"Хиймэл оюун ухааны (AI) эрин үе дэх дэлхийн эв санааны нэгдэл" уриан дор “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт буюу Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын дээд түвшний уулзалт” бямба гарагт БНХАУ-ын Шанхай хотноо эхэллээ.
Хиймэл оюуны ухааны талаарх чуулга уулзалтыг 2018 оноос хойш жил бүр Шанхай хотноо зохион байгуулж буй бөгөөд чуулга уулзалтын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна.
Энэ удаагийн чуулга уулзалт нь оролцогчдын тоо, үзэсгэлэнгийн талбай, шинэ бүтээгдэхүүн зэрэг олон үзүүлэлтээр өмнөх жилүүдийнхээс өргөн цар хүрээтэй болж буйг зохион байгуулагчид онцолж байна.
Тухайлбал, үзэсгэлэнгийн талбайн хэмжээ анх удаа 70 мянган хавтгай дөрвөлжин.метр давж, Хятадын болон олон улсын 800 гаруй компани хиймэл оюун ухааны төхөөрөмж, ухаалаг робот зэрэг 3000 гаруй бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна.
Гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалтын хүрээнд болох форум, уулзалтуудад 30 гаруй улс орны 1200 гаруй зочин, төлөөлөгч хиймэл оюун ухааны дэлхийн хөгжлийн чиг хандлага, давуу тал болон сорилтуудыг авч хэлэлцэж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян чуулга уулзалтыг нээн үг хэлэх үеэрээ дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага байгуулах саналыг дэвшүүлсэн юм.
Эл санаачилга нь олон талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Хятад улсын тууштай байр суурь, дэлхийн засаглалын шинэ хэлбэрийг төлөвшүүлэхэд оруулж буй хүчин чармайлтын илэрхийлэл болж байна. Мөн Дэлхийн өмнөдийн орнуудын дуу хоолойг дэмжин дижитал болон хиймэл оюун ухааны хөгжлийн тэгш бус байдлыг арилгахын зэрэгцээ хиймэл оюун ухааны ёс зүйтэй бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж буйн тод жишээ болж буй юм.
Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага нь эрэлт нийлүүлэлтийг уялдуулах, бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны асар их боломжийг бүрэн нээх платформ болж ажиллаад зогсохгүй хөгжиж буй орнууд хиймэл оюун ухааны үр өгөөжийг тэгш хүртэх нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих зорилготой аж.
Хятад улс энэхүү байгууллагаар дамжуулан тус байгууллагын гишүүн орнуудын хөгжлийн стратеги, засаглалын дүрэм журам, техникийн стандартыг уялдуулахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтний хөгжилтэй хөл зэрэгцэн урагшлах боломжтой болно хэмээн үзэж байна.
Мөн найм дахь жилдээ дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалтыг зохион байгуулж буй Шанхай хотод тус байгууллагын төвийг байгуулахаар судалж буй юм.
Ийнхүү Хятад улс хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны технологийг зохицуулах дэлхийн хүчин чармайлтад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, улс орныхоо ололт амжилтыг дэлхий нийттэй хуваалцахыг эрмэлзэж байна.
Хиймэл оюун ухаан бараг бүх салбарт нэвтэрч буй энэ үед уг технологийн хэрэглээ нь ташаа мэдээлэл тараах, хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөө, цаашлаад технологийг хянах чадвараа алдах эрсдэл зэрэг олон чухал асуудлыг хөндөж байгаа билээ.
Хиймэл оюун ухаанаас үүдэлтэй эрсдэл, сорилтууд олны анхаарлыг татах болсон энэ цаг үед хиймэл оюун ухааны хөгжил болон аюулгүй байдлын асуудал хоорондын тэнцвэрийг хадгалах арга замуудыг олж, дэлхий нийтийн эв санааны нэгдмэл байдлыг хангахад Хятад улсын санал болгож буй дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага нэн чухал. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан нь зөвхөн технологи биш, ирээдүйн хүмүүнлэгийн сорилт юм. Хятад улсын дэвшүүлсэн энэ санаачилга нь хиймэл оюун ухааны хөгжлийг олон улсын хяналтад, хамтын эзэмшилд, тэгш хүртээмжтэй болгох анхны томоохон алхам болж байна.
