solongonews
Ингэний ааруул нэг килограмм нь 180 мянган төгрөг
2015-07-25 15:28
Энхэл донхолтой хөөдөөний шар замаар 100 шахам километр аялаад гаднаа ингэ ботго уясан тэмээчин Бүрэнтөгөсийнд ирэв.

Сэтгүүлч бидний аялал 7 дугаар сарын 16-ны өдөр Урадын хойд хошууны Цог- Өндөр суурингаас хойд зүгт байх Баяннуруур гацааг чиглэн явав. Энхэл донхолтой хөөдөөний шар замаар 100 шахам километр аялаад гаднаа ингэ ботго уясан тэмээчин Бүрэнтөгөсийнд ирэв.    

Эднийх 100 гаруй тэмээтэй, тэнэгэр говийнхоо элгэнд зуншиж буй малчин айл.

Өглөөний долоон цагийн үед Бүрэнтөгс, гэргий Алтангоо хоёул ингэ ботгоо салгаж, усалж бэлчээрт гаргаад өдрийн ажлаа эхлэв.

Сүүлийн жилүүдэд малчид ингэ саахаа больсон боловч Бүрэнтөгсийнх ингээ сааж, ингэний сүүгээ борлуулан орлогоо нэмэгдүүлнэ.         

Зундаа ингээ сааж байх нь тэмээгээ номхон сургахын бас нэг арга юм байна. Жилийн дөрвөн улиралд бэлчээрт байж, хүнтэй ойртохгүй бол тэмээ ноослох цаг болоход хэцүү байдаг. Үүний зэрэгцээ ингэний сүүгээ боловсруулж, өөрийн идэх хурууд, цагаан идээгээ хийх, худалдаж ашиг орлого олдог гэж Бүрэнтөгөсийн ээж бидэнд ярив.

Энэ нутагт 2005 оноос эхлэн байгаль орчинг сэргээх төрийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс улсаас жил болгон малчдад нутаг бэлчээрийн нөхвөр мөнгө олгож, ихэнх малчид малын тоогоо хасаж байгаа. Бүрэнтөгсийнх 130 гаруй тэмээтэй, хорь гаруй ингээ сааж, өдөрт 20-иод литр сүү боловсруулж, жилийн 6 сая гаруй төгрөгийн орлого олдог байна.

       - Манай сууринд ингээ саадаг айл цөөн болжээ. Зуны халуунд ингэ саах амаргүй ажил. Гэвч малчин хүн таван хошуу малынхаа ашиг шимийг өөрөө боловсруулан эдэлж ирсэн уламжлалтай гэж Алтангоо ярив. Ингэний сүү хүний биед шим тэжээлтэй учир ингэний сүүний бүтээгдэхүүний зах зээл ер нь сайн. Ингэний айраг нь литр бүрдээ 50 юань 15000-16000 төгрөг, ингэний ааруул килограмм бүрдээ 180 мянга гаруй төгрөг хүрч байна.

       Оройн сэрүүн ороход Бүрэнтөгөсийн ээж ботгоо хашаандаа оруулж, нэг нэгээр уяад ингээ оруулан саалаа. Хорь гаруй ингэ саахад бараг хоёр цаг гаруй болов.

       Малчин хүн гэдэг мал сүргээ амин эрдэнэ шиг хайрладаг. Байгаль орчинг хамгаалахын тулд төрийн бодлого гаргаж, өмнөх шиг тал дүүрэн мал сүрэг бэлчихээ больсон ч ингээ сааж, ботго тэмээгээ үргэлж ойрхон байлгах нь мал сүргийн дэргэд сэтгэл дүүрэн амьдрах малчин хүний малаа гэсэн сэтгэл. Малын ашиг шимийг боловсруулж, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа олж, орлогоо нэмэгдүүлж байгаа нь орчин цагийн малчдын бас нэгэн амьдрах ухаан. 

Зохиогч: Урантана, Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл