
Засгийн газраас иргэдийн орон сууцаар хангах бодлого баримтлан ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Нийт 67 612 иргэнд 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгож, 1 657 иргэнд 57 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлээд байна. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувийг, чанаргүй зээл нь 0.5 хувийг эзэлж байгаа бөгөөд зээлийн чанар 97.7 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 72.9 хувийг орон сууцны найман хувийн хүүтэй зээл, 24.9 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.3 хувийг бусад эх үүсвэрээр зээл бүрдүүлж байна хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, намуудын мөрийн хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх асуудал тодорхой тусгасан. Барилга ба түүнтэй холбоотой салбарын үйлдвэрлэл ДНБ-ийн 10-аас доошгүй хувийг тогтмол эзэлдэг. Тус салбарын банкуудын нийт зээл багцад эзлэх хувийн жин нь тасралтгүй өссөн нь тухайн салбарын эдийн засагт эзлэх байр суурь өргөжсөний дээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлснийг харуулж байна. Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих зайлшгүй шаардлага тулгараад байна. Засгийн газар энэхүү арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд нийгмийн даатгалын сангийн тухай хуулинд нийгмийн даатгалын санг дотоодын хөрөнгө оруулагч боолгон ашиглах талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хүн амыг орон сууцжуулах барилга болон дагалдах салбаруудыг дэмжихэд олон талт төрийн бодлого, шийдэмгий үйл ажиллагаа хэрэгтэй байна. Зайлшгүй гарч болох сөрөг үр дагаварыг хүлээх бус сөрж ажиллах нь бидний үүрэг билээ. Манай улсын хувьд барилга нь уул уухайн салбарын дараа орох эдийн засагт чухал нөлөөтэй салбар болсон. 2015 онд барилгын салбарын үйлдвэрийн түвшин 30-50 хувь буурах төлөв байдал ажиглагдаж байна. Хэрэв барилгын салбарын бүтээн байгуулалт дурдсан хэмжээгээр буурвал тухайн салбарын ажилчдын орлого, компаниудын гүйцэтгэх ажлын хэмжээ, төлөх татварын хэмжээ тэр хэрээр буурна. Барилгын салбарын бүтээн байгуулалт огцом буурснаас хамаарч, ДНБ-ий өсөлт 1.5-2 хувиар багасах тооцоолол харагдаж байна” гэлээ.
Түүнчлэн,“2013-2014 онд барилгын салбар нь ДНБ-ий өсөлтийг хангах чухал салбар болж, уул уурхайн уналтыг зөөллөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан боловч энэ өсөлт нь үндсэндээ төрийн хөнгөлөлттэй зээл ба ипотекийн зээлээр хангагдсан. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэддээ бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал чухал байна. Иймд ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 20 хүртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй. Мөн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 20 хувийг урт хугацаанд төлөх боломж нь бүрдэх юм. Ингэснээр зээлийн тогтолцоонд эрсдэл гарахгүй. Хэрэв УИХ бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар энэ талаар бололцоотой бүхий л хэлбэрээр ажиллахад бэлэн байна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргүүлсэн байгаа" хэмээв.
Мэдээллийнхээ дараа Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулав.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Иргэний нисэхийн Ерөнхий газар хашаандаа барилга барьж байна энэ зөв үү. Энэ байгууллага барилга барьдаг газар мөн үү. Ажилчдаа орон сууцжуулна гээд 21 сая орчим төгрөг хурааж байна гэсэн. Өргөдлийн байнгын хороон дээр орон сууцтай холбоотой санал гомдол их ирж байна. Иймээс Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаад одоо ажиллаж байна?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Би О.Баасанхүү гишүүний шүүмжтэй санал нэг байна. Сүүлийн үед Засгийн газрын яам агентлагууд барилга байшин барьдаг явдал ихэссэн. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Батлан хамгаалах яам гэхэд л энэ асуудлаа ТОСК-тай хамтраад шийдэж байна. Энэ тогтолцоогоор явах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн А.Тлейхан, Монгол Улсад эдийн засгийн хүндрэл үүсээд байна. Нийт эргэлтэд байгаа хөрөнгийн 30 гаруй хувийг Засгийн газрын бонд эзэлж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ипотекийн зээл хэлбэрээр зарцуулах асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ. Борлуулагдаагүй байгаа орон сууц хэд байна вэ. Үүнийг хэрхэн борлуулах вэ. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох талаар яригдах болсон нь нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ипотекийн зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар ойрын хугацаанд хэлэлцэх ёстой. Энэ хүрээнд яамдууд судалгаа гаргаад ажиллаж байгаа.
-БХБ-ын сайд Д.Цогтбаатар, 2015 оны байдлаар 36 мянган айлын орон сууц борлогдоогүй байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа. Одоо бараг эцсийн шатандаа орж байна.
