solongonews
Залуучууд эрүүл хооллолтын зөв дадал зуршлыг бий болгов
2025-07-30 10:44
Залуучууд эрүүл хооллолтын зөв дадал зуршлыг бий болгов

Саяхан Бээжин хотын Чао Ян дүүргийн Хэ Шэнхүй худалдааны бүсэд бие сувилах үйл ажиллагаа боллоо. Бээжингийн Хятад уламжлалт анагаах ухаан болон Барууны эмнэлгийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Бээжингийн массажны эмнэлэг, Бээжингийн Жэн Жүнтан уламжлалт хятад анагаах ухааны эмнэлэг зэрэг 20 орчим эмнэлэг соруул, хятад эмчилгээний массаж зэрэг туршлагын хөтөлбөрүүдийг санал болгож, хятад эм, нойргүйдэл арилгах наалт, нохойн хошууны найрлагатай цай зэрэг эрүүл бүтээгдэхүүнүүдийг худалдаж, залуу хэрэглэгчдийн анхаарлыг татав.

Өнөө үед эрүүл мэнддээ анхаарах нь зөвхөн дунд болон өндөр настнуудын асуудал биш болж, залуучууд ч эрүүл мэнддээ илүү анхаарах болов. Эрүүл мэндийн хэрэглээний зах зээл яагаад залуу хэрэглэгчдийн анхаарлыг татах болсон бэ? Илүү олон хэрэглэгчдэд хүрэхийн тулд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрхэн өвөрмөц онцлогтой бөгөөд чанар сайтай болгох вэ?

Эрүүл хооллох хэрэгтэй байна

 Бээжингийн Чаоян дүүргийн нэгэн супермаркетад улаан чавгатай нохойн хошуутай ус, долоогоны хальстай ус гээд эрүүл мэндэд ашиг тустай төрөл бүрийн ундаанууд зарагдаж байв. Супермаркетуудын ажилтнууд сүүлийн хоёр жилд эрүүл мэндэд ашиг тустай ундааны төрөл зүйл нэмэгдэж борлуулалт нь ч нэмэгдсээр байна. Ялангуяа, залуу хэрэглэгчдийн дунд түгээмэл болсон байна гэж ярьж байлаа.

Шюй Менхань ихэвчлэн Кассиа үрийн орц найрлагатай ундааг худалдаж авдаг.

- Би ихэвчлэн удаан хугацаагаар компьютер ашигладаг болохоор нүд их ядардаг. Кассиагийн үрийг нүдэнд тустай гэж сонссон болохоор байнга авдаг гэж хэллээ.

Орчин үеийн амьдрал, ажлын ачаалал ихтэйгээс болж залуучуудын эрүүл мэндэд асуудал үүссэн нь хүмүүст өдөр тутмын эрүүл мэнддээ анхаарахын ач холбогдлыг улам бүр ойлгуулж байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн  И Шаохуа: 

- Эрүүл мэндийн ус, хөнгөн хоололт зэрэг аахар шаахар хүнсний бүтээгдэхүүнүүд гарч ирснээр зах зээлийн нийлүүлэлтийн цоорхой орон зайг нөхөж, залуу хэрэглэгчдийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж байна.

Залуучуудын эрүүл мэндийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь йлдвэрлэгчдэд зах зээлийн шинэ боломж олгосон юм.

Наньжин хотын Гүөзишүлэ Хүнсний ХХК 2024 оны 10-р сард  "Ургамлын гаралтай аэробик ундаа"-г үйлдвэрлэж эхэлсэн.

- Энэхүү бүтээгдэхүүн одоогоор офлайн дэлгүүрүүдээр сайн борлуулагдаж буй бөгөөд залуу хэрэглэгчид их авч байна. Зах зээлд хийсэн судалгаагаар залуу хэрэглэгчдийн ундааны эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж, тэд илүү амттай, эрүүл, боломжийн үнэтэй ундааг хүсдэг гэж бид үзэж байна. Залуу хэрэглэгчид улаан буурцаг, хар будаа зэрэг орц найрлагатай ундаанд дуртай гэж тус брэндийн хариуцлагатай ажилтан хэллээ. Эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн түгээмэл болсон нь Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг залуучуудад таниулахад тустай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

