
Ингэхдээ бөх барилдах гэсэн үгнүүдийн утгыг ажиглалаа. Бөх гэдэг нь бат, бэх, чанар, чансаа гэсэн санааг өгүүлдэг. “Барилдах” гэдэг нь ураг барилдах, шүтэн барилдах гэх мэтийн гүн холбоо, шүтэлцээ үүсгэв гэсэн утгыг агуулдаг байна. Тэхээр бөх барилдах зан үйл нь бат бэх, холбоо, барилдлага үүсгэнэ гэсэн утга илэрхийлдэг бололтой. Энд “тэмцээн” ”тэмцэл” буюу орос хэлний “борьба” ”борец” гэсэн утга буухгүй байна. Өвөг дээдэс “Бат – бэх ” гэсэн тэмдэг нэрээс нэр үг үүсгэж тийм шинжүүдийг шингээсэн хүнийг “бөх” “бөхчүүд” хэмээн нэрийдэж хүндлэн дээдэлж иржээ.
Ер нь бат бэх шинжүүд яаж илэрдэг вэ?
1. Оюун санаа нь уужим, саруул, ул суурьтай, оновчтой.
2. Сэтгэл санаа тэсвэр, тэвчээр, хатуужилтай, шийдэмгий.
3. Бие бялдар нь эрүүл, чийрэг, хүчирхэг.
4. Үйл хөдлөл нь хурдан, хурц, шалмаг, дайчин.
5. Хэл яриа нь төлөв, түвшин.
6. Харагдах байдал нь сүрлэг, тогтуун, үзэсгэлэн төгөлдөр.
7. Дуу хоолой нь эрмэг, цээл гэх мэт шинж чанараар “ бат бэх ” гэсэн утга нь тодорхойлогдож байгаа нь бөхийн цолонд уран яруу хэллэгээр тусгалаа олсон байдгийг харж болно. /Бөхийн улсын цолноос оруулна./

“Монголын нууц товчоо”-нд Чингис, Хасар, Билгүүдэй нар бүгд хүндлэл хүлээсэн бөхчүүд байсан. Тэгвэл эдгээр бат бэх хүмүүсийг барилдуулахын учир юу вэ? Ялах, ялагдахыг нь харах юм уу, яаж тэмцэлдэхийг нь үзэх юм уу?, өөр учир байна уу? гээд бодохоор Лев.Гужилёвын урт дурын зоргоороо хүмүүсийн тухай томьёолол санаанд бууж ирж байгаа юм. Энэ бат бэх хүмүүс талын нэг тарчихвал улс орон юу болох вэ? Эндээс л бөхчүүдийг уулзуулж золгуулж, булганы арьс эвлүүлэхийн нэгэн адил эвсүүлэх шаардлага гарч тэр нь нүүдэлчдийн гүн ухаанаар бүтээсэн соёлын өв болон эв эе , шүтэн барилдлагын бэлгэдэл хүндлэл болон хөгжжээ. Эртний овог аймгууд ч энэ утгаар эвлэлдэн нэгдэж байсан. Ийнхүү улс орших, төр оршихуйн ёсоор бөхчүүд барилдан золгож, оюун бодол, сэтгэл санаа, ур чадвар, хурд хүч, эд хав, төгөлдөр сайхнаа танин мэдэж бие биесээ хүлээн зөвшөөрч барилдлага тогтоон илүү дутуугаараа эвлэлдэн оршихуйн утга шингэн “тахим өгөх, авах ” ёсыг хуульчилжээ. Энэ нь эх захтай, эрэмбэ дараатай, харилцан барилдлагатай байх ёс буюу гэрийн ёс, хот айлын ёс, төрт ёсонд шингэж улс төр оршихуйн зохион байгуулалтын үндэс болжээ. Иймээс бөх барилдах ёс нь хүндлэл, ёслол шүтэн барилдахуйн өргөн утга агууламжтай соёлын онцгой хэлбэр мөн болно. Энэ санааг дэлгэрүүлж үзвэл олимпийн үүсэл үзэл санаатай тохирч байна.

