Дундад улсын Буддын шашны нийгэмлэгийн урилгаар Монгол Улсын Буддын шашны нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Нацагдоржоор ахлуулсан Монгол Улсын Буддын шашны 8 төлөөлөгч 7 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Өвөр Монголд айлчлав.

Өвөр Монголын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга Галсаншарав Их Зуу хийдэд Нацагдорж нарыг хүлээн авч, Өвөр Монголын Буддын шашны өнөөгийн байдал болон Буддын шашны нийгэмлэгийн ажлаа танилцуулав.
Галсаншарав хэлэхдээ:- Дундад, Монгол хоёр улс маань уул усаараа залгалдаж, удам судраараа холбогдсон элэг нэгт ахан дүүс билээ. Монгол Улсын Буддын шашин болон Өвөр Монголын Буддын шашин нь мөн урт удаан нөхөрсөг түүхтэй. Монгол Улсын Буддын шашны төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны буддын шашны харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, Монгол Улс, Өвөр Монголын буддын шашны соёлын гүүрийг байгуулахад хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна гэжээ.
Монгол Улсын Буддын шашны төлөөлөгчид Хөххотын Их Зуу хийд, Ширээт Зуу зэрэг сүм хийдэд зочилсон бөгөөд Өвөр Монголын музейг сонирхож, Өвөр Монголын түүх, соёл, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн хөгжилтэй танилцав.