- Эрүүл мэндэд ашигтай ундаа, хоол хүнс үйлдвэрлэхэд Хятад эмийн зарим материалыг ашигладаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд түгээмэл болж байгаагийн нэг шалтгаан нь Хятадын уламжлалт соёлыг залуучууд илүү хайрлаж, Хятадын анагаах ухааны "эм, хоол нэг гарал үүсэлтэй" гэсэн ойлголтыг илүү олон хүн ойлгож байгаа явдал юм. Эдгээр эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд ач тусаа өгч, бие бялдрыг чийрэгжүүлэн, өвчнийг бууруулахад тустай байдаг гэж Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Эмийн ургамал судалгааны хүрээлэнгийн дэд захирал Дүн Жэнчи хэлэв.

Нэрт брэндүүд шинэлэг зүйл эрэлхийлж байна

Төрөл бүрийн шинэ брэндүүд эрүүл мэндийн зах зээлд өрсөлдөж буй ч Хятадын уламжлалт анагаах ухааны салбарын нэрт брэндүүд мөн шинэлэг зүйл эрэлхийлж, залуу хэрэглэгчдийг татахын тулд бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээгээ байнга сайжруулж байна. 

Сүүлийн жилүүдэд Хятадын нэрт брэнд болох Түн Рэнь Тан нь "Жима эрүүл мэнд" хэмээх брэндийг бүтээж, эрүүл мэндийн салбарт өөрийгөө сайжруулан, хэрэглэгчдэд "нэрт брэнд + инновац" хэмээх хэрэглээний шинэ брэндийг бий болгоод байгаа юм.

Бээжингийн Чаоян дүүрэгт байрлах Түн Рэнь Тан Жима эрүүл мэндийн дэлгүүр залуучуудад зориулсан хоол, баар, кафе ажиллуулж байна. Баарны лангууны шилэн хоргонд "Шөнийн ус", "Өглөөний ус" нэртэй ундаа олон нийтийн сүлжээгээр цацагдаж олон хүнд хүрч байна.

Дэлгүүрийн менежер Жинь Тианьмэй:

- Түн Рэнь Тангийн уламжлалт хятад эмийг ихэвчлэн худалдан авахаар ирдэг дунд болон өндөр настай хэрэглэгчдээс ялгаатай нь залуу хэрэглэгчид ихэвчлэн эрүүл өглөөний цай уух, эсвэл аяга эрүүл ус юм уу ургамлын гаралтай кофе уух, амрах, ярилцах гэж ирдэг. Энэ бол илүү тайван хэрэглээний хэлбэр юм гэж хэллээ.

Дэлгүүрт хооллож байсан Шюй овогтон өмнө нь "шөнийн ус" хэмээх бүтээгдэхүүний талаар сонсож байснаа сонирхуулсан юм.

- Би туршиж үзэхийн тулд өнөөдөр нэг шил худалдаж авлаа. Энэ нь хризантема, нохойн хошуу, чавга зэрэг найрлагатай, маш соргог амттай бөгөөд сүүтэй цай уухаас илүү эрүүл байх болно гэж би бодож байна. Би ихэвчлэн эрүүл мэнддээ анхаарч, Түн Рэнь Тан зэрэг алдартай брэндүүдэд итгэдэг. Хуучин брэнд эдгээр шинэ бүтээгдэхүүнийг гаргаж, хөгжүүлж буй нь маш бүтээлч зүйл гэж би бодож байна гэж хэллээ.

Жима эрүүл мэндийн брэнд нь цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээж байна. Жишээлбэл, Жима эрүүл мэндийн компанийн Ланьсэганвань дахь салбар дэлгүүр нь шинэлэг бүтээгдэхүүн борлуулахаас гадна, Хятадын уламжлалт эмийн материалыг борлуулах, Хятад анагаах ухааны зөвлөгөө өгөх зэрэг сонгодог үйлчилгээ үзүүлдэг.

Түн Рэнь Тан Жима эрүүл мэндийн брэндийн Маркетингийн захирал Лю Фэй:

- Өмнө нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг дунд болон ахмад настнууд голчлон хэрэглэж байсан бол одоо тус дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувийг 18-35 насны хэрэглэгчид эзэлж байна гэж танилцууллаа.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн өргөн боломжтой

Залуучуудын эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл тэмүүлэл нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах нь нэмэгдсээр байгаа тул эрүүл мэндийн салбар хөгжлийн өргөн боломжтой байна.

