solongonews
“Хорин наймт тайлбар толь ” номын тухай
2015-07-23 10:43
“Хорин наймт тайлбар толь” номын ерөнхий найруулагчийн нэг, нагац агсан Ванчиндоржийн мэндэлсэн 100 жилийн ойд зориулав.
Зохиогч Я.Тодбаяр: Олон Улсын Монгол Судлалын Холбооны гишүүн, Шилийнгол аймгийн өдрийн сонины намын хорооны нарийн бичгийн дарга, хянан орчуулагч.

Монгол хэлний толь зүйн түүхэнд XIII-XVIII зуун хүртэл монгол хэл ба харь хэлний “харьцуулсан үгс” мэтийн толь бичиг буюу үгсийн цуглуулга өдий төдий байсан ч тэдгээр нь монгол хэлийг өөр хэлтэй тулган харьцуулсан орчуулгын толь бичигт хамрах болохоор монгол хэлний тайлбар толь бичиг хараахан гараагүй байжээ. Монгол угсаатны соёл хүмүүжлийн хөгжлийг дагаад XVIII зууны дээр хагасаас эхлэн монгол хэлний тайлбар толь найруулах ажил сая жинхэнэ эхэлсэн байв. Тухайлбал, Чин улсын Энх Амгалангийн 47 дугаар оноос 56 дугаар ( 1708 - 1717 ) оны хооронд эрдэмтэн Рааши зэрэг хүмүүс хааны зарлигаар “Хааны бичсэн манж монгол үгсийн толь бичиг” гэх тайлбар толийг найруулж Бээжинд анх удаа барлан, Тэнгэр Тэтгэгчийн наймдугаар ( 1743 ) онд Банди зэрэг эрдэмтэн монгол үгийг манж үсгээр тэмдэглэн бичиж, 2 дахь удаа барласан “Хорин нэгт тайлбар толь” бол орчин цагийн монгол хэлний утгын тайлбар толь болно.

Монгол угсаатны хэл судлал жич соёлын үйлст үзүүлсэн “хорин нэгт тайлбар толь”-ийн нөлөө үйлдэл нь лут их юм. Монгол хэлний ууган тайлбар толь болсны хувьд энэхүү толь бичиг нь монгол хэл бичгийн хөгжлийн шат үеийг нэлээд гүйцэд харуулж, монгол тайлбар толийн хөгжилтөд анхны суурийг тавьж чадсанаар барахгүй хоёр зууны турш монгол хэлний чухал хэрэглүүр бичиг болсоор ирсэн болохоор олон үеийн эрдэмтэн мэргэдийн өндөр үнэлэлтийг олов. Гэвч “хорин нэгт тайлбар толь”нь Чин улсын хааны зарлигаар тухайн үеийн нийгмийн хэрэгцээнд тохируулан манж үг хавсарган найруулсан туршилтын шинжтэй тайлбар толь байсан болохоор толгой үг цөөн , тайлбар дутуу, шинэ үг хомс зэрэг дутагдал оршиж байсан нь үнэн. Тийм болохоор шинэ үг нэр томъё тасралтгүй нэмэгдэж байсан 20 дугаар зуунд ороход 200 жил хэрэглэсэн уг толь бичгийн хязгаарт шинж нь улам мэдэгдэхүйц болсон нь үнэн билээ.

Монгол хэлний үгсийн сан урд өмнө гараагүй баялаг болж хөгжсөн 20 дугаар зууны хэрэгцээнд зохицуулан, монгол хэл бичгийн өвөрмөц онцлог хийгээд түүний жам хуулийг мөрдөж, монгол хэл бичгийн шинэ хөгжлийг харуулж чадсан хамгийн өргөн багтаамжтай, хамгийн шинэ тайлбар толь найруулах ажил тухайн үеийн Монголын нийгэмд бачим шаардагдаж байлаа. Энэхүү шаардлагад зориулан дотоод Монголын засгийн тэргүүн агсан Дэмчигдонров авгайн санаачилга ба зарлиг ёсоор нэгэн иж монгол хэлний бүрэн тайлбар толь зохиох ажил дээр зууны дөчөөд оны эхэнд дотоод Монголын төв Чуулгат Хаалга (Жанжхүү) хотод эхэлжээ. Дэмчигдонров шинэ тайлбар толь зохиох анхны төсвөө тогтоосны дараа дотоод Монголын засгийн ордон ба Цахар аймгийн засгийн ордонд тушаал хариуцаж байсан хэсэг эрдэмтнийг Чуулгат Хаалга хотод урин цуглуулж, толь найруулах тусгай баг байгуулан ажлаа эхлүүлэв. Тус толь бичиг найруулах ажлыг тухайн үеийн монгол хэлний эрдэмтэн бөгөөд дотоод Монголын хөдөө аж ахуйн ерөнхий товчооны дарга байсан Зүүн Сөнөд нутагтай Горзоржаваар хариуцуулж, найруулах багт тухайн үеийн дотоод Монголын засгийн ордон болон аймаг хошууны засгийн ордонд ажиллаж байсан Сампилноров ( зүүн гарын Тайвас ), Ванчиндорж ( зүүн гарын Тайвас ) , Нечин ( Авга хошуу ), Төмөртүш ( Хөвөөт шар хошуу ), Нанжид ( Шулуун Хөх хошуу ), Раашидонров ( Мянган хошуу ), Хуудууранга ( Шулуун Хөх хошуу ), Ихэнгэ ( баруун гарын Тайвас ) зэрэг арваад эрдэмтэн оролцож, 1940 оны эхнээс 1943 он хүртэл гурван жилийн хугацаанд “хорин нэгт тайлбар толь ”-оор нуруулан, дээр нь ном бичиг, түүх судраас ишилсэн үгс, монгол ярианы үгс ба шинэ нэр томъё үлэмжхэн нэмж, монгол цагаан толгойн дарааллаар жагсаасан 20 мянга 3467 толгой үг бүхий 900 мянган үгтэй монгол тайлбар толийн эх бичвэрийг найруулан гаргаж, 8 зүсмийн цаасаар 28 дэвтэр болгон үдээд хэвлэлд бэлтгэж тавьсан нь дайн дажны шалтгаанаас болж хэвлэгдэж чадсангүй байна.1949 оны эхэнд дотоод Монголын төв засгийн ордон Алшаа хошуунд нүүх үед уг тайлбар толийн эх бичвэрийг Алшаад аваачсан байв.

