Оросын Алс Дорнодын боомт хот Владивостокт "Хятад, Оросын хамтарсан тэнгисийн эрдэм шинжилгээний экспедиц"-ийн нээлтийн ёслол 07-р сарын 22-нд болов. Хоёр орны шинжлэх ухааны судлаачид өнөөдөр буюу 23-ны өдөр Оросын "Академик Лаврентьев" судалгааны хөлөг онгоцоор Берингийн тэнгис болон Номхон далайн баруун хойд хэсэгт эрдэм шинжилгээний ажил хийхээр хөдөлнө.
Хятадаас Владивосток хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ван Жүнь нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ:
- 15 жилийн өмнө Хятад, Оросын тэнгисийн эрдэмтдийн анхны хамтарсан эрдэм шинжилгээний экспедицээс хойш шинжлэх ухааны олон асуудлыг хамтдаа даван туулж, харилцан итгэлцэл, найрамдлын гүн гүнзгий харилцаа тогтоосон. 2017 онд байгуулагдсан "Хятад-Оросын далай, цаг уурын хамтарсан судалгааны төв" нь хоёр орны хамтын ажиллагааг улам зохион байгуулалттай, хэвийн түвшинд хүргэсэн юм. Энэ удаагийн хамтарсан шинжлэх ухааны экспедиц нь палеокеанографи, палеоклиматологи, экосистемийн судалгаанд гол анхаарлаа хандуулж, холбогдох үр дүн нь хүмүүст Номхон далай-Арктикийн хойд бүс дэх уур амьсгалын хувьслын хуулиудыг илүү гүнзгий ойлгоход тусалж, хүрээлэн буй орчны ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглахад шинжлэх ухааны үндсэн үндэслэл болно. Эдийн засгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлал гүнзгийрч байгаа энэ үед Хятад, Оросын хамтарсан эрдэм шинжилгээний экспедицийн ажлыг дахин эхлүүлсэн нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, тэнгисийн шинжлэх ухааны хил хязгаарыг судлах зэрэгт хоёр улс хамтын хариуцлагатай байдгийг харуулж, хоёр орны тэнгисийн шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааны шинэ аяллыг харуулж байна.
