Улаанбаатараас ниссэн MR-8861 онгоц 7 дугаар сарын 16-ны 8 цаг 10 минутын үед Эрээн хотын Сайнус онгоцны буудалд газардсан нь Улаанбаатар-Эрээн хооронд зорчих түр зуурын олон улсын нислэг дахин эхэлсний бэлгэ тэмдэг болжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, энэхүү нислэгийг түр хугацаагаар сэргээж, Монгол Улсын Хүннү агаарын тээврийн компанийн Фогг-50 нисэх онгоцоор үйлчилж байна. Долоо хоногт 3 удаа буюу мягмар, пүрэв, ням гарагийн өглөөний 6 цаг 10 минутад Улаанбаатараас хөөрч, 7 цаг 50 минутад Эрээн хотод газардана. Эрээн хотоос өглөөний 8 цаг 20 минутад хөөрч, 10 цаг 5 минутын үед Улаанбаатарт газардана. Тасалбарын үнэ 850 юань болно. Эрээн хотын олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад ороход уг нислэгийг урт хугацаагаар нээх төлөвлөгөөтэй байгаа аж.
