solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тоо 110 мянгыг давав
2025-06-10 11:15
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тоо 110 мянгыг давлаа

Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын өртөөнөөс Хятад-Европыг холбосон 75052-р буухиа галт тэрэг 06-р сарын 10-ны 08:00 цагийн үед хөдөлснөөр олон жилийн турш Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тоо 110 мянгыг давж, тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ 450 тэрбум ам.доллар давсан байна.

Энэхүү галт тэрэг Жинань, Шижяжуан, Тайюань нутгаар дайран өнгөрч, гурав хоногийн дараа Өвөр Монголын Эрээн боомтоор нэвтэрч Москва хүрэх юм. Галт тэргэнд тээвэрлэж буй бараа голцуу Шаньдун мужийн дотооддоо үйлдвэрлэсэн 20 гаруй сая юанийн үнэ бүхий 10 мянга гаруй ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл юм.

Хятадын төмөр замын группийн ачаа тээвэрлэлтийн албаны хариуцлагатай ажилтан:

- Одоогийн байдлаар Хятадын 128 хотод Хятад-Европ чиглэлийн буухиа галт тэрэг ажиллуулж, Европын 26 орны 229 хот, мөн Азийн 11 орны 100 гаруй хотод хүрч байна. Долоо хоног бүр 17 галт тэрэг тогтвортой аялах бөгөөд бүх чиглэлийн галт тэрэгний аялах хугацаа энгийн галт тэрэгнээс 30 гаруй хувиар богиносч байна. Түүхий эд, өдөр тутмын гэр ахуйн хэрэгсэл тээхээс гадна, тус галт тэрэг олон улсын шуудан, хил дамнасан цахим худалдаа, хүнсний хүйтэн сүлжээ, автомашин зэрэг тусгай буухиаг нээж, зам дагуух улс орнуудын олон талт хэрэгцээг хангаж байна гэж танилцууллаа.

Хятад-Европ чиглэлийн галт тэргээр тээвэрлэж буй бараа нь 53 ангилал, 50 мянга гаруй нэр төрөл болон өргөжиж байна. Автомашины эд анги, механик тоног төхөөрөмж, электрон болон цахилгаан бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг бүхий бараа бүтээгдэхүүн нь Хятад-Европын галт тэрэгний экспортын гол эх үүсвэр болжээ.

Хятад-Европын галт тэрэг нь зам дагуух улс орнуудад илүү таатай худалдааны нөхцөл бүрдүүлж байна. Хятадын өргөн хэрэглээний цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл зэрэг "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнүүд Европт илүү хурдан, илүү хямд үнээр хүрч байгаа бол Испанийн улаан дарс, Голланд бяслаг, Польш алим, Таиландын дуриан жимс, Лаосын банана зэрэг Ази, Европын орнуудын онцлог бүтээгдэхүүнүүд Хятадын ард түмний өдөр тутмын амьдралд нэвтэрч байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл