solongonews
Ш.Дэлгэрсайхан: Эрдмийн оргилоос эх орон зүгээ дүүлнэ
2015-06-30 15:51
Эрдмийн оргилоос эх орон зүгээ дүүлнэ.

Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

Миний бие Шамий овогтой Дэлгэрсайхан 1985 онд Улаанбаатар хотноо төрж өссөн. Миний хүүхэд нас, оюутан ахуй нас, ажил амьдрал гээд бүхий л цаг үе, дурсамж маань Улаанбаатартай салшгүй холбоотой байдаг.  

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийг хэзээ ямар мэргэжлээр төгссөн бэ?

Анх 2009 онд Хөххотод ирээд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд хэлний бэлтгэлд нэг жил суралцсан. 2010-2013 онд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд суралцаж, Химийн инженер технологийн мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан.

Одоо ямар ажил хийж байна вэ?    

Миний ажлын туршлагын хувьд нийт 8 жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор Энержи Ресурс ХХК-ны Дундад улсад дахь төлөөлөгчийн газарт Экспорт Ложистекийн албанд ажиллаж байна. Манай компаниас Дундад улс руу экспортод гарч буй нүүрсний чанарын асуудлыг голлон хариуцаж ажилладаг.

Яагаад Дундад улсад суралцах сонголт хийсэн бэ?

2008 оны Бээжингийн олимпыг зурагтаар үзээд Дундад улсын хөгжил дэвшил, соёл урлагийн тухай илүү ихийг таньж мэдэхийг хүссэн. Иймд Дундад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд тэтгэлэгтэй суралцах шалгалтад 2009 онд материалаа өгч, улмаар шалгаруулалтад тэнцэж, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд магистрт суралцсан.

Дундад улсад суралцахад танд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

Дундад улсад ирээд л хятад хэлийг анх сурч эхэлсэн тул бүрэн дүүрэн ойлголцож ярилцаж чадахгүй хэлний бэрхшээлтэй л их тулгардаг байлаа. Бусад тал дээр хүндрэл бэрхшээл гайгүй байсан. Өдөр ирэх тутам ханзны тоо нэмэгдэж ойр зуур ярилцдаг болж, бага боловч ойлголцож эхэлсэн.

Амьдралын хэвшил болон сурч боловсрох тал дээр хоёр улсын оюутнууд зөрөөтэй юу?

Миний бодлоор хятад оюутнуудтай хамт суралцаж байхад тэдний сурч мэдэхийн төлөө хичээж мэрийж байгаа, тэвчээртэйгээр бие даан суралцаж байгаа нь маш их таалагдсан. Иймд тэдний адил өглөө 7 цагаас орой 10 цаг хүртэл сургуулийнхаа аль нэг хоосон ангид очиж хичээлээ хийж, ханзаа цээжлэн, заавал хятад хэлийг сайн суралцах хэрэгтэй гэдэг шаардлага өөртөө тавьсан. Хятад оюутнууд 20 гаруй жил суралцсан төрөлх хэл дээрээ сурч боловсорч байхад гадаад оюутнууд 1 жил хэлний бэлтгэлд хятад хэлийг сураад мэргэжлийн хичээлээ үзэж, судалгааны ажлаа хийхийн тулд суралцах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож байсан.

Дундад улсад суралцаж төгсөөд эх орондоо очиж ажиллахад давуу тал байдаг уу?

Дундад улсад суралцаж төгсөөд Монгол Улсдаа очоод ажиллахад тухайн мэргэжлийн салбар нь хятад хэл шаардлагатай эсвэл Дундад улстай холбоотой ажил эрхэлбэл тухайн хүнд ажил олоход давуу тал нь болдог. Гэвч ихэнх тохиолдолд Монгол Улсад ажиллах салбараас нь хамааран Монголд болон бусад гадаад оронд суралцсан оюутнуудаас давуу талаар тааруу байдаг.

