Өвөр Монголын Рудиогоос зохион байгуулж буй "Удмын Алтан Хэлхээ - Үүх Түүх Өв Соёл" сурвалжилгын багийнхан 6 дугаар сарын 12-ны өдөр Хармөрөн мужийн төв Харбин хотод дөрөө мулталлаа. Харбин хотын нутагт хүн оршин суурьшиж эхэлснээсээ 300 гаруй жилийн түүхтэй болсон бол Монголчууд энэ хот ба түүний эргэн тойрон нутагт аж төрөөд мөн 300 гаруй жилийг үзжээ. "Харбин" гэдэг нь "мөрний хавь дахь айл" гэх Монгол үгнээс үүсэлтэй гэдэг. 1981 онд Харбинд амьдарч буй Монгол хүн 1600 гаруй байсан бол одоо 15 мянгыг давжээ.

Харбин хотын Монголчуудын эх сурвалжийг тодруулбал, эрт дээр үеэсээ энд амьдарч байсан иргэдийн үе хойч, ажил албаны улмаар энд ирж ажилласан хүмүүс, сургууль боловсрол эзэмшээд эндээ үлдэж ажиллагсад, ажлын томилолтоор ирэгсэд, цэргийн алба хаагчид, бизнес худалдаа эрхлэгчид, садан төрлөө түшихээр ирэгсэд зэрэг болно.
Харбин хотын Монголчууд 1981оны 7 дугаар сарын 23-ны өдөр анхны наадмаа зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл нийт 32 удаа болжээ. Эндэх Монголчууд наадмаараа мөн хүчит бөхөө барилдуулан, нум сум харвах, шатар тавих, бул шидэх зэрэг уламжлалт тэмцээн өрнүүлдгээс гадна бас олс татах, ойрын зайн гүйлт, бөөрөнцөг түлхэх зэрэг спортын арга хэмжээнүүд зохиодог болжээ.

