Уулзалтанд Монгол Улсын Энх тайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, БНДАУ-ын Энх тайван, зэвсэг хураахын төлөө нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тао Тао, ОХУ-ын Олон улсын энх тайвны холбооны Олон улсын хөтөлбөрийн зохицуулагч В.А.Петров нар өөрийн орны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.
Тэд уулзалтын гол сэдэв болон гурван орны хамтын ажиллагаа, нэн ялангуяа БНДАУ-ын санаачилсан "Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах", Монгол Улсын дэвшүүлсэн "Тал нутгийн зам", ОХУ-ын дэвшүүлсэн " Европ Азийн эдийн засгийн холбоо байгуулах" санаачилгуудыг хэрхэн холбох асуудлаар өөр өөрийн санал бодол, байр суурыг илэрхийлсэн юм. Мөн "Олон улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс, БНДАУ, ОХУ-ын гүйцэтгэх үүрэг", "Бүх нийтийн гэрэлт энх тайван руу хамтдаа", "Энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийг хамтран хамгаалах","Монгол Улс болон зүүн хойд Азийн аюулгүй байдал", "БНДАУ, Монгол Улс, ОХУ-ын аюулгүй байдал, хамтын ажиллагаа" зэрэг илтгэл тавьсан байна.
Гурван орны энэ уулзалтыг өнгөрсөн онд анх удаа БНДАУ-ын Ши-ань хотод зохион байгуулж, хоёрдох уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийхээр тохиролцсон байна. Харин гурав дахь уулзалтыг ирэх онд ОХУ-д хийх юм. Энэ уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар гурван тал харилцан тохиролцсон бөгөөд Казахстан улс ч энэ уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.