1953 онд Өвөр Монголын монгол хэл бичиг судлах хурал байгуулагдсаны дараа монгол эрдэмтэн хөдөө нутаг, сүм хийдээр явж, ардын дунд болон сүм хийдэд хадгалж байсан адил бус цаг үеийн монгол ном судрыг их хэмжээгээр хураан цуглуулж, хэдэн зуун төрлийн ном судрыг орны төвд авчран хадгалж тавьсан нь ховор чухаг материал болсон байлаа.

1956 онд Өвөр Монголын түүх хэл зохиол судлах газрын ном материалын тасгийн эрхлэгч байсан гавьяат эрдэмтэн Мэргэнбаатар (дөчөөд оны үеэс монгол хязгаарын холбосон өөртөө засах засгийн ордонд чухал тушаал хариуцаж байсан ) шаргуу эрж хайсны дүнд “Хорин наймт тайлбар толь ”-ийн эх бичвэрийг Алшаа нутгаас олж авчраад уг судлах газрын номын хөмрөгт хадгалж тавьсныг сүүлийн үеийн тольчид ашиглаж байснаар барахгүй 1973 онд Өвөр Монголын багшийн Их Сургуулийн монгол хэл утга зохилын тусгай мэргэжлийнхэн “Монгол хэлний толь” хэмээх нэрээр 10 дэвтэрт хуваан тосон бараар барлан, багш сурагчдад хэрэглүүлж байжээ.

1988 онд Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн монгол хэл бичиг судлах газрын эрдэмтэн Ринчинваа, Намжилмаа нар уг толь бичгийг хэвлэлд бэлтгэсний 6 жилийн дараах 1994 оны 3 дугаар сард Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо “Хорин наймт тайлбар толь” хэмээх нэрийдлээр хэвлэн тархаасан нь өнөө нийт олны хүртээл болоод байгаа.

“Хорин нэгт тайлбар толь” барлагдсан 200 жилийн ой дээр зохиогдсон энэхүү “Хорин наймт тайлбар толь” бол “Хорин нэгт тайлбар толь”-ийн дараах монгол хэлний хоёр дахь томоохон тайлбар толь бичиг болсон бөгөөд орчин цагийн монгол хэл ба монгол соёлын судалгааны хүрээн дэх чухал нэгэн бүтээлд тоочигдох нь маргаангүй.

Энэхүү тайлбар толь нь толгой үгийн тоо, хамарсан хүрээ, тайлбар хийсэн төвшин, эртний үгс, зээллэг үгс болон ярианы хэлний үгсийг шингээн авсан зэрэг талаараа “Хорин нэгт тайлбар толь”-оос давжээ. Ийнхүү тус тайлбар толь 20 дугаар зууны дундаж үе хүртэлх монгол хэлний хөгжилтийн төвшин ба монгол хэлний үгсийн бүрэлдүүний гол онцлогийг тусгаж чадсан нь тодорхой юм. Уг толь бичгийн онцлогийг товчхон өгүүлбэл:

I.“Хорин наймт тайлбар толь”нь “Хорин нэгт тайлбар толь”-оор суурь болгож, түүний зөв зүйлийг уг хэвээр нь хэрэглэсэн боловч зарим алдаатай буюу гүйцэд бус зүйлд засалт оруулсан ба нэмж тайлбарласан. Жишээлбэл : “айл” гэдэг үгийг “хорин нэгт тайлбар толь”-д “ аливаа ойр ташлан суусан гэрийг айл хэмээмүй ” гэж тайлбарласан байхад “хорин наймт тайлбар толь”-д “хүн гэр хүрээ байгуулж суусан ба ойр зэргэлдээ суурьшин байх өрх гэрийг айл хэмээмүй , бас нэгэн усыг дагаж ойрхон цуглан суусныг мөн айл хэмээмүй ” гэж тайлбарлажээ.