Хятадын Хэрэглэгчдийн нийгэмлэгээс өнгөрсөн онд нийтэлсэн "Эрүүл мэндийн салбарын хэрэглээний чиг хандлагын хөгжлийн тайлан"-д 2024 онд Хятадын эрүүл мэндийн томоохон салбарын нийт орлого есөн их наяд юаньд хүрэх төлөвтэй байгааг харуулсан байдаг. Судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн "Хятадын эрүүл мэндийн салбарын зах зээлийн шинжилгээ, хөгжлийн хэтийн төлөвийн тайланд 2030 он гэхэд Хятадын эрүүл мэндийн томоохон зах зээлийн цар хүрээ 1.6 их наяд юаниас давах төлөвтэй байгаа юм.

Саяхан ХКН-ын Төв Хорооны төв хороо, Төрийн Зөвлөл "Хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээний төлөвлөгөө" нийтэлж, "Эрүүл хэрэглээний тусгай арга хэмжээ" эхлүүлэн, эрүүл хэрэглээний зах зээлд бодлогын шинэ үр ашиг авчрах болно гэж дурдсан байна.

Дижитал технологи нь эрүүл хэрэглээг улам өргөжүүлж магадлалтай юм. 

И Шаохуагийн үзэж байгаагаар Эрүүл мэндийн хэрэглээний зах зээл өргөн цар хүрээтэй, олон янз байдаг. Үүнд: Эрүүл хоол хүнс, аахар шаахар идээ, ундаа зэргээс гадна дасгал хөдөлгөөн, массаж, эрүүл мэндийн хичээл зэрэг багтдаг гэж сонирхууллаа.

Эрүүл мэндийн хэрэглээний зах зээлийн менежмент ч илүү стандартчилагдана.

"Эрүүл мэндийн салбарын хэрэглээний чиг хандлагын хөгжлийн тайлан"-д эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үндсэн зарчмыг чанд баримтлахын тулд чанарын зөв удирдлагын тогтолцоог бий болгохыг зөвлөж байна. Түүхий эд худалдан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл хатуу хяналт шалгалт, хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстой. Бид орчин үеийн шинжлэх ухаан, технологийн арга хэрэгслийг ашиглан үйлдвэрлэлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулан, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж, чансаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд тууштай хүргэнэ.

И Шяохуа: 

- Хэрэглэгчдэд зах зээлийн эрүүл, сайн орчинг бүрдүүлэх нь салбарын холбогдох газруудын зохицуулалт, зааварчилгаатай салшгүй холбоотой. Үйлдвэрлэл, борлуулалтыг стандартчилахад компаниудад чиглүүлэхийн тулд "эрүүл" хүнсний бүтээгдэхүүний холбогдох стандартыг боловсруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд чанарын доголдол гарахгүй байх, зах зээлийн эмх цэгцийг алдагдуулахгүй байх ёстой гэж хэлэв.

Хэрэглэгчийн үүднээс авч үзвэл залуу хэрэглэгчдийн шинэ шаардлага нь холбогдох салбарын бүтээгдэхүүнээ сайжруулахад түлхэц өгнө.  Одоогийн залуу хэрэглэгчдийн дунд "мэргэжлийн хэрэглэгчид" нэмэгдэж "орц найрлага"-ыг нь шалгах хүн олширч байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авахдаа тэд "найрлагын жагсаалт”-ыг хардаг. Хүнсний тэжээллэг чанар, үйлдвэрлэлийн ур чадварыг илүү анхаардаг. Зарим залуу хэрэглэгчид олон нийтийн сүлжээнээс эрүүл хүнсний бүтээгдэхүүний орц найрлагын талаарх мэдээллийг олж аваад зогсохгүй нэр хүндтэй сэтгүүлийн нийтлэлүүдийг ч уншдаг болжээ. Ийм өндөр стандарт нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнсний салбарын үйлдвэрлэгчдэд илүү өндөр шаардлага тавьж, компаниуд илүү өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тасралтгүй шинэчлэгдэж байна.

 

 

 

 

Зохиогч: Нийтлэл: ЛИ ЖЭНЬ ГҮӨ ХАНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл