solongonews
“Хятадын Монгол утга зохиолын 70 жил” номын нээлт, судалгааны хурал Хөххотноо болов
2026-01-05 20:02
“Хятадын Монгол утга зохиолын 70 жил” /4 боть/ номын анхны нээлтийн ёслол, мөн номын тухай судалгааны хурал өнөөдөр буюу 2026 оны 01-р сарын 05-ны үдээс өмнө Хөххотноо амжилттай боллоо.

Тус номыг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын Дээд Сургуулийн профессор С.Урсгал болон Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн профессор Кань Хайян голлон эрхэлж найруулсны зэрэгцээ 3.734 сая үсгийг 85 хэсэгт хувааж, дөрвөн ботид багтаасан байна. Энэхүү ном БНХАУ улс байгуулагдсанаас хойших монгол утга зохиолын 70 жилийн турших зохиол бүтээл болон онол, шүүмжийн салбарын хөгжлийн түүхийн улбааг харуулсан сурвалж материалын эмхэтгэл юм. Мөн Хятадын монгол утга зохиолын 70  жилийн турших хамгийн томоохон хэмжээний он дараалсан шүүмжийн түүвэр болох төдийгүй, Хятадын орчин үеийн монгол утга зохиолын хөгжлийн түүхийг харуулсан дорвитой бүтээл болжээ.

Нээлтийн ёслолын үеэр зохион байгуулсан судалгааны хурлаар БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн турших Хятадын монгол утга зохиолын салбарт гаргасан амжилт бүтээл болон үнэт туршлагыг гүнзгий дүгнэж, Хятадын монгол утга зохиолын хөгжил цэцэглэлтийг цаашид түлхүү дэмжих зорилт тавьсан байна. Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Утга Урлагийн Холбоо, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэн, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль зэрэг их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирсэн 100 гаруй эрдэмтэн, тусгай мэргэжилтэн “Хятадын монгол утга зохиолын 70 жил” болон орчин үеийн монгол утга зохиолын хөгжлийн судалгаа, “Хятадын монгол утга зохиолын шүүмжлэлийн түүх судалгаа” “Хятадын монгол утга зохиол болон үндэстний утга зохиолын харилцаа уялдааны судалгаа“, “Хятадын орчин үеийн монгол утга зохиолын түүхийн материалын судалгаа”, “Хятадын монгол утга зохиолын түүх бичлэгийн судалгаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, тус ном нь материалын бүтээн байгуулалт, шүүмжлэлийн түүхийн судалгаа зэрэг олон талаар өндөр ач холбогдол өгсөн өвөрмөц онцлог бүхий эрдэм шинжилгээний үнэ цэнтэй гэж хуралд оролцогчид  үнэллээ.

Мөн хурлаар Өвөр Монголын Утга Урлагийн Холбоо, Өвөр Монголын Их Сургуулийн Номын Сан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Өвөр Монголын Утга Зохиолын Ордон, Хөххот Үндэстний Дээд Сургуулийн Угсаатан Зүйн Дээд Сургуульд тус дөрвөн боть номыг хандивлан бэлэглэсэн байна.

Тус хурлыг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн хэвлэлийн хороо хамтран зохион байгуулсан бол Өвөр Монголын Их Сургуулийн орчин үеийн монгол утга зохиол судлалын төв, Нийгмийн шинжлэх ухааны үндэсний сангийн том төслийн эрдэм шинжилгээний хэсэг дэмжин зохион байгууллаа.

Зохиогч: ХаньХуншя, Б.Сурнаа
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл