Архитай холбоотой нэг заншил нь сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар 2, 3 удаа өргөнө. 3 удаа өргөдгийн учир нь:
-Хөх тэнгэр амгалан байг
-Хөрст дэлхий амгалан байг
-Хүн амьтан амгалан байг гэсэн утгатай.

Тэгвэл яахаараа заавал Ядам хуруугаар өргөдөг юм бэ гэхээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр байдгаас тэр юм. Яагаад тэр хурууг “ядам хуруу” гэж нэрлэдэг юм гэвэл бас үлгэртэй ээ...
Монголын нөлөө бүхий том ноёдыг манжийн хаан урьжээ. Урихдаа Чингисийн удмын дээд ноёдыг устгая гэсэн далд санаатай байсан юмсанж. Том хүлээн авалт хийж бүгдэд нь эрдэнийн хаш хундагатай архи барьжээ. Тэр нь бүгд хортой байж. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ:
Дээдсийг дагаж ирснийх юу билээ, би нэг хүртчихье гээд хундагаа тосжээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөтөл хуруу нь хувхай цайж мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ингэж Монголын ноёдыг аварсан Ядам түшмэлийн нэрээр нэрлэсэн юм гэдэг домог яриа байдаг.
