Манайд төдийгүй дэлхийд нэртэй гэж хэлж болно. Нарийвчлан хэлбэл Чехийн 155 жилийн түүхтэй “Moser” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд юм. Энэ үйлдвэрээр зочилох завшаан надад олдсон юм. Байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа зогсолтгүй ажиллаж ирсэн өөрийн гэсэн түүхтэй үйлдвэр юм билээ. Тус үйлдвэр Чехийн баруун хэсэг болох Богемад байрладаг. Нөгөө алдарт Карл Вар сувиллын газрын хажууханд байрладаг гэж хэлж болно. Холоос зориод ирсэн зочдыг хүлээн авч үйлдвэртэйгээ танилцуулах боломж олгодог.
“Moser”-ын шилэн бүтээгдэхүүнүүд нарийн чанд сахилга бат дор, уран гартай мастеруудын гараар бүтдэг. Шилний нарийн үүрмэгийг 1 180-1 320 хэмийн халуун зууханд шатааж байнгын хөдөлгөөнд байлгаж бүтээгдэхүүнээ шахдаг. Шахдаг гэдэг нь амаараа үлээхийг хэлж байгаа юм.
Үйлдвэрлэлийн цехэд гурав гурваараа хуваагдсан олон бригад бий. Тэд мэргэжлийн мастеруудын хяналтан дор багаар ажиллана. Нарийндаа бол нэг бүтээгдэхүүн маш их хөдөлмөрийн үр дүнд бий болдгийг өөрийн нүдээр харж, чихээр сонслоо.
30 см-ийн өндөртэй шилэн баарыг энэ гурван хүн бүтэн өдрийн туршид хийдэг гэвэл сая та ойлгох биз ээ. Үүний тулд шилний хайлмагийг модон хэвний тусламжтай үлээж хэвлэнэ. Мэдээж шаардлага хангах юм бол хөргөх цех рүү шилжүүлнэ. Хэрэв зээ ямар нэг алдаа гаргавал тухайн бүтээгдэхүүнийг дахин эхнээс нь хийх болдог байна. Харин гологдол бүтээгдэхүүнийг бутлах хэсэг рүү шилжүүлнэ.
Ажилчид хийснээрээ цалинждаг гэж байсан. Тиймээс хичээх хэрэгтэй болдог. Хийж чадаагүй л бол нэг бүтээгдэхүүнээ хэдэн хоногоор ч дахих шаардлага гардаг гэнэ.
Хөргөх зууханд нэг аягыг ойролцоогоор 1-2 цаг байлгадаг. Харин вааран сав хийсэн бол хэд хонох нь ч бий.
Үйлдвэрийн уран гарт мастерууд бүтээгдэхүүнийхээ тоо болон төрлийг улам олшруулж чанаржуулж байна. 24К-ын алтаар бүрсэн болор хундагуудыг ч тэд хийдэг. Болор дээр уран зураг зурж, сийлж ер нь бол яаж бол яаж байна даа. Ийм бүтээлд цаг ур ихээр шаардах нь мэдээж. Тиймээс энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ хямд байх аргагүй юм байна.
Нарийн чимэг зүүлтийн хэсэгт зочдыг оруулдаггүй юм билээ. Учир нь шилний нарийн тоосонцор ихтэй тул хүний биед сөргөөр нөлөөдөг гэж байсан. Харин тэндхийн ажилчид хамгаалах хэрэгсэлтэйгээс гадна өдөрт таван литр цэвэр ус, гурван аяга шар айраг ууж уушгаа цэвэрлэдэг гэнэ лээ. Энэ үйлдвэрийн талаар товчдоо ийм байна.
Г.ЭНХТУЯА
