийн загвартай хөргөгчийн соронз зэргийг AR технологитой нэгтгэснээр хэрэглэгчид QR кодыг уншуулаад хатны титэмтэй өөрийн дүр зургаа бүтээх боломжтой болсон гэж хэллээ.
Хиймэл оюун ухаан нь музейн цуглуулгыг удирдах ба шинжлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж болох тухай Хятадын Торгоны музейн захирал Жи Шяофэнь илэрхийлсэн юм. Тус музей нь өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг ашиглан соёлын дурсгалт зүйлсийг цахимжуулж, дижитал нөөцийн санг байгуулсан байна. Мөн үүний үндсэн дээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар цуглуулга дахь нэхмэл бодисын хээ, өнгө, оёдол зэргийг судлан гаргасан байна.
Европ дахь урт удаан түүхтэй музейн нэг болсон Унгарын Үндэсний музей мөн дижитал технологийг идэвхтэй ашиглаж байна.
- Энэ жил бид хиймэл оюун ухааны тухай үзэсгэлэн зохион байгуулж, хиймэл оюун ухаан гэж юу болох, энэ технологийг хэрхэн зөв ашиглах талаар үзэгчидтэй ярилцсан. Хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүнээр үндэс суурь болгож, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан, мэдээллийн нууцлал, оюуны өмчийн эрх, алгоритмын гажуудал зэрэг асуудлыг анхаарах ёстой гэж Унгарын үндэсний музейн захирал Габор Зсигмонд ярилаа.
Шанхайн музей хиймэл оюуныг бүтээлчээр ашиглах тал дээр нэлээд судалгаа хийжээ. Энэ тухай тус музейн дэд захирал Чэнь Же:
- Бид үйлчлүүлэгчдэд хувийн хөтөчтэй, өөрт нь тохирсон өвөрмөц маршрутыг хангах зорилгоор AR навигацийн системийг бүтээсэн. Үүнээс гадна, Шанхайн телевизтэй хамтран телевизийн том дэлгэцтэй музейг бүтээж, музейн нөөцийг илүү олон гэр бүлтэй хуваалцахыг зорьсон. Телевизийн том дэлгэцтэй музей нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар 2D зургийг 3D дүрс болгон хувиргахын зэрэгцээ тайлбар дагуулж, үзэгчдэд хараа, сонорын зэрэг мэдрэмжийг төрүүлдэг гэж танилцууллаа.
Соёлын солилцооны гүүрийг бүтээхүй
ЮНЕСКО-гийн Олон улсын музейн дээд түвшний III форумд оролцсон зочид Лянжү эртний хотын туурийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж, эртний соёл иргэншил ба орчин үеийн техник технологийн уусалцлыг биечлэн мэдэрсэн байна.
Жолоочгүй аяллын машин асар том цэцэрлэгт хүрээлэнг сундлан давхиж, машины гаднах үзэмж болон машины доторх хийсвэр дүрс хоршоод зочдод түүхэн цагийн хүрдээр аялсан мэт сэтгэгдэл төрүүлэн, 5000 жилийн өмнөх Лянжү ордон, усны ашиглалтын системийг гайхуулна.
Лянжү музейн хаш чулуу, вааран эдлэл зэрэг соёлын дурсгалт зүйлс гадаадын зочдын сонирхлыг татсан юм. AR нүдний шилийг зүүхэд хөтөч, газрын зураг нүдний өмнө тодрон гарч ирэх бөгөөд үзэсгэлэнгийн индэрт дөхөж хүрэхэд холбогдох соёлын дурсгалт зүйлсийн видео бичлэг автоматаар явж эхэлнэ. Гараа дэлгэхэд соёлын дурсгалууд алган дээр чинь “бөмбөрч”, таны эрхээр холдож ойртон, томорч жижигрэнэ. Энэхүү үйлчилгээг биеэрээ туршиж үзсэн Австралийн зочин Ромстад Бритт хаш эдлэл дээр нисэн дүүлж буй шувууг заан:
- Тэр шувууг дэргэдээ ойртуулан харахаар үнэхээр үзэсгэлэнтэй юм. Энэ газар надад маш их таалагдлаа. Би энэ музейд өдөржин сууж, бүх үзмэрүүдийг нэг бүрчлэн сонирхмоор байна гэж бахархан ярилаа.
Лянжү балгас ба тэнд байгаа соёлын дурсгалт зүйлс гадаадын судлаачдад адил бус соёл иргэншлийн ижил төстэй талыг харуулж байна. Иорданы музейн захирал Ихаб Амарин:
- Лянжүгийн усны ашиглалтын төсөл надад 5000 жилийн өмнөх Иорданы ус хадгалах системийг санагдуулсан. Тухайн түүхэн цаг үедээ цөлд ус нөөцлөх зорилготой хийгдсэн юм байналээ гэж сонирхуулав.
- Соёлын өвийг хамгаалах үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж яваа Хятад улс ба бидний хамтын ажиллагаагаар би бахархаж байна. Хятад улсын ЮНЕСКО-тэй хамтран зохион байгуулж буй “Алдагдсан соёлын өвийг буцаах хөтөлбөр”, соёлын өвд үзүүлэх олон улсын тусламж ба хамтарсан сэргээн засварлах үйл ажиллагаа зэрэг нь соёлын арга туршлагаар дамжуулан дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах зорилтыг биелүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан гэж Эрнесто Оттоне хэлсэн бөгөөд соёлын өвийг системтэйгээр хамгаалж, сэргээн хөгжүүлэх талаарх Хятадын туршлага нь мөн олон улсын хамтын нийгэмлэгт чухал лавлагаа болж байгааг үнэллээ.