II. Монгол, хятад, төвд номоос хэсэг үгсийг ишилж авсан нь “хорин наймт тайлбар толь”-ийн бас нэгэн онцлог болжээ. Жишээлбэл : “гутамшиг - энэрэх хайрлахын өршөөлгүй эзэн тэргүүлэгч гутамшиг, эрхэмлэн зүтгэхийн шударга үгүй түшмэл түшээ гутамшиг, эв сахилгын батгүй эхнэр гэргий гутамшиг, элбэрэл журмын ачлалгүй хөвгүүд дүү нар гутамшиг хэмээмүй” гэж бий.

III. Уг толийг найруулсан эрдэмтний олонх нь Цахар, Авга, Сөнөд нутагтай хүмүүс байсан болохоор уул тольд сонгогдож орсон ярианы хэл буюу нутгийн аялгууны үгсэд цахраар голлосон ярианы хэл голлох байрыг эзэлсэн нь илхэн мэдэгдэнэ. Жишээлбэл : “этгээд зан”-г “ахиад зан”, “ уухай ”-г “заахай” гэх зэргээр хэрэглэсэн бөгөөд “дасах”, “дахин дахин”-г “да” авиагаар тэмдэглэн бичсэн нутгийн аялгууны байдал харагдана.

IV. “Хорин нэгт тайлбар толь”-д ороогүй хэсэг газар орон, үндэстэн угсаатан, аймаг бүлэг, шашин шүтлэгийн тусгай нэрсийг “Хорин наймт тайлбар толь”-д нэмэн оруулж тайлбарласан байна. Жишээлбэл : их Баритан, Алшаагийн өөлд, хотон, Лоозийн суртахуун, сахил, дэмч зэрэг бий.

V. Бичлэгийн талаар “хорин наймт тайлбар дтоль”-ийн уул эх бичвэрт хэсэг үгсийг ярианы дуудлагатай ойртуулж бичжээ. Гэвч 1994 оны хэвлэлд бичгийн хэлний зөв бичлэгийг дагуулжээ. Жишээлбэл : нуруу (монгол бичгээр ниругу гэж бичнэ ), утгуур ( монгол бичгээр утгугур гэж бичнэ ), оноо ( монгол бичгээр оного гэж бичнэ ) зэрэг бий .

VI. “Хорин наймт тайлбар толь”-д зээллэг үгийг ерөнхийд нь эртний бичгийн хэлээр бичжээ. Жишээлбэл : бурхны гууг бурхны кау гэж бичив.

VII. “Хорин наймт тайлбар толь”-д эртний монгол бичгийн хэлний хэлбэр өдий төдий хадгалагдаж бий. Жишээлбэл : хүндэтмүй - хичээнгүйлэн хүндлэн үзэхүйг хүндэтмүй хэмээмүй, бас хүндэтгэмүй хэмээмүй. Газрын эзэн суулгамуй - гэрт өвчин гамшиг тасрахгүй, мал тэжээвэр тогтнохгүй болсноо бөөг авчирч гэр хүрээг тогтнуулахыг газрын эзэн суулгамуй хэмээмүй гэж бий.

Монгол үгсийн утга учир, хэрэглээний байдал зэргийг монгол хэлээрээ тодруулан тайлбарласан ганц томоохон тайлбар толь болсны хувьд тус толь нь өнгөрсний толь бичиг дэх содыг нь залгамжлан солгойг нь оргиж, сүүлчийн үеийн толь найруулах ажил ба хичээл хүмүүжил, эрдэм шинжилгээний ажилд ашиглаж болохуйц гар авлага, чухал материал хангаж өгснийг заавал үнэлэх ёстой. Дээр зууны дөчөөд оны эхээр дундад улсын умард оронд дайн дажин үргэлжлэн, нийгэм ахуй тогтуун бус, цагийн байдал ороо босгоо байсныг бид юун андах билээ. Тиймэрхүү байдал доор арваад эрдэмтэн аж ахуйн хүчир, цаг төрийн үймээн, материал сэлтийн хомс зэрэг аль олон хүчрийг тэсвэрлэж, гуравхан жилийн дотор урд өмнө байгаагүй томоохон тайлбар толь бичиг найруулж гаргаад хойч үедээ соёлын өв болгон үлдээж тавьсныг бид оюун ухаан, цог зориг, хариуцлагат оврын гурамсан бүтээлээр тоочих ёстой.

“Хорин наймт тайлбар толь”-ийн эх бичвэр мэндлээд 71 жил болж байна. Жинхэнээр хэвлэгдэн тархаад бас 20 хавар намар өнгөрлөө. Гэвч энэхүү нандин бүтээлийн тухай гүнзгий бөгөөд системтэй судалгаа өнөө болтол харагдаагүй байгаа нь харамсалтай. Энэ тольд холбогдсон олон асуудлыг тодорхойлон хэлэлцэх нь зөвхөн хэлний судалгаан төдийхнөөр зогсох биш цаашдаа монгол түүх соёл ба зан үйл зэрэг олон шинжилгээтэй холбогдсон чухал асуудал болох юм.

Зохиогч: Я.Тодбаяр
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл