Хаврын баяр нь Хятадын хамгийн том, хамгийн төлөөлөх уламжлалт баяр юм. 2024 оны сүүлээр “Хаврын баяр – Хятад хүмүүсийн уламжлалт шинэ жилийг тэмдэглэх нийгмийн дадал”-ыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэсэн нь энэхүү баярын соёлын үнэ цэнийг дэлхий нийтэд илүү өргөнөөр хүлээн зөвшөөрөхөд чухал нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ Хятадад ирж хаврын баярыг тэмдэглэх нь гадаадын жуулчдын шинэ чиг хандлага болоод байна.
Хятадын соёлд морь бол эрч хүч, ахиц дэвшил, зориг, тэсвэр тэвчээрийг бэлгэддэг. Морин жил дөхөж буй энэ үед “Хятадын шинэ жилийг Хятадад өнгөрөөх” нь шинэ чиг хандлага болж байна. Хятадын Үндэсний Цагаачлалын албаны төсөөлж байгаагаар, Хаврын баярын амралтын өдрүүдэд Хятад улсын хил, боомтоор нэвтрэх иргэдийн тоо өдөрт дунджаар 2.05 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн статистик мэдээллээс харахад, гадаадын жуулчдын Хаврын баярын үеийн нислэгийн тасалбарын захиалга сүүлийн хоёр долоо хоногт өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдээд байна.

Хятадад төрөл бүрийн үндэсний хоол, байгалийн үзэсгэлэнт газрууд, баяр ёслолын зан заншил, уламжлалт соёл нь гадаадын жуулчдын сонирхлыг татах гол давуу тал болсоор байна. Шаньдун мужийн Чиндао боомтын холбогдох албан тушаалтан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
- Чиндао боомт саяхан жуулчдад зориулсан татваргүй дэлгүүр байгуулах зөвшөөрөл авсан тухай дурдсан байна. Энэ дэлгүүр нь олон улсын зочдод онцгой бүтээгдэхүүн санал болгож, тэдэнд гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхээс гадна, Хаврын баярын үеэр дэлгүүр хэсэх, бэлэг дурсгалын зүйлсээр гэрээ чимэх боломжийг олгоно гэж хэллээ.
Сүүлийн жилүүдэд Хятадад шинэ жилийг тэмдэглэж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, дэлхий даяар Хаврын баярыг тэмдэглэх хандлага эрчимжиж байна. Цас мөсөнд гулгах аялал, биет бус соёлын өвтэй танилцах, нутгийн онцлог бүтээгдэхүүнийг худалдан авах нь гадаадын жуулчдын түгээмэл сонголт болжээ.
Одоогоор цас мөсөнд гулгах аялал болон дулаан бүсэд амарч, далайн эрэг дагуу аялах нь давамгайлж, үүний нөлөөгөөр зүүн хойдын бүс, Шиньжян, Хөхнуур зэрэг өвлийн үзэмж сонирхох боломжтой нутгууд, мөн Юньнань, Хайнань зэрэг өмнөд нутгуудад зорчих нислэгийн тасалбарын захиалга тасралтгүй өссөөр байна.

