Ер нь шатар гэгч наадам анх хаана хэрхэн үүссэн тухай мэдээлэл тун хомс, голдуу домог үлгэрүүд л байдаг. Гэхдээ шатар МЭ V-VI зуунд Энэтхэгт үүссэн гэж үздэг. Энэ тоглоом нь янз бүрийн дайн тулааныг дүрслэн харуулдгаараа эртний хаад ноёдод нэн таалагдаж цус асгаруулахгүйгээр бие биетэйгээ байлдан, ялж ялагдах боломж олгодог байснаараа зард гарчээ. "Чутуранга" хэмээгдэх эртний энэ наадгайг одоогийнх шиг 64 нүдтэй хөлөг дээр тоглодог байв.

Дэлхий даяар өргөн тархсан нэг домог буй: Эрт цагт нэгэн ухаалаг тариачин эр хаандаа ирж шинэ тоглоом бүтээснээ айлтгажээ. Тэр тоглоом нь хаанд их таалагдсаныг хараад тариачин эр нэг болзол тавьж дараа нь тоглоомынхоо учрыг нарийн тайлбарлах хүсэлтэй байгаагаа хэлж гэнэ. Хаантан зөвшөөрчээ. Болзол нь: Шатрын хөлгийн нэгдүгээр нүдэнд 1 будаа, хоёр дахь нүдэнд 2, гурав дахь нүдэнд 4 гэх мэтээр ахиулсаар бүх 64 нүдэнд тохирсон тооны будаа тавихыг хүссэн байна. Хааны хөх инээд хүрч зарц нараа дуудан тушаал буулгав. Удалгүй энэ нөхцөлийг биелүүлэх боломжгүй болох нь мэдэгджээ. Ордны цэцдийн өгүүлснээр үүнд манай гараг дээр байхгүй их будаа буюу “18 ингүүмэл 446 тунамал 744 наяд 073 тэрбум 709 сая 551 мянга 615 ширхэг будаа орох аж. Амлалтаа биелүүлж чадаагүй хаантны алмайрахыг харсан тариачин сая сэтгэл ханаж, шинэ тоглоомын нарийн учрыг тайлбарлаж өгчээ. Ингэж сүрийг далайлгагч хаантан шатар хэмээх оюунлаг наадмаас эхний сургамжийг авсан түүхтэй гэнэ.

Шатрын тоглолт дуусашгүй бөгөөд хэрвээ хүн Адам, Евагийн үеэс эхлэн шатрын хөлгийн ард салахгүй суусан ч одоо хүртэл бүх өргийг тоглож амжаагүй л байх байсан гэнэ.
Шатар Энэтхэгээс Зүүн болон Өмнөд Ази уруу тархаж улмаар Иранд хамгийн өргөн дэлгэрчээ. Ухааны давуугаар хождог энэ тоглоомд Арабууд шунан дурлаж өөрсдийнхөөрөө “шатранж”хэмээн нэрлэх болов. Арабууд шатар тоглохоос гадна шатрын бодлого, этюд зохион тодорхой байрлалууд дээр дүн шинжилгээ хийдэг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Арабад ихээхэн хөгжиж байсан шатар Европт дэлгэрэнгүүтээ хурд нь саарчээ. Католик сүмээс шатрыг хориглож байв. X-XVI зуун бол шатрын уналтын үе байлаа. Харин XVI зууны үед шатар одоогийн байгаа хэлбэрээр хөгжиж эхэлсэн байна. Шатрыг ихэс дээдэс төдийгүй, жирийн иргэд ч тоглох болжээ.

Монголд шатар XII-XIV зууны үед Персээс ирсэн гэж үздэг. Шатрын дүрс, тоглоомын явцыг тэмцэл тулаантай адилтган өгүүлсэн байдгаараа Энэтхэгтэй тун төстэй.
Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”, “Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд, “Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины бухалт”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг нь үлгэр домогт хадгалагдан ирсэн юм.