Монгол наадмын хосгүй чанар ч энд хадгалагдаж байна. Ийнхүү бөх барилдах ёс нь эв эеийг эрхэмлэх үзэл санааны бэлгэдэл, бат бэх хүндлэл ёсон болж байна. Бөхийн ёслолын олон зан үйл гараа, дэвээ, шаваа зэрэг нь өнгөц харахад хүчирхэг амьтдын дүр төрхийг үзүүлэх мэт боловч цаанаа олны сэтгэл онгод эрмэлзлийг харайлах, физик биеийг цочроон сэргээх зэрэг шинжлэхүйн ухааны олон нууцыг чандалсан гэлтэй. Хөхийн тухай цаашилбал бөх барилдах нь жудаг суулгадаг эрхэм ёсыг өмсгөлдөө шингээсэн гэх талтай. Учир нь зодог шуудаг хэмээх үндсэн өмсгөлийн “зодог” хэмээх үг нь модны зодог, холтос гэсэн утгаар нь харвал халхавч бүрхэвч гэсэн утгатай харин “шуудаг” гэсэн үг нь хормой шуух, өмдний шуумаг гэх мэтийн ахар богино өмд хувцас гэсэн утгаар ойлгож болох боловч хэрвээ монгол бичгийн “ж, з, с,ш, о, у” үсгүүдийн сэлгэдэг хэлбэрээр нь авч үзвэл зодог – шуудаг нь жудаг – суудаг гэсэн өөр утга үүсгэж байгаа нь сонирхолтой. “Жудаг” гэдэг нь хэм, хэмжээ, ёс суртахууны илэрхийлэл юм. “Суудаг” гэдэг нь хүний суудаг хэсэг ч юмуу “ сандал суудал” гэсэн утгаасаа илүү аливааг “шингээх – тогтоох” “хэвшүүлэх – төлөвшүүлэх” гэсэн утгаараа сонирхол татаж байна. Ийнхүү жудаг – суудаг өмсгөл нь эртний нүүдэлчдийн хувцас өмсгөлөөр сэтгэл санаа, намба төрхийг заах сод гүн сэтгэлгээний нэг жишээ болж байгаа юм. Саяхан болтол монголчууд төрийн хэргийг төрийн ёсны өмсгөлтэй хэлэлцдэг байсан. Тэгэх тусмаа малгайгүй ямар ч хэргийг хэлэлцдэггүй билээ. Тэхээр бат бэх барилдлага шингээсэн үзэл санаа нь жудаг ёсоор хэлбэржинэ гэсэн гүн сэтгэлгээний санааг өмсгөлдөө шингээн хэлбэржүүлж, шүтэн барилдуулсан “Жудаг – суудгаг” гэсэн үгтэй дохио нь өнөө үед бидэнд “зодог – шуудаг ” гэсэн энгийн үгээр хэвшжээ. Ингэж үзвэл монголчууд жудаг суулгадаг өмсгөлөө өмсөж, бат бэхээр барилдан өнө мөнхөд золгохын ёсыг эрхэмлэдэг ажээ.
Дүгнэлт:
1. Монгол бөх нь нүүдэлчдийн гүн ухааны олон талт шинжүүдийг агуулсан төгс хэлбэржсэн соёл мөн.
2. Монгол бөх нь эв эе бат төрийн бэлгэдэл шингээсэн ёслол юм.
3. Монгол бөх нь монгол эр хүний үлгэр дуурайлал мөн.
4. Монгол бөх нь бат бэх гүн барилдлага хүндлэлийн илэрхийлэл болдгоороо босоо тэнхлэгийн сэтгэлгээний чанадын дохиог хадгалдаг.
Б. Лхагвасүрэн /СУИС докторант, зураач/
