Хүмүүс халуун рашаанд орж бие сэтгэлийн ядраагаа тайлдаг. Гэвч халуун рашаан, саун болон өндөр температуртай, чийгшилтэй, агааржуулалт муутай бусад битүү орчинд удаан хугацаагаар байх нь халуунд цохиулах шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийнхүү бие махбодийг дулаацуулж, стрессийг тайлахын зэрэгцээ эрүүл мэндийн эрсдэлээс зайлсхийхийн тулд усны температур, усанд орох хугацаа, усанд орох аргуудад анхаарлаа хандуулах нь чухал байдаг.
- Сүүлийн үед бид халуун рашаанд хэт удаан хугацаагаар орсны улмаас толгой эргэх, сулрах, тэрчлэн комд орсон өвчтөнүүдийг эмчилсэн юм. Тэд халуунд цохиулсан нь илэрхий байлаа гэж Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Шэнжин эмнэлгийн зүрх судасны эмчилгээний тасгийн ерөнхий эмч Сун Жижун хэлэв. Тэрээр:
- Халуун, чийглэг орчинд бие махбодь дулаанаа ялгаруулж чадахгүй үед хүнд хэлбэрийн халуунд цохиулах байдал тохиолддог. Биеийн дотоод температур богино хугацаанд 40 хэмээс дээш нэмэгдвэл тархи зэрэг олон эрхтнийг гэмтээх магадлалтай гэж хэллээ. Сун Жижун:
- Халуун рашаанд ороход усны температур хэт өндөр байж болохгүй. 38-40 хэмийн хооронд байлгах нь хамгийн тохиромжтой, усанд орох хугацааг 10-15 минутаар хязгаарлах хэрэгтэй. Босохдоо толгой эргэх, биеийн байрлал өөрчлөгдөхөөс болж унахаас сэргийлэн алгуур хөдлөх хэрэгтэй, их хэмжээний ус уувал сайн. Архи, тамхи татахаас зайлсхийж, осол гарах эрсдэлийг бууруулж болно. Цээж чангарах, зүрх дэлсэх, толгой эргэх, хүйтэн хөлс гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл битгий тэвч, усан сангаас даруй гарч, агааржуулалт сайтай газар амраарай. Хэрэв шинж тэмдгүүд сайжрахгүй бол даруй эмчид хандахыг Сун Жижун сануулав.

Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Шэнжин эмнэлгийн Арьс судлалын тасгийн ахлах эмч Ү Янь өвлийн улиралд халуун рашаанд орохдоо арьсны хамгаалалтыг гэмтээхээс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүмүүст сануулав. Усны температурыг хэт өндөр байлгаж болохгүй, халуун, чийглэг орчинд удаан хугацаагаар байх нь эвэрлэг давхаргын хэт их чийгшилд хүргэж, арьсны хамгаалалтын үйл ажиллагааг улам сулруулж, хуурайшилт, загатнааг улам хүндрүүлдэг тул хугацаа хэт урт байж болохгүй гэж Ү Янь хэлэв.
Биеэ хатаасны дараа арьс чийгтэй хэвээр байвал чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Керамид, сквалан, гиалуроны хүчил зэрэг найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл зүгээр. Мэдрэмтгий арьстай, эсвэл экзем зэрэг үрэвсэлт арьсны өвчтэй хүмүүс болгоомжтой байгаарай. Өндөр температур арьсны гэмтлийг улам хүндрүүлж, халуун рашаан дахь эрдэс бодисууд нь цочрол үүсгэж магадгүй.
Хятадын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Шэнжин эмнэлгийн Уламжлалт Хятад Анагаах Ухааны ахлах эмч Жи Хун:
- Шинжлэх ухааны аргаар усанд орох нь өвлийн улиралд эрүүл мэндийг хамгаалахад тустай боловч хэмжээ, цаг хугацаа зэргийг тохиромжтой байлгахыг сануулав. Усанд орж бага зэрэг хөлрөхөд аятайхан байдаг. Харин уснаас гарахдаа биеэ хурдхан хатааж, дулаан хувцаслан, салхи, хүйтэн уснаас зайлсхийх хэрэгтэй. Хоолны дараа юм уу өлсөж, ядарсан үедээ, эсвэл архи уусныхаа дараа усанд орох нь тохиромжгүй. Ахмад настан, нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, чихрийн шижин, зүрх судасны болон тархины судасны өвчтэй хүмүүсийн биеийн дулаанаа зохицуулах чадвар харьцангуй сул байдаг тул эрсдэл өндөр байдаг. Усанд орсныхоо дараа хэсэг хугацаанд суугаад биеийн шингэнийг нөхөхийн тулд гаа, дэвтээсэн улаан чавгатай цай, эсвэл бага зэрэг давстай ус ууж болно гэж зөвлөлөө.
