
Шанхайн Хайтонгийн олон улсын автомашины терминал дээр Германы DHL группын бөөнөөр худалдаж авсан SAIC Maxus 300 цэвэр цахилгаан ложистикийн автомашины эхний багцыг 07-р сарын 15-ны өглөө Европ руу албан ёсоор тээвэрлэв.
Яагаад Хятад брэндийг сонгосон бэ? 2022 оны эхээр SAIC Commercial Vehicle Europe багийнхан DHL групп өөрийн флотын цахилгаанжуулалтын өөрчлөлтийг хурдасгаж буйг мэдээд, хоёр баг холбоо тогтоож эхэлсэн. 2024 онд туршилтын 50 ширхэг SAIC EV30-ийн эхний багц Германы зах зээлд гарч, логистикийн түгээлтийн сүлжээнд хамрагдсан юм. Хотын жолоодлогын зай 400 километрээс давж, батерейг 30 минутын дотор 80 хувь цэнэглэх боломжтой. Батерейг хасах 30 хэмээс нэмэх 50 хэм хүртэл хэвийн ашиглаж болно. SAIC Maxus чанараараа хэрэглэгчдийн итгэлийг олж авчээ.
DHL группын дэлхийн ачаа тээвэр хариуцсан дарга Ай Руошин хэлэхдээ, илүү олон Европын компаниуд Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг "Туршихаас" "Итгэх" рүү шилжиж байна гэжээ. Тэрээр 2030 он гэхэд DHL групп логистикийн түгээлтийн "Сүүлийн миль" дахь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн ашиглалтын түвшинг 66 хувиас дувуулахаар төлөвлөж байна. Энэхүү стратегийн зорилгодоо хүрэхийн тулд бидэнд Хятадын дэмжлэг хэрэгтэй гэжээ.
Өдгөө Европын гудамжаар Хятадын машин давхих нь элбэг болсон. Энэ он гарснаас хойш Хятадын шинэ эрчим хүчний автомашины Европ дахь борлуулалт нэмэгдсээр байна. Junte Business Consulting компанийн мэдээлснээр, 04-р сард Европын зах зээл дэх Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 15 мянга 300 орчим ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар өссөн байна.
Автомашины өлгий нутаг учраас Европын автомашины зах зээлд баялаг туршлагатай брэндүүд ноёрхож ирсэн. Шинэ брэнд энд хөгжихийн тулд маш олон бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Европын шинэ автомашины үнэлгээний хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Фан Ратинген хэлэхдээ, Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн Европ дахь ололт амжилт нь технологийн шинэчлэл, аюулгүй байдлын баталгаа, ногоон байгаль орчныг хамгаалах, чанарыг сайжруулах зэрэг дэвшилтэй шууд холбоотой. Их Британийн Автомашины үйлдвэрлэгчид ба худалдаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Майк Хоус хэлэхдээ, Хятадын автомашины брэндүүд Европын зах зээлд олон гарах нь хэрэглэгчид болон автомашины салбарт ашигтай гэж үзэж байна. Эрүүл өрсөлдөөн нь цахилгаан машины үнийг бууруулж, салбарын инновацийг дэмжинэ гэжээ.