Нөгөө талаар Дундад улсад боловсрол эзэмших нь өөрийн мэргэжлийн холбоотой шинэ зүйл сурч мэдэхээс гадна, хятад хэл сурах, хөрш зэргэлдээ улсын ард иргэдийн соёл, ёс заншил нийгмийн байдлыг танин мэдэх гээд давуу тал олон байсан. 

Гэр бүлээ танилцуулаач?

Эхнэртэйгээ танилцаад 12 жил, гэрлээд 9 жил болж байна. Эхнэр маань Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас төгссөн. Одоо Өвөр Монголын Өдрийн Сонины “Солонго” мэдээллийн төвд ажиллаж байгаа. Миний хүү Хөххотын Монгол Үндэстний Туршилтын Бага Сургуульд нэгдүгээр ангид суралцаж байгаа.

Ирээдүйн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөний тань талаар сонирхвол?

Мөрөөдөлтэй хүн амьдралдаа зорилготой бас хүчтэй байдаг. Зорилгоо биелүүлэхийн тулд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн алхам алхмаар урагш тэмүүлэн явна. Хувийн амьдралаа ойрын 3 жилээр мөн ирэх 5 жилд хийх зүйлсээ төлөвлөсөн байгаа.

Суралцах хугацаандаа ямар амжилт бүтээл гаргаж байсан бэ?

Суралцах хугацаандаа гаргасан амжилт гэвэл 1993-2003 оны хооронд Монгол Улсын Улаанбаатар хотын Оюуны Ундраа Цогцолбор сургуульд суралцаж байхдаа Баянгол дүүрэг, Улаанбаатар хот,  Монгол улсын хэмжээний нийт 25  гаруй олимпиад тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж байсан тул Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх үедээ Монгол Улсын Их Сургуульд үнэ төлбөргүй элсэн суралцах урилгаар шагнуулж, 2003-2007 оны хооронд Монгол Улсын Их Сургуульд суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний хуралд 12 удаа тэргүүлж, 3 номд судалгааны өгүүллээ хэвлүүлсэн. Мөн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн хүрээлэнгийн 2 төрлийн төсөл дээр их сургуульд суралцах хугацаандаа судалгааны ажилд нь оролцон ажилласан.

 Монгол Улсын Их Сургуулийн Хөрс судлаач мэргэжлээрээ суралцахдаа Монгол Улсын Их Сургуулийн Герман хэлний оройн ангид давхар суралцаж төгссөн тул Германы Хөрс судлаач газарзүйчидтэй төсөл дээр ажиллаж байсан. Ингэснээр Бакалаврын 3-р курсээсээ буюу 2005 оноос эхлэн Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн Хүрээлэнгийн Хөрс судлалын секторт гэрээний ажилтнаар ажиллаж эхэлсэн юм. Суралцах хугацаандаа Монгол Улсын Байгаль Орчны Яамны 2005 оны шилдэг оюутан, Монгол Улсын Их Сургуулийн 2006 оны шилдэг оюутан, Голомт банкны 2006 оны шилдэг оюутан, Монгол Улсын 2006 оны Байгалийн ухааны салбарын шилдэг оюутан, Монгол Улсын Их Сургуулийн 2007 оны шилдэг төгсөгч болж байсан.  

2009-2013 оны хооронд Дундад улсын Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд магистрт суралцах хугацаандаа Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Олон улсын сургуулийн 2011, 2012, 2013 оны шилдэг гадаад оюутан болж 2013 оны Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн “Гурван сайн”-ны өргөмжлөлтэй төгсөгч болсон.  2011 онд хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 8 дэс авсан.

Монгол Улсын компаниудаас 2012 онд Дундад улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудаас ажилд авах сонгон шалгаруулалтад Хөххотоос тэнцэж Энержи Ресурс компанид ажилд орсон.  

Хөх Монголын тал нутгийн эгэл жирийн нэгэн хүү нь учраас сурч мэдсэн зүйлээ Монгол эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрээ улам бататгах зорилгоор 2015 оны 9 дүгээр сараас Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульдаа докторантурт дахин суралцахаар болсондоо баяртай байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа, танд аз жаргал хүсье!

Зохиогч: З.Алтан-Од
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл