solongonews
Дуннин дахь хамгийн сайхан дарсны үйлдвэр “Chateau Fenhe”
2015-06-16 13:47
Дундадын Дуннин хот 20 гаруй мянган иргэнтэй хэр нь олон сайхан үйлдвэртэй юм.

Эдгээрээс томоохонд орох дөрвөн үйлдвэрээр миний бие хэсэг удирдлагуудын хамт орж танилцсан юм. Үүнээс хамгийн их сэтгэлд хоногшсон нь “Porto” буюу “Ice wine”-ийг үйлдвэрлэдэг “Chateau Fenhe” байлаа.

Урьдчилан зөвшөөрөл авч,  жимсний талбай бүхий хашаан дундуур хоёр гурван харуулыг өнгөрч байж үйлдвэрийн гадаа ирэв.  Жигд, нэг эгнээнд тарьсан усан үзмийн талбай нь өмнөхөн талд нь байна.  Мөн л ажилтан, ажилчин гэх хүнтэй бараг таарсангүй. 20 хүрсэн болов уу гэмээр эмэгтэй биднийг угтаж үйлдвэрээ танилцуулав.  Дарсаа итали технологиор үйлдвэрлэдэг юм байна.  Үйлдвэрийн технологич нь Итали хүн байдаг гэсэн. Түүний ажиллах нөхцөлийг хангахын тулд гурван давхар байр барьж өгчээ.

 Итали эр энэ байрандаа амьдарна бас ажиллана. Тэр хүнд дэлхийн жишигт нийцсэн сүүлийн үеийн лаборатор бий. Ер нь бол дэлхийд данстай сайн дарс үйлдвэрлэх бүхий л бололцоогоор хангасан гэж байсан. Дарсны үйлдвэрийн эзэн залуу их л даруухан нэгэн бололтой. Түүний эхнэр нь Өвөрмонгол учраас Монголоос ирсэн гэхээр  үйлдвэрээ үзүүлэхийг зөвшөөрсөн гэнэ лээ.  Тэднийх ерөнхийдөө гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Коньяк, үхрийн нүдний дарс болон “Ice wine” гэж нэрлээд байгаа цагаан дарс. Үйлдвэрийг үзэж танилцсаны дараа захирал нь өрөөндөө урив. Халаасан коньякаар дайллаа. Хэдий уудаггүй ч үнэр болон амт нь яах аргагүй дээд зэрэглэлийнх гэсэн мэдрэмжийг өгсөн. “Ice wine” болон үхрийн нүдний дарс нь гайхалтай сайхан амттай байсан. Муу хэлж байгаа юм биш шүү. Дарс гэдгийг тэнд л амсаж мэдэрлээ. Бидний дарс хэмээн нэрлэж хааяахан нэгнээ дайлж, хүртдэг эд үүний хажууд ёстой “юу вэ?” гэмээр. Тэр хүн лав түүнийг дарс гэж нэрлэхгүй байсан байх аа.

        Хундаганы ёроолд байсан хуруу гаруйхан хэмжээтэй үхрийн нүдний дарс дээр 100 грамм  хэртэй ус хийхэд өнгө нь хувирсангүй, өтгөн хүрэн өнгөтэй хэвээр байсан нь биднийг гайхшруулав. Амтанд ч онцын өөрчлөлт гарахгүй гэнээ. Дарсны охь нь байсан юм болов уу гээд л олон юм бодож, лавлаж л явлаа. Ийнхүү үзүүлсэн нь нэг ёсондоо дарсаа сурталчилсан хэрэг байх.

       Тэд ирсэн зочдоо дарсаар дайлахаас бэлэглэдэггүй гэж байсан. Магадгүй энэ нь маркетингийн, патентын бодлого байж болох юм. Дарсаа дэлхийн зах зээлд гаргадаг бөгөөд дэлгүүрт худалдаалдаггүй зөвхөн дарсны клубын гишүүдээрээ дамжуулан борлуулдаг гэж байлаа. Тэгэхээр манай дэлгүүрийн лангуун дээр байдаг “Porto” юу болж таарч байна?

       Клубын гишүүд үйлдвэрт зочилсон тохиолдолд байрлах тусдаа байртай юм билээ. Тэрхүү байрыг  хааны ордон гэж иймэрхүү байдаг байх гэмээр тохижуулжээ. Тавилга нь бүгд хүрэн модон. Загвар хийцийн хувьд дахин давтагдахгүй. Учир нь эзэн өөрөө дизайныг нь гаргаж хийлгэсэн гэж байсан. Клубын байр гурван давхар хэдий ч дотроо лифттэй. Гэрлийн унтраагуурын загварыг ч өөрөө гаргаж, алтаар бүрсэн байна билээ.  Нойл давхарт нь кино театр байрлана. Тэнд тек тавьж чанга яригч зэргийг байрлуулжээ. Тиймээс тэнд дуулж бас бүжиглэх нь.  Унтлагын өрөө болон зочны хэсгийг зүйрлэх ч юм биш. Ер нь бол хүн гэдэг чинь ингэж л амьдардаг юм байна шүү дээ гэж бодогдмоор.  Хоёр цалингийн хооронд амьдардаг бид ч дүүрч. Тэр манай нөгөө алтны магнат энэ тэр гээд банкийг юу ч үгүй дампууртал нь хоослосон нөхөд чухам энэ улсад, хүний нүд хужирлахаар, юу хийж бүтээв?  Тэд ганц ч болов ийм байшин барьсансан бол ч...

        Тэднийх жилд 60 га газарт усан үзэм тариалдаг. Усан үзмээ анхны цаснаар хурааж хамгийн дээд зэргийн гэснээрээ дарсаа үйлдвэрлэдэг гэж байна лээ. Энэ үйлдвэрээс гадна Францад Испанитай хамтарсан дарсны үйлдвэр худалдан авсан гэж билээ.

        Дарсны эзний гол бизнес энэ биш ээ. Энэ нь нэг ёсондоо хоббигоо дагасан ”бизнес” гэх үү дээ. Харин гол бизнес нь Өвөрмонголд байрладаг уурхай нь. Тэндээсээ ихэнх ашгаа олдог гэсэн санагдана. Тэрбээр өөрийн гэсэн аралтай. Түүнийгээ аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлж байгаа гэж байсан. Тэгэхээр өөрийн гэсэн аралтай, түүнийгээ хөгжүүлсэн анхны хувь хүн гэж өөрийгөө хэлж байна билээ.

 Г.ЭНХТУЯА

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл