
Өвөр Монголын шинэ Барга баруун хошууны Суртал ухуулгын албанаас санаачлан Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Хөгжимт драмын театруудтай хамтран зохион байгуулсан Дундад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой “Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” дууны тэмцээнийг мэргэжлийн бус дуулаачдын дунд хоёр үе шаттай 5 дугаар сараас эхлэн зарлаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шигшилтээ Дорнод аймгийн төв Чойбалсан хотын аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Тус тэмцээнд “Дэлхий ертөнц хайраар дүүрэн” дууг “QUEENS” хамтлаг, 12 дугаар сургуулийн сурагч Мөнхжаргал, “Эгшиглэн хамтлаг”-ийн “Ширээний найз” дууг 5 дугаар сургуулийн Бямбацогт зэрэг 7 сурагч, “Сар миний сэтгэлийг илэрхийлнэ” дууг 1 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч Хасархүүгийн Зулсар нар хятад, монгол хэлээр дуулж, дуундаа бүжиг дэглэж, хоёр гуравдугаар хоолойгоор өнгөлж, хятад үндэстний хувцсаар тэмцээний зорилгыг тодотгож чаджээ. Эхний шатанд 9 оролцогсод шалгарч дараагийн шатны шалгаруулалт гала концертод оролцох эрхээр шагнууллаа.

“Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” тэмцээний дараагийн шат нь 7 дугаар сард Өвөр Монголын ШББХ-ны Алтан-Эмээл сууринд болно.




